А.Мөнхбат:  Бид хүүхэддээ ямар мэдлэг өгөх вэ гэдгээ анхаардаг болохоос ямар хүн болгох вэ гэдгээ орхигдуулдаг
Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат
2014.04.06

А.Мөнхбат: Бид хүүхэддээ ямар мэдлэг өгөх вэ гэдгээ анхаардаг болохоос ямар хүн болгох вэ гэдгээ орхигдуулдаг

Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбаттай ярилцлаа.

- Таны бодлоор манай боловсролын тогтолцоо гол алдаа юунд байна вэ?

Хүн төрөхөөс үхэх хүртлээ суралцаж байдаг. Хамгийн анхны багш бол ээж. Дараа нь хүүхэд ааваасаа суралцдаг. Гэр бүлийн орчноос олон зүйлийг мэдэж авдаг. Цаашлаад яслиас аваад их сургууль хүртэлх боловсролын тогтолцоогоор дамждаг. Манай улсын хувьд хүнд боловсрол олгох бүх үйл явцаа зөв хэлбэршүүлж чадаагүй.

Ерөнхий боловсролын сургуулийн гол үүрэг бол хүүхдийн байгалиас заяасан авьяасыг нээн хөгжүүлэх. Гэтэл өнөөдөр 12 дугаар анги төгсч буй хүүхэд авьяасаа нээж чадаагүй байна гэдэг их ичгэвтэр. Үүний шалтгаан нь нэг талаас хүүхдийг хөгжүүлж чадаагүй ерөнхий боловсролын сургуулийн буруу, нөгөө талаас хүүхдэдээ анхаарал тавиагүй эцэг, эхийн буруу. Дунд сугууль төгсч буй хүүхэд мэргэжлийн чиг баримжаагаа олчихсон, сонголтоо хийчихсэн байх ёстой.

Сурах бичигт байдаг хичээлийн хөтөлбөрөөс гадна хүнд эзэмших ёстой мэдлэг, боловсрол гэж бий. Өөрөөр хэлбэл гэр бүл болон сургуулийн орчинд олж авах боломжгүй албан бус боловсролын тогтолцоо байх ёстой. Аль ч оронд албан бус боловсролын гол үүргийг шашин гүйцэтгэсээр ирсэн. Барууны орнуудад сурагчид тодорхой давтамжаар сүмд очиж хүн байх тухай, эцэг эх байх тухай мэдлэгийг тэндээс авдаг. Монголчуудын хувьд хүүхдээ нүгэл, буян гэсэн хоёрхон ойлголтоор хүмүүжүүлдэг байсан ч сүүлийн 90 орчим жил уг уламжлал алдагдсан. Морьтой зүйрлэвэл Монголын боловсролын тогтолцоо доголж яваа морь. Бид хүүхдэд ямар мэдлэг өгөх вэ гэдгээ л анхаардаг болохоос ямар хүн болгох гэдгээ орхигдуулдаг.

- Тэгвэл одоо энэ орон зайг яаж нөхөх хэрэгтэй вэ?

Орчин үед ихэнх оронд албан бус боловсролыг олгодог чухал институт бол оюутан, залуучуудын байгууллага. Сурч байна уу, бизнес эрхэлж байна уу гэдгээс нь үл хамаарч нийгэмд хамгийн идэвхтэй ажиллаж буй хүмүүсээ дэмжсэн хууль эрх зүйн орчинтой байдаг. Гэтэл манай улс залуучуудын байгууллагуудаа зөнд нь хаячихсан. Жинхэнэ дэмжлэг гэдэг бол хүнийг ажиллах, хөдөлмөрлөх зөв тогтолцоог бий болгохыг хэлдэг болохоос бидний ойлгодог шиг нэг удаа мөнгө өгөөд салах явдал биш юм.

Гэсэн ч манай залуучуудын байгууллага боловсролын тогтолцоонд байхгүй тэр орон зайг нөхөхийн төлөө чадах ядахаараа зүтгэж байна. Бид их, дээд сургууль болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангах үүднээс Залуучуудын төв биржийг байгуулсан. Уг байгууллагын нэг ажил бол “Оюутан, залуусыг дадлагажуулах ажлын гараа” төсөл юм. Төслийн хүрээнд оюутнууд төгсөөд ажиллах компани дээрээ багаараа ажилладаг. Тухайлбал ноднин уул уурхайн чиглэлээр сурдаг оюутнууд Эрдэнэт хотод үйлдвэр дээр бүтээн байгуулалтын ажил хийгээд ирсэн. Мөн оюутнуудын хувиарт дадлагаа хийх газруудыг Хөдөлмөрийн биржээрээ дамжуулан олж өгдөг.

Манай залуучуудын байгууллага боловсролын тогтолцоонд байхгүй тэр орон зайг нөхөхийн төлөө чадах ядахаараа зүтгэж байна.

Залуучуудын байгууллагын зүгээс оюутнуудад хандаж зөвхөн сургуулийн хөтөлбөрт найдахгүйгээр өөрийгөө дайчилж, суралцаж, багаар ажиллахад туслах ажлыг л хийдэг. Одоогийн бидний хийж чадах зүйл бол ердөө л энэ.

Түүнчлэн олонхи залуучуудын байгууллага улс төрийн зорилгоор үйл ажиллагаа явуулдаг гэсэн өрөөсгөл ойлголт байдаг нь харамсалтай. Гэтэл тэнд ажиллаж буй хүмүүс хэнээс ч мөнгө гуйхгүй бусдынхаа төлөө зүтгэж яваа хүмүүс байдаг. Хэрэв санхүүгээр жаахан дэмжээд өгвөл бүр ихийг хийх болно.