НӨАТ-ын асуудлыг хамтад нь ярих хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон “Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг /24-өөс дээш суудалтай, 45-аас дээш зорчигчийн багтаамжтай автобус, троллейбусыг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж үг хэлэв.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: НӨАТ-ын татвар хуулиар явдаг. Хууль бүх хүнд тэгш үйлчлэх ёстой. НӨАТ-ын босгоо өндөрсгөөд дараа нь энэ дотроосоо цогцоор нь авч үзэж болохгүй юм уу. НӨАТ-ын тухай хууль хаана явна вэ? Энэ хуулийг ард иргэд маш их асууж байгаа.
Хууль бүх хүнд тэгш үйлчлэх ёстой.
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжинэ гэсэн хэрнээ татварын бодлогоор дарамтлаад байдаг. НӨАТ-ын хуулиа шинэчлэх гэж байгаа учир тэрэн дотроо чөлөөлөх, чөлөөлөхгүй асуудлаа оруулан хамтад нь ярих хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн: Бусад хуулиудтай татварын хуулийг холбож хамтад нь оруулж ирэх асуудлаар УИХ-ын даргын зөвлөл дээр асуудал яригдаад түүний дагуу байнгын хорооноос чиглэл албан тоотоор өгсөн.
НӨАТ-тай холбоотой хэд хэдэн гишүүдийн өргөгдсөн хуулиуд бий. Энэ асуудлыг нэгтгэж оруулж ирэх чиглэлийг өгсөн байгаа гэлээ.