НИТХ-ын дарга Д.Баттулгын хариулт
НИТХ-ын дарга Д.Баттулгын хариулт
2014.05.05

НИТХ-ын дарга Д.Баттулгын хариулт

"Time.mn" сайтын 5 асуултад ИТХ-ын дарга Д.Баттулга хариуллаа.

Нийслэлийн орон сууцны корпораци /НОСК/ хэзээнээс албан ёсоор ажлаа эхлүүлэх вэ. Эхний ээлжийн бүтээн байгуулалтыг цаг хугацааны хувьд хэдийгээр барьж барьж эхлэх вэ?

-НИТХ-ын өргөтгөсөн хуралдаанаар хөтөлбөрөө хэлэлцүүлээд, энэ тавдугаар сард бүртгэлийн ажлаа эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд 180 мянга гаруй орон сууцны хэрэгцээ үүсээд байгаа тухай судалгаа бий. Жилд 15 мянга орчим орон сууц ашиглалтад ордог боловч нийт хэрэгцээний 10 хувийг хангадаг.

Харин орон сууцтай болохыг хүссэн иргэдийн 80 орчим хувь нь банкны 30 хувийн урьдчилгааг төлж орон сууцанд орох боломжгүй байгаа юм. Тэгвэл Э.Бат-Үүл даргын танилцуулсан НОСК байгуулах хөтөлбөр нь банкны урьдчилгааг нэг дор төлөх эдийн засгийн чадавхгүй иргэдэд зориулагдсанаараа ихээхэн ач холбогдолтой.  Сар бүр цалингийн орлогоосоо 25-30 хувийг орон сууцны хуримтлалын санд төвлөрүүлэх замаар 3-5 жилийн хугацаанд орон сууцтай болгох нөхцөлийг бүрдүүлэх юм.

-Нийслэлийн орон сууцны корпорацийн /НОСК/ тухайд Төрийн орон сууцны корпорациас /ТОСК/ ялгагдах ялгаа, онцлогийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Хэдийгээр энэ хоёр байгууллагын зорилго нэг ч, иргэдэд сонголт өгч байна. Хэрвээ та хурдан орон сууцанд ормоор байвал ТОСК-аар дамжуулан 30 хувийн урьдчилгаа өгөөд хамрагдаж болно. Харин цалингаас өөр орлого алга гэвэл сар бүр цалингийнхаа 25-30 хувийг нь орон сууцны хуримтлалын санд хуримтлуулан 3-5 жилийн дараа өөрийн гэсэн байртай болох юм.

Өнөөдөр Улаанбаатар хотод жилд 180 мянган орон сууцны хэрэгцээ үүсдэг ч, дөнгөж 15 мянган орон сууцыг л нийлүүлдэг. Өөрөөр хэлбэл, нийт хэрэгцээний 10 орчим хувийг хангадаг гэсэн үг. Энэ их эрэлтийг хувийн хэвшлийнхэн болон ТОСК хэдхэн жилд хангаж дийлэхээргүй байна. Энэ байгууллага ганц нийслэл гэлтгүй хөдөө орон нутагт ч орон сууц барих ёстой шүү дээ.

Нөгөөтэйгүүр, Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн судалгааны институтийн судалгаагаар орон сууцтай болохыг хүссэн иргэдийн 80 орчим хувь нь урьдчилгаагаа шууд төлөх боломжгүй байна гэсэн дүн гарсан. НОСК-ийн төрийнхөөс ялгарах нэг онцлог нь ажил эрхэлдэг хүн бүхнийг орон сууцаар хангах явдал юм.

