Эдийн засгийг 20 тэрбум ам.долларт хүргэнэ
Эдийн засгийг 20 тэрбум ам.долларт хүргэнэ
2014.05.19

Эдийн засгийг 20 тэрбум ам.долларт хүргэнэ

Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөл батлагдсантай холбогдуулан “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног”-ийг эхлүүлээд байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн эхний долоо хоног өнгөрсөн байгаа. Тиймээс 100-гийн эхний долоо хоногт авч хэрэгжүүлсэн ажлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

“Эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийн зөвлөл байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд цаашид долоо хоног бүр ийн ажлаа танилцуулан явах ажээ. Эдийн засгийн зөвлөл нь 30 гишүүнтэй ба 18 нь хувийн хэвшил, бизнесийн салбарын хүмүүс бол зөвлөлийн нарийн бичгийн даргаар Б.Бямбасайхан томилогдсон байна.

Тус зөвлөлийн нарийн бичгийн даргаар Б.Бямбасайхан хэлэхдээ “Монгол Улс 10 тэрбум ам.долларын эдийн засагтай. Энэ эдийн засгийг яаж хурдан ойлгомжтой, цэгцтэйгээр 20 тэрбум ам.доллар болгох вэ гэдэг дээр саналаа бодлоо уралдуулж ажиллана. Гол нь сайн шийдвэр гаргах ёстой. 100 хоногийн хүрээнд Засгийн газар төлөвлөгөө гарган ажиллаж байгаа.

Харин бид Засгийн газраас гарч байгаа тодорхой шийдвэрт өөрсдийн мэдлэгээсээ хуваалцах, зөвлөмж өгөх, шинэ санаа гаргах зэргээр дэмжиж ажиллана” хэмээн зөвлөлийн зорилгыг тодорхойлсон юм. Тэр дундаа өмчийн эрх, татварын асуудал дээр зөвлөл анхаарал хандуулж ажиллах юм байна. Энэ асуудлаарх шинэ санаа санаачлагыг Засгийн газрын “11 11” төв нээлттэй сонсч, иргэдээс санал авч эхлээд байгаа бөгөөд Засгийн газар, иргэд, бизнесийн байгууллага хамтарч байж татварын шинэ бодлого бий болгохыг зорьж байгаа гэдгийг мэдээллийн үеэр онцоллоо.

Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд Засгийн газар зөвхөн өөрсдийн санааг төлөвлөгөөнд тусгах бус бизнесийн хүрээлэл, иргэдийн санаа бодлыг нэгтгэж ажиллана гэдгийг ч мөн хэллээ.  

Өнгөрсөн долоо хоногт Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн цементийн шинэ үйлдвэр ашиглалтад орсныг мэдээлэл хийх үеэр онцлон дурьдав. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор ажлын байр нэмэгдэж, дотоодын хэрэгцээгээ хангах бүрэн боломжтой болж байгаа нь эдийн засагт бодит нөлөө үзүүлэх боломжтой гэв.  Тус үйлдвэр нь жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд энэ нь манай улсын нийт хэрэгцээний 50 хувьтай тэнцэх үзүүлэлт юм. Тиймээс импортоор авдаг 80 сая ам.долларын цементийн хэрэглээгээ дотооддоо хангаж чадах боломж бүрдэж байна гэдгийг Эдийн засгийн зөвлөлийн гишүүд онцоллоо.