Ж.Ганбаатар гишүүн өөрийн гүтгэж байгаа асуудалд тайлбар өглөө
Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, хуучнаар “Автобус-3” НӨҮГ-ын барилга байгууламжийн өмчлөлтэй холбоотой буруу ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаж, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг гүтгэж байгаа асуудал гарсан. Үүнд гишүүн тайлбар өглөө.
НИТХ-ын 2015 оны 24/05 дугаар тогтоол, Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2020 оны 05 дугаар тогтоолоор тус барилга байгууламжийг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн байдаг. Анхны дуудлага худалдаа 2015 онд зарлагдсанаас хойш 2020 оныг хүртэл 30 гаруй удаа дуудлага худалдаа зарлагдсан боловч худалдаалагдаагүй, авах эзэн олдоогүй барилгыг Ж.Ганбаатар гишүүний үүсгэн байгуулсан компани оролцож, хувьчилж авсан. Дуудлага худалдаанд 5 аж ахуйн нэгж оролцож, 15.8 тэрбумаас дуудаж эхэлснээс 20 тэрбум төгрөгөөр барилгыг худалдан авсан байдаг.
Бид энэ обьектыг хэн нэгнийг луйвардаж, төрөөс хулгайлж, ямар нэг банк дампууруулж олж авсан мөнгөөр аваагүй, чин шударга хөдөлмөрийнхөө үр дүнгээр олсон мөнгөөрөө авсан гэдгийг Ж. Ганбаатар гишүүн тайлбарласан юм. Мөнгө төлөгдөж обьектыг хүлээлцэх болсноос хойш бүтэн 1 жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд Автобус-3 компаниас удаа дараа гаргасан хүсэлтийн дагуу эхлээд 2 сар, дахин 3 сар, дахиад 3 сар гэх мэтээр нийт 10 сар хүлээсэн гэж гишүүний үүсгэн байгуулсан компанийн удирдлагууд тайлбарлаж байгаа юм байна.
20 тэрбум төгрөгийн хагасд ч хүрэхгүй хөрөнгөөр энэ хүмүүсийн асуудлыг шийдвэрлэж, ажиллах нөхцлийг хангах боломжтой. Гэтэл анх барилгыг худалдахаар шийдвэрлэсэнээс хойш 5 жил, худалдсанаас хойш 1 жилийн хугацаа өнгөрч байхад ямар ч арга хэмжээ авалгүйгээр ажилтнуудыг нь ингэж бухимдуулж, чирэгдүүлж, нийгэмд буруу ойлголт төрүүлэхэд хүргэж байгаад харамсаж байна гэдгийг гишүүн хэллээ.
Төрийн байгууллага гаргасан шийдвэрийнхээ үр дагаварыг хариуцдаггүй, ийм байдалтай байх юм бол хэн төрд итгэж дуудлага худалдаанд оролцож, төрийг дэмжиж ажиллах вэ?
Төсөвт төлсөн 20 тэрбум төгрөг хаачсан бэ, яагаад энэ хүмүүсийн ажиллах нөхцлийг хангах талаар нэг ч дорвитой арга хэмжээ авахгүй байгаа вэ гэдгийг биднээс биш, хариуцсан албан тушаалтнуудаас асуух ёстой байх.
Энэ бол менежментийн гэрээгээр хийгдэж байгаа асуудал биш, хэн нэгэн даргын үзэмжээр шийдэгдсэн асуудал ч биш. Энэ бол нээлттэй дуудлага худалдаа. Мөнгөө төлж, өмчлөх гэрчилгээгээ авсан өмчлөгч нь обьектоо эзэшилдээ авах гэж жил гаруй хүлээж байгаа асуудал гэдгийг сэтгүүлч нарт Ж.Ганбаатар гишүүн тайлбарлалаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn