О.Чулуунбат: Төр томрох нь манай эдийн засгийн том хавдарын нэг
Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбаттай ярилцлаа.
-Компанийн хууль эрх зүйн орчин олон улсын жишигт хүрсэн гэдгийг салбарын экспертүүд хүлээн зөвшөөрсөн. Энэ нь ч засаглалаараа ТОП гэх жагсаалтад ордог компаниудын жишээнээс тод харагдана. Та санал нийлж байна уу?
Манай улсад компанийн засаглал их муу байсан. Тийм болохоор цэнхэр, ягаан тасалбар буруугаар ашиглагдсан. Манайд жижиг хувьцаа эзэмшигчдийг тоодоггүй, хуралдаа оруулдаггүй явдал их байсаар ирсэн. Мөн ногдол ашиг өгдөггүй, асуудал тавих эрх байхгүй гэх мэт. Энэ байдал сүүлийн хэдэн жил тодорхой хэмжээнд өөрчлөгдөж байх шиг байна. Хэдийгээр хууль эрх зүйн орчин баталгаажсан ч хэрэгжүүлэх шатандаа явж өгөхгүй байгаа юм.
Жишээлбэл компани аж ахуй нэгжид Засгийн газраас зөвшөөрөл, эрх тусгай лиценз олгочихлоо гэхэд дараагийн засгийн газар гарч ирээд зөвшөөрлийг нь цуцалж хүчингүй болгочихдог.
Гэтэл тэр компани өч төчнөөн хөрөнгө оруулалт хийчихсэн, бизнес төлөвлөгөө гаргачихсан ажил явуулж байхад засгийн газраас болоод ажлаа алддаг. Хэрвээ компанийн засаглал сайтай газар ийм явдал болохгүй. Ер нь засгийн газар болон компани хоёрын хоорондын харилцааг авч үзвэл яг адилхан л эрхтэй байх ёстой.
Нэг нь лиценз, зөвшөөрлийг хүчингүй болгох эрхгүй. Дараа нь хохирол учруулчихдаг ямар ч барагдуулах арга хэмжээ авдаггүй шүү дээ.
-Олон улсын санхүүгийн корпорацийнхан манай топ 20 компанийг үнэлэхэд 25 хувь буюу маш доогуур үнэлсэн. Учир нь хөрөнгөө зөвхөн өөртөө атгах хүсэлтэй хувь нийлүүлэгчид жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ эрхийг зөрчсөөр л байгаа юм. Яах вэ.
Хэрэгжилтийн зохицуулалт их сул байгаатай холбоотой. Хууль гарсаны дараа манай яам, тамгийн газрууд, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж зэрэг газрууд бүгд өөр өөрсдийн зохицуулалтаараа хуулиа сулруулдаг. Чухам ийм л учраас компанийн засаглал дэлхийн стандартын хэмжээнд хөгжиж чадахгүй байгаа юм. Тэр ч утгаараа гадныхан манай хөрөнгийн биржээр дамжуулаад нээлттэй компаниудын хувьцааг авах, хөрөнгө оруулах сонирхол нь бага байдаг.
-Монголчууд өөрийнхөө хөрөнгөнд бусдын эрх мэдлийг оруулахыг хүсэхгүй хэвээр байна. ТӨК-ийн хувьд хараат бус ТУЗ ажиллах ёстой. Санхүүгийн ил тод байдлаар ажиллаж чадаж байна уу.
Яаж чадах вэ. Төрийн өмчит компаниуд дээр дандаа төрийн албан хаагчид очиж байгаа. Тэд цалин авахын тулд, ямар нэгэн бараа шахахын тулд үйл ажиллагаа явуулдаг. Бид энэ үйл ажиллагааг хорин жилийн турш тэвчээртэй харлаа. Тиймээс одоо төрийн өмч гэдгээ больё.
Олон нийтийн өмч болгоё.
-Эдийн засаг хөгжлийн яамны зүгээс энэ тал дээр ямар ажил хийж байгаа вэ. Төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулахад ямар ажил хийдэг вэ?
Хувийн менежментийг оруулах хэрэгтэй. Харин төр хянах ёстой. Ашгаа өндөр байлга, зардлаа багасга гэх мэт шаардлагыг тавина. Түүнээс биш ямар нэгэн авилгал авч, бараа шахсаар байж болохгүй. Тухайлбал хамгийн том Эрдэнэт үйлдвэрийг олон нийтийн өмч болгоё, хувьчилья гээд асуудал тавьсан. Гэтэл маш их эсэргүүцэлтэй нүүр тулгарсан. Учир нь тус үйлдвэрт төрийн шинэ дарга нар, дунд шатны дарга нар очсон учир хувьчлах асуудлыг дараагийн сонгууль хүртэл хойшлуулсан. Яг ийм маягаар хорин жил болчихлоо. Гэтэл сөрөг хүчин байхдаа шахаа байх ёсгүй, мэргэжлийн хүн байх ёстой гэж ярьж ярьчихаад өөрсдөө оронгуутаа дөрвөн жил хойшлуулж байгаа юм.
-Үүнийг яаж өөрчлөх вэ?
Эдийн засаг маш муу байдалд очиж байж маш том хувьсгал гардаг. Ингэж байж том өөрчлөлт гарна. Украйны хувьсгал бас үүнтэй холбоотой. Сонгуулиас сонгуулийн хооронд хэдэн тооны олигархиуд бизнес хийсээр байгаад уналаа шүү дээ. Хэрвээ манай улс энэ чигээрээ байвал хөгжихгүй, улам муу хэмжээнд очно.
Энэ тогтолцоогоо өөрчлөхгүй бол болохгүй. Төрийнхөн бизнес хийгээд байвал адилхан байдалд очно.
-Гэхдээ Төрийн өмчийн хорооноос компанийн засаглалыг хөгжүүлэх чиглэлээр нэлээдгүй ажил хийсний эцэст, жишээ нь өнгөрсөн жил гэхэд МИАТ компани ашигтай ажилласан гэсэн?
Тийм ээ. Би хорь гаруй жилийн түүхийг нь их сайн мэднэ. Их хуралд байхдаа ч ярьдаг байсан. Төр томрох нь манай эдийн засгийн том хавдар өвчнүүдийн нэг. Төрийг ухаалаг болгоно гэж байгаа ч томроод л байна.
-Засаглалыг хэрэгжүүлэхгүй байх нь хэнд ашигтай вэ?
Төрийн түшмэдүүдэд ашигтай. Ялангуяа дунд шатны дарга нарт ашигтай. Тэд цалин авна, бараагаа шахна. Шан харамж авна. Тусгай эрх эдэлнэ.
Ярилцсанд баярлалаа.