Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2016.05.31/ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Болор өргөн мэдүүлэв.
Монгол Улсын Ерөнхий сайд 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Гааль, татварын ерөнхий газарт ажиллаж Улсын Их Хурлаар 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр татварын шинэчлэлийн бодлогын хүрээнд шинэчлэн батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилттэй танилцан албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хүртэл хувийг 4 сард багтаан буцаан олгох талаар Сангийн сайд, Гааль, татварын ерөнхий газрын даргад үүрэг өгсөн байна.
Ерөнхий сайдын үүргийн дагуу албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хүртэлх хувийг энэ онд буцаан олгохын тулд татварын болон төсвийн хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, буцаан олгох санхүүгийн эх үүсвэрийг төсөвт тусган шийдвэрлэх асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцүүлж батлуулах шаардлага үүссэн байна.
Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд болон Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ.
Албан татвар төлөгчид нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг энэ жил олгохын тулд эх үүсвэрийг Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар тусган шийдвэрлэх шаардлага бий болжээ.
Татварын албаны цахим төлбөрийн баримтын системд 2016 оны 1 дүгээр улирлын байдлаар 31758 аж ахуйн нэгж, иргэн бүртгүүлсэн, 38310563 баримт хэвлэгдсэн, 15771545 баримт баталгаажсан үзүүлэлттэй байна.
Нийт 5216 албан татвар төлөгч иргэн НӨАТ суутган төлөгч аж ахуйн нэгжээс 385 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн, нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хүртэлх хувийн буцаан олголтоор нь 5.8 тэрбум төгрөг авахаар юм байна.
Энэхүү хуулийн төсөл батлагдснаар нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтоо иргэд жилд 2 удаа буцааж авах боломж бүрдэх юм байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.