"Монгол ур чадвар" тэмцээн
2014.05.28

"Монгол ур чадвар" тэмцээний ялагч олон улсын тэмцээнд оролцоно

Төрөөс мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдын дунд ур чадварын уралдаан зохион байгуулаад нэг жил болж байна. Энэ жилийн хувьд уг тэмцээний ялагч нь олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болно. Хамгийн гол нь тэдний хувьд ажлын байр нь бэлэн байх юм байна.

Мэргэжлийн боловсон хүчин, тэднийг бэлтгэдэг багш нарын ур чадварыг идэвхжүүлэх зорилгоор “Монгол ур чадвар” тэмцээнийг зохиох болсон юм. Манай улс Олон улсын ур чадварын байгууллагын 69 дэх гишүүн орон болсон бөгөөд дэлхий дахинд Монголын боловсролын чанарыг танилцуулах боломж ийнхүү бүрджээ. Энэ жил есөн мэргэжлээр 950 орчим суралцагч оролцож сүүлийн шатанд 61 сурагч үлдээд байна.

Сүүлийн шатанд Чингисийн талбайд өгөгдсөн даалгаврын дагуу бүтээлийг шууд туурвих юм. Ингэхдээ хэмжээ, хийц, хугацаа, сэтгэн бодох чадварыг харгалзан шалгаруулна. Ур чадвартай Монгол мэргэжилтний гарт улсын хөгжил байж, ирээдүйн томоохон бүтээн байгуулалтын ажлыг нуруундаа үүрдгийн хувьд Монгол улсын ерөнхий сайд тэмцээний үеэр зочиллоо.

Олон улсын тэмцээнд оролцож ялсан хүмүүсийн хувьд Самсунг, Лорел, Симэнс зэрэг үндэстэн дамнасан корпорациудад урилгаар ажиллах боломжтой болдог.

УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав:

Аж ахуй нэгжүүд эндээс мэргэжилтнээ сонгож аваад ирэх жилээс ажлын байраар хангах гэрээ хэлцлүүд уг арга хэмжээний үеэр хийгдэнэ. Бидний зорилт бол 2015 онд Бразильд болох Олон улсын ур чадварын тэмцээнд оролцох бэлтгэлээ сайтар хангах. Гэхдээ тэмцээнд оролцох нь эцсийн зорилго бус ийм хэмжээнд бэлтгэгдээд ирэхээр дотоодын компаниудад ажиллах мэргэжилтнүүд маань дэлхийн түвшний чадвартай болно.

Хөдөлмөрийн салбарын хөгжлийн хурдацыг харуулах, 2-2,5 жилд сурсан мэдсэнээ таниулах боломжийг уг тэмцээн олгож байна.