Залуусыг нээлттэй ажлын байрууд хүлээж байна
УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат
2014.05.30

Залуусыг нээлттэй ажлын байрууд хүлээж байна

Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбооны хооронд 2013 оны 6 дугаар сарын 14-ны өдөр байгуулсан хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд 2014 онд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг эхлүүлэх гэрээнд УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат нар гарын үсэг зурлаа.

2013 онд зурсан хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг хэрэгжүүлж, “Сумын залуус”, “Ажлын гараа”, ”Цагийн ажил” зэрэг төслүүд амжилттай хэрэгжсэн бөгөөд 3000 гаруй залуучууд хамрагдан зуны амралтын хугацаанд байнгын болон түр ажлын байраар хангагдсан.

Энэ онд “Сумын залуус”, “Ажлын гараа”, “Бүтээн байгуулалт - 2014” зэрэг хөтөлбөрүүдийн хүрээнд 10.000 оюутан залуучууд хамрагдах боломж бүрдэж байгаа юм. “Сумын залуус” төсөлд хамрагдаж, сумандаа ажиллаж соёлын үр тарих залуучуудыг МЗХ-ны төв байранд бүртгэж байгаа бөгөөд орон нутаг руу явахаас нь өмнө тусгай сургалтад хамруулах юм. 

Дээрх төсөл хөтөлбөрийг Засгийн газар, Хөдөлмөрийн яамнаас санхүүжүүлэх бөгөөд МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж ерөнхий зохион байгуулагчаар ажиллах болно.

“Сумын залуус” хөтөлбөрт хамрагдах залуучууд сумандаа дөрвөн залуу “4 бэрх” баг болж 10 модулийн дагуу эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээ үзүүлэх бол “Ажлын гараа” хөтөлбөрт бригадын зохион байгуулалтаар бүтээн байгуулалтад оролцох бөгөөд бүртгүүлэхдээ МЗХ-ны төв байр 103 тоот, www.myjob.mn мөн орон нутгийнхаа залуучуудын салбар холбоодоор дамжуулах болох юм байна.