УИХ дахь АН бүлэг
2016.10.05

УИХ дахь АН бүлэг хуралдлаа

УИХ дахь АН-ын бүлэг 2017 оны төсөв болон орон нутгийн сонгуулийн асуудлаар орон тооны бус зөвлөхүүдээ оролцуулан өргөтгөсөн хуралдаан хийлээ. Хуралдаанд УИХ-ын  дарга асан З.Энхболд, Сангийн сайд асан Б.Болор нар оролцжээ.

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ “Бид сөрөг хүчин гээд бүх зүйл дээр сөрөг байр суурь бариагүй. Төсөв, санхүүгийн хувиарлалт дээр болохгүй байгааг нь хэлж, болж байгааг нь дэмжээд явна. Төсөв дээр АН-ын бүлгээс ажлын хэсэг гарч ажиллана. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа ахална. Мөн орон нутгийн сонгуулийн сурталчилгааны хугацаанд асуудал их гарч байгааг хэлээд нэр дэвшигчдийг бүртгэхгүй байх, хасах зэрэг үйлдэл их гарч байна гэв. Мөн Сонгуулийн хороо 3:6 харьцаагаар байгуулагдаж байгаа учраас сонгуулийг луйвардах, улмаар олонхиороо хүч түрж шийдвэр гаргах боломжтой” гэв.

УИХ-ын гишүүн, УИХ дахь Зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяа “2017 оны төсвийн хууль, дагаж орж байгаа төсвийн хүрээний мэдэгдэл, 2018, 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл бол ирэх гурван жилд улс орны эдийн засгийн хүнд нөхцөл байдлаас гаргах гол бодлогын баримт бичиг байх ёстой. Гэтэл бодлогын хэмжээнд шинэчлэл хийгдэх зүйл харагдахгүй байна. Алдагдал ДНБ-ний 9.9 хувьтай буюу нийт 2.6 их наяд төгрөг байхаар орж ирсэн байна.

2016 оны тодотголыг хийхдээ оны эцсээр 1.7 их наядын алдагдал байхаар байна гэж төсөөлж байсан. Өнөөдөр алдагдал 2.6 их наяд байхаар нэмэгдэж орж ирсэн байна. Энэ алдагдал нэмэгдсэн шалтгаанаа уул уурхайн үнийн өсөлт явагдахгүй гэсэн төсөөллөөр тооцоолсон байна. Алдагдал ирэх гурван жилд дорвитой буурахгүй юм байна. Мөн өр, зээлийн хэмжээ буурахгүй нэмэгдэхээр орж ирж байна. 2017 оны төсвийн хууль дээр нийт Засгийн газрын өр, баталгааны хэмжээ 2.8 их наядаар орж ирсэн байна.

Энэ нь 2.6 их наядын алдагдал дээрээ нэмээд 2.8 их наядын өр тавихаар оруулж ирсэн. Энэ өрөө юунд зарцуулах гэж байгаа нь тодорхойгүй байна. 2016 оны төсвийн тодотголоор бодит гарахаар хүлээгдэж байгаа зарлага нь 8.5 их наяд төгрөг гэж баталсан. Гэтэл өнөөдөр бодит гүйцэтгэл нь 6.9 их наяд байна. Ийм зөрүүтэй тоонуудыг оруулж ирээд байна. Энэ Засгийн газрын хэрэгжүүлж байгаа арга хэмжээ эдийн засгийг хямралаас гаргаж чадахаар байна уу гэдэгт Ардчилсан намын бүлгийн ажлын хэсэг дүгнэлт гаргана” гэлээ.

Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Хүүхэд харах үйлчилгээг хойшлуулчихлаа. Үүнээс болж 6,000 гаруй хүүхэд цэцэрлэггүй болох нь. Дээр нь энэ үйлчилгээг эрхлэх гээд байшин саваа барьцаанд тавьсан, зарсан хүмүүс олон байгаа. Энэ хүмүүст нөхөн олговор олгох асуудал яригдаж байгаа болов уу. Энэ асуудалд танай намын бүлэг ямар байр суурьтай байна вэ?

С.Эрдэнэ: Өнөөдөр иргэдэд хүрч байгаа сайн гэсэн нэртэй бүх хөтөлбөрийг зогсоож байна. Зорилго нь төсвийг аль болох алдагдалтай харуулах, эдийн засаг муудсан байна гэдгийг иргэдэд ойлгуулах далд санаа юм.

