НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр / 2014.05.19 / Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өргөн барилаа.
Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, бизнест ээлтэй орчин бүрдүүлэх замаар тодорхой салбарт үйл ажиллагаа эрхлэгч, татвар төлөгчдийг татварын бодлогоор дэмжих, татварын энгийн, ойлгомжтой, тэгш шударга байх зарчмыг бүрэн утгаар нь хангасан, эдийн засгийн өсөлтийг хэлбэрэлтгүй дэмжсэн, олон улсын жишигт нийцэхүйц оновчтой, тогтвортой татварын орчинг бий болгох зайлшгүй шаардлагыг харгалзан татварын 2 дахь үе шатны шинэчлэлийн хүрээнд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан танилцууллаа.
Хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлага
Монгол Улсын Их Хурлын 2012 оны 09 сарын 18 өдрийн 37 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн “Ажилтай, орлоготой Монгол хүн” гэсэн 1 дүгээр бүлэгт тусгагдсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж, бизнест ээлтэй орчныг бүрдүүлэх” зорилтын хүрээнд Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газраас бизнесийг дэмжсэн татварын 2 дахь үе шатны шинэчлэлийг хийх, уул уурхайн салбарын түүхий эдэд нэмүү өртөг шингээх бодлого хэрэгжүүлэн хагас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, экспортолж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг татварын бодлогоор хөхиүлэн дэмжих, сэргээгдэх эрчим хүчний бодлогыг татварын орчноор хөхиүлэн дэмжиж гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт орж ирэх таатай нөхцөлийг бүрдүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгагдсан.
Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан үндсэн зорилго, салбарын үйл ажиллагаанд тавигдсан зорилтыг хэрэгжүүлэх асуудлын хүрээнд бизнест ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор бизнесийг дэмжсэн татварын 2 дахь үе шатны шинэчлэлийг хийж, татварын энгийн, ойлгомжтой, тэгш шударга байх зарчмыг бүрэн утгаар нь хангасан, эдийн засгийн өсөлтийг хэлбэрэлтгүй дэмжсэн, олон улсын жишигт нийцэхүйц оновчтой, тогтвортой татварын орчинг бий болгох зайлшгүй шаардлагыг харгалзан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулна.
Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ерөнхий бүтэц, агуулга
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нийт 9 бүлэг, 19 зүйлтэй, Хуулийн төслийн 1 дүгээр бүлэгт хуулийн зорилт, хууль тогтоомж, хүрээ, нэр томъёоны тодорхойлолт, 2 дугаар бүлэгт албан татвар төлөгч, түүнийг бүртгэх, бүртгэлээс хасах, 3 дугаар бүлэгт нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ, 4 дүгээр бүлэгт нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах журам, 5 дугаар бүлэгт нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээ, 6 дугаар бүлэгт нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, 7 дугаар бүлэгт нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт, буцаан олголт, 8 дугаар бүлэгт нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулах, төсөвт төлөх, тайлагнах, 9 дүгээр бүлэгт хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, 10 дугаар бүлэгт хууль хүчин төгөлдөр болох хугацааг заана.
Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагаврын талаар
Хуулийн төсөл батлагдснаар одоо үйлчилж байгаа татварын хувь хэмжээ, шатлалд өөрчлөлт орохгүй бөгөөд татвар төлөгчдөд нэмэлт, татварын дарамт үүсэхгүй.
Нэмэгдсэн өртгийн албан татвар суутгагчаар бүртгэгдэх борлуулалтын орлогын хэмжээг 50.0 сая болгон нэмэгдүүлснээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон аж ахуйн нэгжийн хувьд бизнесийн таатай орчин бий болно.
Далд эдийн засгийг бууруулж, татварын бааз суурийг өргөтгөх хүрээнд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болох эцсийн хэрэглэгчийн худалдан авалтыг бүртгэн урамшуулснаар албан татвар суутгагчийн борлуулалтыг бүртгэх нөхцөл бүрдэнэ.
Татварын хууль тогтоомж энгийн, ойлгомжтой болж, татварын тэгш шударга байх зарчим хангагдана, олон улсын жишигт нийцсэн, татварын оновчтой, тогтвортой, бизнесийг дэмжсэн, байгалийн баялагийн зохистой ашиглалтыг хангахуйц ээлтэй орчин бий болно.
Хуулийн төсөл нь бусад хуультай хэрхэн уялдах, уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдон цаашид шинээр боловсруулах буюу нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хуулийн талаар
Хуулийн төслийг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудтай нийцүүлэн боловсруулах бөгөөд төслүүд нь тэдгээртэй зөрчилдөхгүй. Хуулийн төсөл батлагдснаар бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй болно.