Э.Бат-Үүл: Зөвшөөрөлгүй барилга барьсан бол олон нийтэд зарлана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
2014.03.19

Э.Бат-Үүл: Зөвшөөрөлгүй барилга барьсан бол олон нийтэд зарлана

Хот тэлэхийн хэрээр барилгын салбар “цэцэглэж” байгаа. Гэхдээ энэ салбарыг тойрсон сөрөг мэдээлэл маш их. Барилгын салбарт хөдөлмөр аюулгүй байдлыг хангаагүйгээс болж, хүний ам эрсдсээр байгаа. Тэгвэл энэ талаар нийслэлээс ямар ажил хийж байгаа талаар Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлээс тодрууллаа.

-Барилгын салбартай холбоотойгоор хүний эрүүл мэндэд хохирол учруулах зэрэг сөрөг зүйл гарсаар байна. Тэгвэл нийслэлээс үүн дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Өнгөрсөн оны зургадугаар сард НИТХ-аар  хөдөлмөр аюулгүй байдлын журам гарсан. Үүгээр хэн хариуцлага хүлээх вэ  гэдэг нь их тодорхой болсон. Өмнө нь хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан инженер байлаа гэхэд түүнийг цаанаас нь шахаад даалгасан байх жишээний. Түүнд хөдөлмөр эрх үүргийн талаар харилцан танилцуулаагүй байх.

Тиймээс л хамгаалалт  муутайгаас болж осол эндэгдэл гардаг.  Харин үүнийг тодруулаад журамласан. Одоо цагдаа хууль хяналтын байгууллага хэргийн эзнийг олоход тодорхой болсон. Энэ чиглэлээр мэргэжлийн хяналтын байгууллагууд маш их сургалт хийсэн. Жишээ нь теникийн нөхцөл олгож болохгүй гэж байхад ар өврийн хаалгаар янз бүрийн байдлаар авсан зүйл байна. Жишээ нь, Оргил хотохны тэнд  бохирын шугамыг нарийн шугамаар тавьсан.

Үүнээс болж өдөрт таван сая төгрөг гаргаж бохир соруулахгүй бол болохгүй болоод байна. Тиймээс ийм дураараа загнасан  зүйлд хариуцлагыг  чанагтгана.

-Иргэдийн хувьд зөвшөөрөлгүй барилгад байр авч хохирох үзэгдэл сүүлийн үед нэмэгдэж байна. Үүнийг ямар байдлаар зохицуулах вэ?

“Ухаалаг Улаанбаатар” төслийг хэрэгжүүлнэ

-Ер нь мөнгөтэй л бол би дураараа аашилж болно гэдэг зүйл газар авч. Тэгэхээр бид удахгүй “Ухаалаг Улаанбаатар” төслийг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд анх удаа ухаалаг утасны апликшн авсан. Өөрөөр хэлбэл, тухайн баригдаж байгаа   барилга руу утасны камераа  харуулахад тус барилгын бүх мэдээлэл иргэнд  ирэх юм.

Дулаан цахилгаанаа авсан эсэх, гүйцэтгэч нь хэн, хэнийх вэ гэдийг тодруулаад гаргаж ирнэ. Барилгын компаниуд иргэдэд зөвшөөрөл аваагүй, дулаанаа аваагүй байр зарснаас болж захиргаа иргэдийн дунд маргаан үүсдэг. Тиймээс үүнээс сэргийлэхийн тулд энэ ажлыг хийнэ.

-2013 онд зөвшөөрөлгүй, зөрчилтэй  гэсэн хоёр ангилалд багтсан барилгы тоо 49 байсан бол энэ онд 19 болж буурсан байна. Зөрчилтэй ч бай зөвшөөрөлгүй ч бай барилгын ажлыг үргэлжлүүлэх нөхцөл олгоод байгаагийн  учир юу вэ. Үүнээс үүдэн барилгын компаниуд даварч хаа хамаагүй барилга бариж болно гэсэн хандлага үүсээд байна уу гэж харагдаж байх шиг?

-Нэг тал нь худлаа шаардаад нөгөө тал нь тохиролцоо хийсэн мэт үйл ажиллагаа явуулж  байдаг. Өмнө нь нийслэлд барилгын ажлыг хэрхэн эхлүүлэх, үргэлжлүүлэх, ямар байдлаар барилгын зөвшөөрөл олгох нь журамлагдаагүй явсан юм билээ. Тиймээс энэ талаар журам гаргаж байна.

Үүгээр зөвшөөрөлгүй барилга барьвал олон нийтэд зарлана. Түүнээс гадна банк санхүүгийн байгууллага тухайн зөвшөөрөлгүй барилгад зээл олгосон бол хохирлоо өөрсдөө барагдуулна гэсэн бичиг өгнө. Дээрээс нь техникийн нөхцөл олгохгүй.  Дулаан эрчим хүч цахилгаан бүгдийг таслана. Зөвхөн цагдаатайгаа очиж зогсоод байх биш цуврал арга хэмжээ авснаар энэ байдал зогсоно.

-Зөвшөөрөлгүй барилгы хот өмчиндөө авах асуудлыг ярьж байсан. Тэнгис кино театрын хажуу талын байрны асуудал дээр яригдаж байсан.  Энэ бололцоо байдаг юм болов уу?

-Уг нь хуулинд байдаг. Буулгах шаардлага тавиад  биелүүлэхгүй бол хот өөрсдийн  өмчлөлд авдаг. Үүний дараа буулгах ёстой. Энэ ажил шалгагдаж байна. Бид 17-гоос доош барилгын асуудлыг хариуцана. Үүнээс дээш байвал Барилга хот байгуулалтын яам хариуцана.

-Өнөөдөр нийслэлд сайхан сайхан нэртэй хороолол баригдсаар байна. Гэтэл тухайн хороололд нийгмийн асуудал шийдэгдээгүй. Сургууль, цэцэрлэг байхгүй. Гэтэл нийслэл хороолол баригдсны дараа хойноос нь хөөж сургууль, цэцэрлэг  барьж байна. Энэ жишиг хэзээ өөрчлөгдөх вэ?

-Дээрх хэлсэн шинэ журмаар хороолол барих бол дотор нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ногоон байгууламж байгуулахгүй бол зөвшөөрөл олгохгүй. Тодорхой тооны хүн ам суурших бол стандартад нийтцсэн зураг төслийг хийх ёстой. Бид нэгэнт баригдсан хорооллын хойноос нь хөөж цэцэрлэг сургууль барьж байгаа нь үнэн.

Хот төлөвлөлт барилгажилтын норм шинэчлэлх ажил 2010 онд эхэлсэн бол одоо Барилга хот байгуулалтын яаманд хэлэлцэгдэх гэж байна.  Бид одоо тухайн хороололд дээрх  уг асуудлыг хэрхэн шийдэх үү гэдэгийг өнгөрсөн жил боловсруулсан. Тодруулбал, цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор барина.  Үүнийг шийдснээр автозамын түгжрэл 30 хувиар буурна гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл, сургууль цэцэрлэгийг нэг байранд оруулна.