6,000 гаруй хүүхэд болон энэ үйлчилгээг эрхэлж байсан иргэдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байна. Энэ дээр ямар нэгэн нөхөн олговрын тухай яригдаагүй.

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 4.8 тэрбум төгрөгийн төсөвтэй. Энэ мөнгийг хэмнэснээр эдийн засагт ямар үр өгөөж байгаа юм гэдгийг ойлгохгүй байна.

6,000 хүүхдийг аль цэцэрлэгт авах юм. Тэр хүүхдүүдийн сурч, хүмүүжих орчин нь хаана байна. Тэр орчныг бий болгож байсан иргэдийн хохирлыг хэн барагдуулах вэ гээд ярих юм бол сөрөг үр дагавар нь их бий.

-Энэ удаагийн өргөтсөн хуралдаанаар Эрдэнэтийн асуудал яригдав уу. Үнэхээр танай нам засаг барьж байх үедээ нууц тогтоол гаргасан юм уу?

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Ж.Батзандан хоёрт энэ асуудлыг судлах үүрэг өгч ажиллуулахаар болсон. Энэ бол хувьчлал биш. Оросын талын эзэмшиж байсан хувийг худалдах худалдах авах процесс явагдсан. Энэ асуудал хуулийн хүрээнд яаж явагдсан, хууль зөрчсөн нь үнэн юм уу худал юм уу гэдгийг баримтаар баталгаажуулах зэрэг арга хэмжээнүүдийг авахаар болж байгаа.

Засгийн газраас ажлын хэсэг гарсан. Шаардлагатай бол тэр ажлын хэсгийг бүлэг дээр дуудаж тайлбар сонсоно.

З.Нарантуяа: Төсвийн зарлагыг бууруулах тал дээр нэлээд судалсан зүйлүүдийг оруулж ирэх байх гэж найдаж байсан. Харамсалтай нь тэгсэнгүй.

Хамгийн хялбархан аргаар  буюу төсвийн зарлагыг бууруулна гэж оруулж ирж байна. Жишээ нь, 152 тэрбум төгрөгрөөс төсвийн урсгал зардыг бууруулна гэсэн. Түүн дотор хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгосноор 61 тэрбум төгрөг хэмнэнэ гэж байна. Хүүхдээ ялгаварлаж төсвөө хэмнэх гэж байна.

Их, дээд сургуулийн оюутнуудад тэтгэлэг өгдөг байсныг болиулаад 52 тэрбум төгрөгийг хэмнэнэ гэж байна. Энэ бол Монгол Улсын ирээдүй болсон оюутнууддаа дэмжих төрийн бодлогын ухралт болж байна.

Дээрээс нь хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн үйлчлэлийг 2021 он болгосноор 2017 ондоо 5.6 тэрбум төгрөг хэмнэнэ гэж байна. 5.6-хан тэрбум төгрөгийг хэмнэхийн тулд 1,200 орчим хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байсан иргэд болон 6,700 орчим хүүхдийг хохироож байна.

-Төсөв дээр зээлийн эргэн төлөлтөд 6.6 их наяд гээд төсвөөсөө давсан өр тавьчихлаа. Өрөө дарахын тулд дахиж зээл авдаг байж болох юм уу?  

С.Эрдэнэ: “Чингис” бондыг төлөх хугацаа болоогүй байгаа. Өнөөдөр энэ бондыг төлөх хугацаа тулаад ирсэн юм шиг яриад байна. 2017 оны төсвийн төсөлд АН-ын үед авсан ямар ч зээл, бондын өр төлөгдөхгүй. Өмнөх С.Баяр, Сү.Батболдын Засгийн газрын үеийн бий болгосон өрийг төлнө. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр Австралийн 1 тонн коксжих нүүрсний үнэ 220 ам.доллар хүрсэн.

Гэтэл манайх өнөөдөр 30 орчим ам.доллараар гадагшаа гаргаж байна. Гэтэл үүний уг сурвалжийг судлахаар “Чалко”-гоос 2011 онд 350 сая ам.долларын зээл аваад нийгмийн халамжид зарцуулсан. Энэ нь эргэж төлөгдөх эх үүсвэр байхгүй. Одоо энэ зээлийн үлдэгдэл 100 орчим сая ам.доллар байна. Анх байгуулахдаа 1 тонн нүүрсний үнэ тарифыг Хятадын зах зээлийн үнэ  ханштай уялдуулж тогтоосон. 

