Г.Түмэнжаргал: Барилгынхан энэ жил хөрөнгө оруулалтаа татах шинжтэй байна
Орон сууцны өнөөгийн зах зээлийн талаар Монголын барилгын үндэсний ассоциацын дэд захирал Г. Түмэнжаргалаас тодрууллаа.
-Орон сууц бол үл хөдлөх хөрөнгө. Тийм болохоор үнэ нь хэзээд өсөж байх ёстой. Гэтэл манайд орон сууцны үнийг хямдруулъя гэж яриад байгаа. Жишээ нь, нэг иргэн яаж ийж байгаад хоёр өрөө байр худалдаад авчихлаа гэж бодоход орон сууцны үнэ цэнэ буураад байвал ямар байх вэ.
Орон сууц худалдан авсны дараа үнэ нь өсөж байх ёстой. Харин орон сууц аваагүй, авч чадахгүй байгаа хүмүүст зориулж, төр, засаг тэтгэлэг, татаас өгөх ёстой. Тиймээс иргэдийн худалдан авах чадварт нийцсэн орон сууцны стратеги боловсруулж гаргах ёстой. Үүнийг гаргахын тулд манайх БХБЯ-тай хамтран орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн судалгаа хийж байгаа.
Судалгаагаар орон сууц авахыг хүсэж байгаа хүмүүсийн 20 хувь нь орон сууц худалдан авах чадвартай байна гэсэн дүн гарсан. Үлдсэн 80 хувьд багтах иргэдийг хэрхэн худалдан авах чадвартай болгох, тэднийг ажилтай, орлоготой байлгах, эсвэл тэдэнд зориулсан орон сууц барих ажлыг төр хийх ёстой болохоос биш орон сууцны үнийг буулгана гэх нь буруу.
Орон сууцны үнэ өнгөрсөн жилийнхтэй адил байгаа.
Орон сууцны үнэ өнгөрсөн жилийнхтэй адил байгаа. Өсөөгүй, буураа ч үгүй. Уг нь бол өсөх ёстой байсан. Ам.долларын ханш 30 хувиар нэмэгдсэн. Манай барилгынхан долларын ханш өсөөгүй байхад барьсан барилгаа одоо зарж байгаа. Тэгэхээр одоохондоо үнэ өсөхгүй байгаа хэрэг. Ам.долларын ханш өссөний дараа буюу энэ жил орон сууцанд хөрөнгө оруулалт хийх, эсэхээ шийдэж чадахгүй байна. Учир нь маш их эрсдэл дагуулж мэднэ.
Банкууд ч барилгын салбарынханд зээл өгөхгүй байна. Ер нь барилгынхан энэ жилдээ хөрөнгө оруулалтаа татах шинжтэй байна. Зах зээл хямарсан, худалдан авагчид бараг байхгүй болсон. Цаашид найман хувийн хүүтэй зээлд хамрагдах хүн ч байхгүй болно. Томоохон компаниуд ялангуяа уул уурхайн компаниуд ажилчдаа халж, цомхотгоод эхэллээ. Үүний уршгаар дандаа зээлтэй иргэд ажилгүй болж байна. Ажилгүй болсон хүмүүс зээлээ төлж чадахгүй. Тэдэнд уул уурхайд ажиллаж байсан шиг нь өндөр цалин өгөх өөр салбар байхгүй. Энэ мэтээр улам л хүнд болно доо. 2016 он хүртэл эдийн засаг сэргэхгүй гэсэн таамаглал байгаа.