Г.Түмэнжаргал: Нийслэлийн 204 мянган өрх орон сууц авахыг хүсч байна
Барилгын үндэсний ассоциацийн судалгаанаас харахад иргэд нэг биш хоёр өрөө байр худалдан авах нь ихэсчээ.
Энэ талаар тус ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргалтай ярилцлаа.
-Танай судалгаанаас харахад иргэдийн дийлэнх нь 1 мкв талбай нь 1,8 сая төгрөг хүртэлх орон сууцыг худалдан авах чадвартай гэжээ. Ямар учраас гэдгийг та бидэнд тайлбарлаж өгнө үү?
Монгол улсын хүн амын орон сууцны эрэлт нийлүүлэлтийн судалгааг орон даяар хийгээд дуусч байна. Харин одоо БХБЯ-ны захиалгаар 11 онцгой сумдын өрхийг судалж байгаа. Энэ судалгааны нэгдсэн дүн гарахаар зөвлөмж гарна.
Орон сууцны 1 мкв нь зах зээл дээр 1,5-1,8 сая төгрөгийн үнэтэй байгаа нь иргэдийн худалдан авах чадварт нөлөөлж байгаа юм. 1,8 сая төгрөгөөс доош өртөгтэйг хямд үнэтэйд тооцож оруулсан.
-Эрэлт нийлүүлэлтийн зөрүү асар их байна. Барилгын компаниуд зах зээлээ тооцохгүй байх шиг?
Бидний судалгаанаас үндэслээд компаниуд, яамдууд ажлаа төлөвлөх байх. Ер нь Улаанбаатар хотын хэмжээнд 204 мянган өрх орон сууц авахыг хүсч байгаагаас 30 хувь нь орон сууц худалдаж авах бодит чадамжтай байгаа.
Зах зээл дээр 1,8 сая төгрөг хүртэлх өртөгтэй орон сууц 40 хувийг эзэлж байгаа нь эрэлт нийлүүлэлт зөрүүтэйг байгааг харуулж байгаа юм. Өрөөний тоогоор үзэхэд иргэд хоёр өрөө байрыг илүүтэй сонирхож байхад барилгын компаниуд дийлэнхдээ нэг өрөө байрыг төлөвлөчихсөн байна.