Зээлээ төлж дуусах хүртэл хугацаанд  уг дүнгээрээ явах юм билээ. Үүнийг өөрчилвөл зээлийн алданги хүү төлөх болчихоод байгаа. Тиймээс лТавантолгойн коксжих нүүрсний үнэ 1 тонн нь 30 ам.доллар болоод манай улсад асар их хохиролтой байна.  Ер нь 2017 оны улсын төсвөөс эдийн засгийн реформ хийгдээгүй. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой хөтөлбөрөө Ерөнхий сайд хэзээ оруулж ирэх нь тодорхойгүй. Тиймээс бидний хувьд бүрхэг асуудал хэвээр байгаа.

Ерөнхий сайд бизнес эрхлэгчидтэй уулзахдаа татвар нэмэх байр сууринаасаа ухраагүй гэсэн. Тиймээс түр буцаагдсан татвар нэмэх бодлого, эдийн засгийн хямралыг даван туулах онцгой хөтөлбөр зэргээ оруулж ирэхдээ ард түмний нуруун дээр үүрүүлэх ачаа дарамтаа хэд дахин өсгөж оруулж ирэх нь үү гэсэн хардлага байна. Тийм учраас орон нутгийн сонгуулийн өмнө 2017 оны төсвийн төслийг хэлэлцэхгүй байна гэсэн байр суурийг манай бүлгийн гишүүд илэрхийлсэн. Миний хувьд ч гэсэн үүнтэй санал нэгтэй байгаа.

-Багш, эмнэлгийн ажилчдын 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж   2017 оны төсөвт танагдахаар орж ирсэн үү. Танай бүлэг ямар байр суурьтай байгаа бол?

С.Эрдэнэ: Төсвийн болон төрийн албан хаагчид тэтгэвэрт гарах тохиолдолд 36 сарын цалинтай нь тэнцэх тэтгэмжийг олгоно гээд хуульчилсан байсан. Энэ хуулийг хүчингүй болгосон.

Одоо орж ирж байгаа төслөөр 36 сар хүртэлх хугацаанд тэтгэмжийг олгоно гэж орж ирж байгаа. Өнгөрсөн сард  энэ хуулийг хүчингүй болгосон. Тиймээс энэ оныг дуустал хугацаанд тэтгэвэрт гарах иргэд 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг огт авахгүй.

Яагаад гэвэл хууль цуцлагдсан.  2017 оноос эхлээд  тэтгэврээ тогтоолгох  иргэд тухайн салбарын сайд, дарга нарын үзэмжээр тэтгэмжээ авна. Үр дагавар нь хортой. Бодит байдал дээр эрх мэдэлтнүүд нэг сарын тэтгэмж ч олгож болно. Үүнийг бид төсвийг хэлэлцэх үед Ерөнхий сайдаас тодруулна.

-Хэмнэж болох зардлуудыг танасан болов уу?

С.Эрдэнэ: Хэмнэж болох зардал зөндөө байна. 16 дэд сайдын орон тоог байхгүй болгохоос эхлээд туслах, машин унааны зардал, тавилга гээд зардлуудыг хасахад маш олон сая төгрөгийн хэмнэлт гаргаж болно.  Эдийн засгийн хямралтай энэ үед гадаадад байгаа шаардлагагүй ЭСЯ-дын орон тоог гадаад улс орнууд цомхотгож, татан буулгаж байна. Төр өөрөөсөө эхэлж хэмнэх хэрэгтэй.

З.Нарантуяа: Төсвийн ерөнхийлөгч захирагч нарын тэвчиж болох урсгал зардлуудаас зөвхөн 24 тэрбум төгрөгийг хэмнэхээр заажээ. Үүнээс ч олон зардлыг хэмнэж болно. 259 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт  төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр орж ирж байна.

Засаг даргын Тамгын газрын конторын байр, дарга нарын байрны засвар үйлчилгээ, тохижилт энэ дотор багтжээ.  Энэ жилдээ конторын байр нураад уначихгүй бол тэвчиж болно. Хүүхэд харах үйлчилгээнээсээ танаж, ахмаддаа олгох тэтгэмжийг харамлаж байгаа юм чинь Засаг даргын байрны тохижилтыг тэвчиж болно гэж харж байна.