О.Чулуунбат: 100 хоногт эдийн засаг бүү хэл байшингаа ч засч амжсангүй
Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбаттай ярилцлаа.
-Өнөөдөр валютын ханш 1900-д хүрчихлээ. 2000 төгрөгт хүрэхэд ойрхон байна. Эдийн засгийн хөгжлийн яамнаас валютын чангарлын эсрэг яаж ажиллах вэ. 2000 төгрөгт хүргэхгүй байх ямар гарц байна вэ?
-Ханш өөрөө эдийн засгийг тодорхойлогч барометр. Манай эдийн засаг сульдаа байгааг харуулж байгаа гол үзүүлэлт. Гадаадын хөрөнгө оруулалт их хэмжээгээр багаслаа. Өнгөрсөн жил их хэмжээгээр багассан. Энэ жил түүнээс ч илүү ихээр багаслаа.
Гадны хөрөнгө оруулалт манайх руу ирэхгүй байна. Үүнээс болоод дотоодын худалдан авах чадвар багассан. Худалдан авах чадвар багасахаар ханш тогтворжино гэдэг бас худлаа. Ханш сулардагаараа суларч байна. Дээрээс нь манайх “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөр маш их төгрөг гаргасан. Уг нь гадагшаа гарч байгаа төгрөг бүр ар талдаа баталгаажсан байх ёстой.
Доллар эсвэл алт, Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн бүр баталгаажих ёстой. Гэвч ийм баталгаа алга. Энэ хөтөлбөрт зориулж их наяд төгрөг гаргасан. Энэ нь эргээд ханш суларахад их, багаар нөлөөлж байх шиг байна. Цаашид энэ их төгрөгийг шингээх үү. Яах вэ.
Төрийн нэгдсэн бодлого хэрэгтэй. Эсвэл гаднаас их хэмжээний доллар орж ирвэл төгрөгийг баталгаажуулж, ханшийг тогтворжуулж магадгүй. Ер нь энэ бол дэлхийн зах зээл дээр болж байдаг процесс. Бусад орнуудад мөнгө ихээр нийлүүлэх эсвэл хөрөнгө оруулалтаа багасгасан үед ийм явдал тохиолдож л байсан. Үүнээс бид сургамж авах ёстой. Суралцах хэрэгтэй.
-Доллар орж ирвэл ханш буурна гэж байна. Тэгвэл валют орж ирэх магадлал байна уу?
-Сүүлийн жилүүдэд доллар оруулж ирүүлэхийн төлөө ажиллалаа. Одоо ч ажиллаж байна. УИХ-ын гишүүд арай гэж Хөрөнгө оруулалтын хуулийг баталсан. Дээрээс нь Ашигт малтмалын тухай хууль, Байгалийн хий, газрын тосны хууль батлагдлаа. Хууль, эрх зүйн орчноос гадна Ерөнхийлөгчийн санаачилсан “Ухаалаг төр” хөтөлбөр хөрөнгө оруулалт орж ирэхэд нөлөөлөх чухал зүйл.
Өнөөдөр төр маань хөрөнгө оруулалтад саад тодгор хийдэг гол механизм нь болчихоод байна. Дээд, дунд, доод шатны төрийн түшмэлүүд лиценз, зөвшөөрлийг хүлээлгэдэг эсвэл шалтгаангүйгээр удааж байна. Эсвэл шан харамж нэхнэ. Гадаад болоод дотоодын хөрөнгө оруулагчдын гомдоллож байгаа гол сэдэв нь энэ. Үүнийг өөрчлөх ёстой. Ахиц гаргах хэрэгтэй.
-Монголбанк хүүгийн бодлогоо өсгөснөөр валют чангарч, эдийн засаг улам хямарлаа гэж тайлбарлах хүн байна?
-Мэдэхгүй юм. Би өөрөө Монголбанкинд олон жил ажилласан хүн. Монгол өөрөө жижигхэн зах зээлтэй. Зах дээр байгаа нийт мөнгө нь жижигхэн. Ийм зах зээлд хүүгийн бодлого нөлөө үзүүлдэггүй. 10 жилийн өмнө ч тийм байсан. Харин валютын савалгаанд нөлөө үзүүлдэг зүйл бол ханшийн бодлого. Ханшиндаа илүү анхаарах нь чухал.
-“ЭЗЭН-100” хөтөлбөрийн үр дүнг та юу гэж харж байна вэ. Дүгнэх цаг тун ойртож байна. Үр дүнтэй хөтөлбөр байж чадсан уу?
