Хүүхдийн аюулгүй байдалд анхаарахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид,УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг
2013.07.01

Хүүхдийн аюулгүй байдалд анхаарахыг захилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн ахлагч Л.Эрдэнэчимэг, гишүүн С.Оюун, Ц.Оюунгэрэл, Д.Сарангэрэл, М.Батчимэг, С.Одонтуяа, Р.Бурмаа, З.Баянсэлэнгэ, Д.Арвин нар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслөө танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хүүхэд харах үйлчилгээг хуульчилж өгье. Тав ба түүнээс дээш хүүхэд гэрээр харах юм бол цэцэрлэгийн хүүхдэд ногдох хувьсах зардлыг тухайн хүүхэд харж байгаа хүнд өгье. Албан байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэд бичил цэцэрлэг байж болно.

Цэцэрлэгийн насны буюу 2-5 насны хүүхэд бүрийг карттай болгож, хэрэв хуулийн дагуу хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах буюу бичил цэцэрлэгт явбал картаар нь нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг тухайн хүүхэд харж буй хүнд юм уу, тухайн бичил цэцэрлэг байгуулсан аж ахуйн нэгжийг дэмжих байдлаар олгож байя.

Иргэд хүүхэд харах үйлчилгээ, бичил цэцэрлэг байгуулбал түүнд тав ба түүнээс дээш хүүхэд хамруулаад хувьсах зардлыг ногдуулдаг болгоё. Стандартад онцгой анхаарал тавих ёстой.

Хүүхдийн аюулгүй байдалд анхаарч, эцэг эх, хүүхэд харж буй хүний хооронд ойлголцлын гэрээ сайн байх ёстой. Эцэг эх, хүүхэд харж байгаа хүмүүсийн эрх, үүрэг, хариуцлага юу байхыг гэрээнд тусгаж өгье. Ажлын хэсэг гаргаж үүн дээр ажиллах ёстой” гэлээ.

Хүүхэд харах үйлчилгээ нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 80 мянган хүүхдэд зориулж бий болгох гэж буй үйлчилгээ гэдгийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг тайлбарласан юм. Уг асуудлыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам. ЭМЯ, БШУЯ хариуцан ажиллахаар төсөлд тусгаад байгаа ажээ.

Хуулийн төслийг УИХ-ын ирэх намрын чуулганд өргөн барьж хэлэлцүүлж батлуулаад бэлтгэл ажлыг нэлээд сайн хийх ёстой гэсэн юм. Хуулийг 2014 оны зургадугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр болгож,  мөн оны есдүгээр сарын 1-нээс санхүүжилтийг оруулж мөн өдрөөс тооцож 2014 оны улсын нэгдсэн төсөвт суулгаж өгөх хэрэгтэйг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлж байлаа.

Ямар ч гэсэн 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө хууль үйлчлээд эхэлсэн байх ёстойг анхааруулав.

“Олуулаа болох тухай хууль” ирэх оны 1 сараас хэрэгжинэ гэж тооцжээ

УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг

Эхчүүд хүүхдээ 0-2 нас хүртэл асрахад олгох тэтгэмжийн тухай хуулийн төслийг “Олуулаа болох тухай хууль” гэсэн нэрээр Засгийн газраар дэмжүүлж ирэх даваа гаригт буюу долдугаар сарын 1-нд өргөн барих талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцууллаа.

Хэрэгжилт, санхүүжилтийг 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс тооцно гэж үзжээ. Энэ тэтгэмж хүүхдэд зориулсан тэтгэмж байх юм. Хэрэв гурав, дөрөв дэх хүүхэд төрвөл уг тэтгэмжийг 50 хувиар нэмэхээр хуулийн төсөл боловсруулж долдугаар сарын 1-нд өргөн барихаар болсон байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүүхэд харах үйлчилгээн дотор сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролын хэмжээний шаардлага тавих нь зүйтэй гэсэн санал хэлж байлаа.

Мөн малчдын хүүхдийн хувьд зургаан настай сургуульд ороход эцэг, эхийн нэг түүнийг харж сумын төв дээр суух хэрэгтэй болдог учир нэгдүгээр ангид орох насыг 6,7,8 гэсэн уян хатан сонголттой болгож болох юм гэсэн санал хэлэв.

Малчдаас гаргасан энэ хүсэлтийн талаар БШУ-ны сайдад уламжилж Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулж болох талаар ярилцжээ. Эдгээр асуудлаар энэ зун иргэдээс санал авч маш сайн ярилцах хэрэгтэй гэлээ.

УИХ-ын гишүүн М.Батчимэг Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль, Авлигын эсрэг хуулийн тогтолцоог сайжруулах асуудлаар УИХ-ын эмэгтэй гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй гар нийлж ажиллахад бэлэн гэдгийг хэлсэн юм.

Авлигын асуудлаар долдугаар сарын 4-нд Иргэний танхимд хууль, шүүх, прокурорын байгууллагынхантай хамтарч Эрүү, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиудын үзэл баримтлалтай уялдуулан ярилцлага зохион байгуулахаар болсныг Монгол Улсын Ерөнхийлөгч дуулгалаа. Мөн хүний наймааны асуудалд анхаарах ёстой гэлээ.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Засгийн газраас Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг, Хүүхдийн эрхийн тухай хуулийн төсөл дээр ажиллаж байгааг хэлж байв. Хүүхдийн эрх зөрчигдөж буй асуудлаар иргэд шүүхэд нэхэмжлэл гаргаж болох эрхийг хуулийн төсөлд тусгаж өгч баталгаажуулах гэж байгаа юм байна.