-Цаашид НОСК-ийн тусламжтайгаар баригдах томоохон орон сууцны хорооллуудын байршил болон газрыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

-Нийслэл өөрийн өмчийн газраа орон сууцны хорооллуудыг барихаар төлөвлөж байгаа. Тухайлбал, Буянт-Ухаа спорт цогцолборын хойд талд 959, Морингийн даваа орчимд 10376, Баянголын аманд 684, хотын шинэ төв орчимд 7584, Био-Сонгинод 2837, Улиастайн аманд 4041 айлын орон сууцны хороолол барих боломжтой байгаа юм. Эдгээр байршлуудын зам, дулаан зэрэг дэд бүтцийг шийдэж өгөхөөс гадна, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, худалдааны төв гэх мэт нийгмийн асуудлыг ч шийднэ

-Тухайн иргэн сар бүр НОСК-ийн санд 100 мянган төгрөг хуримтлуулаад таван жилийн дараа гэхэд байрныхаа үл хөдлөхийн гэрчилгээг өөрийн болгож авах боломжтой талаар Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хэлсэн. Үүнээс гарах эрсдэлийг хэрхэн тооцоолсон бэ? Өөрөөр хэлбэл НОСК дампуурахгүй гэсэн баталгааг хаанаас гаргаж өгөх вэ?

-Урьдчилгаа төлөх хугацаа заавал таван жил биш. НОСК-иас байр захиалсан тухайн хүний нэрийн дансандаа төвлөрүүлж буй мөнгөний хэмжээ л чухал. Жишээ нь, 53 м2 байр захиалчихаад сард 450 мянган төгрөг төлөөд явах юм бол гурван жилийн дараа байрандаа орно гэсэн үг. Мэдээж, энэ эрсдлийг тооцолгүй яахав. Бид АНУ-ын Денверт ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдтэй уулзаад энэ хөтөлбөрөө танилцуулахад бүгд 100 хувь дэмжиж байсан. Байрны төлөө гадаадад ажиллаж буй иргэдийнхээ орлогыг эх оронд нь хэрэгтэй зүйлд нь татахын тулд энэ хөтөлбөр хэрэгтэй.

Нэг хүн сард 300 ам.доллар эх орон руугаа явуулбал жилдээ хэдэн ам.доллар хуримтлагдах уу. Гадаадын олон улс оронд ажиллаж, амьдарч буй иргэдийнхээ хэргийг одоо л гаргах нь байна шүү дээ. Түүнчлэн хот жилдээ таван тэрбумын төсөв баталдаг, 400 мянга га газрыг хамарсан бодлого, шийдвэр гаргадаг. Хөтөлбөрт хамрагдах иргэний нэр дээр сан байгуулчих учраас мөнгийг нь завшина, НОСК дампуурна  гэсэн ойлголт байхгүй.

-Ирэх арван таван жилийн хугацаанд тус корпораци нийслэлд 200 мянган айлын орон сууц барьж ашиглалтад оруулах боломжтой гэж үзсэн байсан. Энэ үнэхээр бодит биелэлээ олох уу?

-НОСК эхний жилд 20 мянган орон сууцны захиалга авч 50 тэрбум төгрөг төвлөрүүлэх тооцоотой байгаа. Ингэснээр эхний жилийн санхүүжилтээр хоёр хорооллын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх боломжтой. Хэрэв та сард 330 мянган төгрөгийн цалин авдаг бол 30 хувь буюу 100 мянган төгрөгийг хуримтлалын санд төвлөрүүлээд байвал таван жилийн дараа 25 ам.метр тайлбай бүхий орон  сууцтай болно гэсэн үг.

Тэгвэл 767 мянган төгрөгийн цалинтай байвал сард 230 мянган төгрөг хуримтлалын санд хийвэл дөрвөн жилийн дараа 36 метр квадрат байртай болох боломжтой. Уг хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд Улиастайн ам, Баянголын ам, Хотын шинэ төв, Яармагийн спорт цогцолборын хойд талд, Морингийн давааны орчимд, Био Сонгино зэрэг зургаан байршилд  орон сууц барихаар төлөвлөсөн байгаа. Энэ маягаар орон сууцны томоохон хорооллуудыг барих ажил амжилттай хэрэгжвэл 2030 он гэхэд НОСК 200 мянган айлын орон сууц барьж ашиглалтад оруулах бүрэн боломжтой.