Байнгын хорооны гишүүд Хүүхэд харах төвийн үйл ажиллагаатай танилцав
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Л.Эрдэнэчимэг нар Сонгинохайрхан дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүүхэд харах үйлчилгээний загвар төв”-тэй танилцлаа.
Энэхүү загвар төв нь 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Одоогоор ахлах болон туслах багш, мэргэжлийн тогоочтой 15 хүүхэд хүлээн авдаг байна. Хүүхдүүд өдөрт 4-5 удаа хооллодог. Хүнсний эрүүл, аюулгүй байдалд анхаарч долоо хоног бүр эцэг эхчүүдийн төлөөлөл багшийн хамт хүнсний бүтээгдэхүүн худалдан авах ажилд оролцдог тухай “Хүүхэд харах үйлчилгээний загвар төв”-ийн эрхлэгч, багш Д.Өлзийтэгш Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүдэд танилцуулав.
Нийслэлд ойролцоогоор 5000 ажлын байр, Улсын хэмжээнд 15 мянган ажлын байр шинээр бий болох бүрэн боломжтой
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт хэлэхдээ, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хурдавчилж цэцэрлэгт хамрагдаж чадалгүй цоожтой хаалганы цаана өнжиж байгаа хүүхдүүдийг ийм загвар төвд хүмүүжих бололцоог хангах хэрэгтэйг онцлов.
Мөн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Хүүхэд харах ийм төвүүд олноор байгуулснаар Нийслэлд ойролцоогоор 5000 ажлын байр, Улсын хэмжээнд 15 мянган ажлын байр шинээр бий болох бүрэн боломжтой хэмээгээд 2013 оны 01 дүгээр сард УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэв