Л.Гантөмөр:Шатахууны монопольчлолыг задална
-Танай нам бүлгийнхээ хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн бэ?
-Монголд үүсээд байгаа үнийн хөөрөгдлийн талаар хэлэлцлээ. Валютын ханшийн хөөрөгдөл болон түүнээс үүдсэн нефть бүтээгдэхүүний хиймэл өсөлт, мөн түүнтэй уялдсан бусад бүтээгдэхүүний үнийн өсөлтийн талаар манай бүлэг энэ сарын 9-ний хуралдаанаараа хэлэлцэж байсан.
Тэгээд валютын ханш өсгөх боломж гаргасан Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдоржид хариуцлага тооцох асуудлыг бүлгээс УИХ-д өргөн барьсан юм.
Харин энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх саналаа өнөөдөр нэгтгэн гаргалаа. Мөн өмнөх хуралдаанаар Газрын тосны газар болон Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газрын удирдлагуудад хариуцлага тооцохыг санал болгосон байсан. Хариуцлага алдсан хүмүүсийг албан тушаалаас нь огцруулсанд манай намын бүлэг баяртай байгаа. Гэхдээ зөвхөн удирдлагыг нь солиод зогсохгүй цаашдаа шатахууны монопольчлогдсонбайдлыг хэрхэн задлах талаар дээрх хоёр байгууллагатай хамтран тодорхой ахиц гаргана гэж шийдлээ.
-Шатахууны монополь байдлыг яаж задлах уу?
-Шатахууны бөөний худалдаа хийх эрхийг цөөхөн аж ахуйн нэгжид өгч, монополь байдал бий болгосон учир шалтгааныг манай намын бүлгээс ажлын хэсэг гаргаж, тогтоохоор болсон. Тэр тусмаа уул уурхайн томоохон төслүүдэд цөөн тооны компани давамгай байдалтай ажиллаж байгааг шалгах юм.
-Зөвхөн шатахуун бус монголчуудын хүнсний гол хэрэглээ болсон махны үнэ тэнгэрт хадлаа. Бууруулах арга зам байна уу?
-Үнийн өсөлттэй холбоотой мах бэлтгэж, нөөцлөх асуудал бий. Бэлтгэж нөөцөлсөн махаа хэрэглэгчдэд хэрхэн хүргэж байгааг шалгана. УИХ-ын зарим гишүүдийн өгч байгаа мэдээллээр мах нөөцлөхөд зориулж гаргасан мөнгөний хэмжээгээр нөөцөө бэлтгээгүй байгаа юм билээ. Энэ бол нягтлах ёстой асуудал. Мөн үнийн хөөрөгдлийг судлах ажлын хэсгийг Д.Ганхуяг гишүүнээр ахлуулж Эдийн засгийн байнгын хорооны дэргэд байгуулсан. Энэ ажлын хэсгийн дүгнэлт маргааш /өнөөдөр/ гарна. Засгийн газар, Үйлдвэрчний эвлэл, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхим зэрэг олон талын төлөөлөгчдийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг болох юм. Үүний дараа эцсийн дүгнэлт гарах байх.
-Үнийн өсөлтийг эсэргүүцэж МҮЭ-ийнхэн жагсаал цуглаан зохион байгуулж, Төрийн ордныг тойрон бүсэлсэн. Жагсагчдын шаардлагыг биелүүлэх боломж байна уу?
-Тэд хоёр ч удаа жагсаал цуглаан зохион байгууллаа. Тэдний зүгээс төгрөгийн тогтвортой байдал болон үнийн өсөлттэй холбоотой дөрвөн шаардлага ирүүлсэн. Төгрөгийн ханшийг тогтвортой байлгах чиглэлээр Төв банкны удирдлагатай хариуцлага тооцох хүрээнд гарсан алдаа дутагдлыг нягталж харна гэдгээ МҮЭ-ийнхэнд уламжлахаар манай намын бүлэг шийдсэн. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, ам.долларын ханшийн чангаралт, бензиний үнийн өсөлт яг ямар интервалаар нэмэгдсэнийг маргааш гаргана. Мөн үүнийг барих төрийн бодлого ямар байхыг тодорхойлох юм.