"Монголбанк"-ны Ерөнхийлөгчийн асуудлыг УИХ-ын даргад өргөн барина
УИХ дахь бие даагчдын бүлгээс мэдээлэл хийж, өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хэлэлцэгдээд унасан Газрын тосны тухай хуулийг дэмжиж батлах ёстой байсан хэмээн мэдэгдлээ.
Хэрвээ энэ хууль батлагдсан бол газрын тосноос хүртэх Монголын төрийн ашиг 50 хувь болох байсан гэсэн юм. Гэтэл ганц хүний саналаар энэ хуулийг унагасан буруу хэмээн Х.Болорчулуун гишүүн онцолсон. Тэрбээр "Уг хуулийн хамгийн гол заалт нь бүтээгдэхүүнээс олсон орлогоо Монголоор дамжуулах тухай байсан юм. Харамсалтай нь ашиг сонирхлыг зөрчлөөс болж гишүүд хуулийг баталсангүй. Тэр дундаа МАН-ынхан бүлгээрээ энэ хуулийн эсрэг санал өгсөн. Энэ нь тэдний үг, үйлдэл хоёр хэрхэн зөрж буйг харуулсан хэрэг боллоо. Тэд эдийн засгаа сайжруулъя хэмээн байгаа ч эх орноо гэсэн бодол тэдэнд алга.Гэхдээ би энэ хуулийн төслийг дахин өргөн барина" гэсэн юм.
.Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ирэх долоо хоногт царцаасан барилгуудтай холбоотой төсвийн тодотголыг хийнэ хэмээн онцлоод "Өрийн удирдлагын тухай хуультай холбогдуулан Монгол Улс Зээлийн баталгааны сангаас гадна Зээлийн эрсдэлийн сантай болох ёстой. Ингэсэн нь Монгол улсад маш их ашигтай. Ямар нэгэн эсрдэл гарахад эерэгээр нөлөөлнө" гэв.
.Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Бие даагчдын бүлэг долоо хоногт Монголбанкны Ерөнхийлөгч Х.Золжаргалыг огцруулах асуудлыг УИХ-ын даргад өргөн барина. Гэхдээ хуулийн хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах асуудал гэж хэлдэггүй, асуудлыг нь авч хэлэлцэх талаар санал оруулах эрхтэй байдаг юм. Эдийн засгийн хүндэрсэн байдал, валютын нөөц, ханш зэрэг одоо үүсээд буй асуудал бол Монголбанкны ажлаа хийж чадахгүй байгаагийн нотолгоо. Тиймээс УИХ өөрөө бүрэн эрхийнхээ хүрээнд томилсон Монголбанкны удирдлагуудыг дахин авч хэлэлцэх хэрэгтэй" гэлээ.