-Эдийн засгийг эрүүлжүүлэх, уналтыг зогсооно гэдэг өөрөө маш том ажил. Удаан хугацаанд хэрэгжих, үргэлжлэх ажил. Түүнээс 100 хоногийн дотор өргөс авсан мэт өөрчлөгдөхгүй, эдгэрэхгүй. Миний хувьд 100 хоногт улсын эдийн засаг байтугай зуслангийхаа байшинг засч амжихгүй байна. Энэ утгаараа хугацаа давчуу байгаа биз.
Цаашид эдийн засгаа сэргээхийн тулд хууль эрх зүйн орчин, бизнес хөрөнгө оруулалтын орчинг таатай болгох ёстой. Тэр дундаа саад тотгоруудаа арилгая. Хүнд сурталаа арилгая. Төр, засаг нь бизнест хутгалдахаа болъё. Төр, засгийнхан бизнест оролцох тусам эдийн засгаа унагааж байна. Яагаад гэвэл төр, засаг оролцоно гэдэг дарга нар нь хувийн бизнест хутгалдахын нэг үндэс юм.
-“Оюутолгой” төслийн хоёрдугаар хөрөнгө оруулалт орж ирэх асуудал ямар шатандаа байна. Гэрээ хэлэлцээр амжилттай болох юм уу. Саяхан Канадын Гадаад хэргийн сайд айлчлаад буцлаа. Нэгдсэн шийдвэрт хүрч чадав уу?
-Өө, яах вэ. Явж л байна. Мэдээж аль болохоор хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг эхлүүлэхээр хичээж байна. Гэхдээ зарим асуудал хойшлогдсон хэвээр байна. Жишээ нь 106 лицензтэй холбоотой асуудал хойшлогдсон.
-Аль талаас нь хойшлуулаад байгаа юм бэ. Манайхаас уу?
-Аль, аль нь хойшилж байна.
-“Оюутолгой”-гоос гадна хөрөнгө оруулалтыг даллах өөр ямар төсөл хөтөлбөр байх юм?
-Тийм төсөл чинь Монголоор дүүрэн байна. Гагцхүү лиценз өгдөггүй, хүнд сурталтай төрийн түшмэдээс болж төслүүд хэрэгжиж чадахгүй байна. Миний мэдэхэд 140 төсөл хөдөлж чадахгүй байна.
-Улсын төсөв хэдий хэмжээгээр алдагдалтай байна?
-Энэ жил орлого дутуу яваа. Үүнийг нөхөх арга байхгүй. Цаашид энэ алдагдлыг дагаад төсвийн хөрөнгө оруулалтын олон төсөл, бүтээн байгуулалтын ажлууд хойшлогдоно. Муу ёрлож байгаа юм биш. Тэгж таарахаар байна.
-Хэдий хэмжээний алдагдалтай байгаа гэж?
-25-30 хувь.
-Өмнөх онтой харьцуулахад уу?
-Тийм.
-Та Ерөнхийлөгчтэй хамт Япон улсад Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт оролцоод ирсэн. Түншлэлийн үр дүнг юу гэж харж байна. Япончууд хэзээнээс хамтарч ажиллах бол?
-Бидний гол зорилго бол хөрөнгө оруулалт авах гэсэн хүсэл. Түүнээс биш япончуудтай худалдаа хийе гэсэн зорилго агуулаагүй. Тэгээд ч Японтой худалдаа хийх төвшинд манайх очоогүй байна. Энэ гэрээг байгуулснаар хөрөнгө оруулалт орж ирэх үндэс тавигдлаа.
Тодруулбал, гадаадын хөрөнгө оруулагч нар манайд хөрөнгө оруулаад Японы зах зээл рүү гаргах сонирхол ихэснэ. Япончууд манай түүхий эдээр бүтээгдэхүүн хийгээд Орос, Хятадын болоод бусад зах руу гаргах сонирхол бүрдэнэ. Энэ утгаараа Монголд хэрэгтэй, ашигтай гэрээ. Мэдээж хоёр улсын харилцаа улам сайжирна.
Цаашдаа манай хоёр улс нэгдсэн хөдөлмөрийн захтай болох нь дамжиггүй. Японы ажлын болон ур чадварын шаардлага хангасан хүн тэнд очиж ажиллаж болно. Гагцхүү монголчууд бид тэр зах зээл дээр очиж ажиллахын тулд өөрсдийгөө бэлдэх хэрэгтэй. Гэхдээ нөгөөх бэлэнчлэх сэтгэлгээгээрээ төр, засаг бэлдээд өгнө гэж ойлгож болохгүй. Хүн бүр өөрсдөө чармайх хэрэгтэй.