Я.Санжмятав: Гадаадаас бус дотоодоосоо мэргэжилтэн авах чиглэлээр ажиллаж байна
Хоёр дахь жилдээ зохиогдож буй “Монгол ур чадвар-2014” тэмцээн өчигдөр төв талбайд болсон. Тэмцээний нээлтэд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав үг хэлсэн бөгөөд энэ үеэр түүнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Өнөөдрийн тэмцээн өмнөх жилийнхээс юугаараа онцлог болж байгаа вэ?
-Хөдөлмөрийн яам холбогдох газруудтай хамтран дэлхийн ур чадварын олон улсын байгууллагад элсэж 69 дэх гишүүн болсон.
Өнөөдрийн энэхүү тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулсан. Нэгдүгээр шатны тэмцээнийг одоогоос сарын өмнө зохион явуулсан.
Энд оролцсон хүүхдүүд дэлхийн ур чадварын олон улсын байгууллагаас зохион байгуулдаг тэмцээнд оролцох боломжтой.
Үндсэндээ мэргэжилтэй ажилтан, ур чадварын тэмцээнд Олимпийн тэмцээнд тамирчдаа бэлтгэдэг шиг ажилчдаа бэлтгэх эхний шалгаруулалтаа хийхээр төлөвлөж байна. Энэ тэмцээнд оролцохоор шалгарсан хүмүүсийг дэлхийн томоохон компаниуд урилгаар авч ажиллуулдаг. Хамгийн гол нь аль улсын иргэн гэдгийг нь харгалзахгүй авч ажиллуулдаг юм.
Тиймээс энэхүү ур чадварын тэмцээнд ялсан ялагчдаа Солонгос улсад есөн төрлийн тэмцээнд бэлтгүүлж, зургаан сар орчмын хугацаатай ажиллуулах юм.
-Эхний шатны шалгаруулалтад хэдэн хүүхэд оролцсон бэ. Тэмцээний ялагчдыг ямар шагнал хүлээж байгаа бол?
-Эхний шалгаруулалтад 250 орчим мэргэжлийн боловсролын байгууллагын суралцагчид оролцсон. Хоёрдугаар шатанд 61 суралцагч авьяас мэдлэг чадвараа, багшаасаа сурсан зүйлээ үзүүлэхээр хүрэлцэн ирээд байна. Эдгээрээс шалгарсан хүүхдүүд хагас жил Солонгос улсад сургалтад сууна. Улмаар бүтэн жил эх орондоо бэлтгэгдсэнээр ирэх 2015 онд Бразилд зохион байгуулагдах Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох юм.
Түүнчлэн Монгол хүмүүс ур чадвараараа дэлхийд гайхагдах, мэдрэмжтэй, чадварлаг, зорьсон ажлаа үр дүнтэй хийдэг гэдгийг эх орондоо биш дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж байгаа залуусаас харлаа. Өөрийгөө болон гэр бүлээ тэжээж мэргэжилтэй ажилтан болох гэж, хөрөнгө мөнгө цуглуулах гэж ажиллаж байсан иргэд маань эх орондоо ирж тэнд ажиллаж байсан технологио Монголдоо авч ирж, тоног төхөөрөмжөө оруулж ирж байна.
-Сүүлийн үед сургуулиуд дадлага давамгайлсан гэх үгийг ихээр хэрэглэх болсон. Сургуулиуд дадлага ажлыг ямар түвшинд хийж байгаа вэ?
Бид хяналт тавьж хүүхэд элсүүлээд тэдгээр хүүхдүүдээ ажлын байраа өөрсдөө олцгоо гэдэг хуучны тогтолцоог өөрчилж, сургалтын 20 хувийг танхимд, 80 хувийг дадлага болгосон. Улмаар ур чадвартай, сайн мэргэжилтнийг гаргаж зах зээлд нийлүүлэх, хүний нөөцийг зөв зохистой ашиглах нэрийдлээр хувийн хэвшлийнхэнтэй ажиллаж хоёр жил шахам болж байна. Энэхүү ажлын хүрээнд боловсрол, Политехникийн коллежийг төгссөн төгсөгчдийн маань 80 орчим нь ажлын байраар хангагдаж өргөн боломж нээгдэж байна.
-Нарийн мэргэжлийн эсвэл инженер, техникийн ажлуудад ихэнхдээ гадны мэргэжилтнүүд ажилладаг гэх шүүмжлэл бий. Гэтэл өнөөдрийн тэмцээн залуус тэдэнтэй өрсөлдөж чадна гэдгийг харуулж байна. Дотоодын мэргэжилтнүүдээ ажлын байраар хангах тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Хувийн хэвшлээс захиалга авч хамтран ажиллаж байгаа учраас удирдах зөвлөлд зарим чиглэлээрээ мэргэжлийн боловсролд хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхний тоо нэмэгдэж байна. Энэ хэмжээгээрээ гадаадаас мэргэжилтэн авах ажлаа цөөлж, дотоодоосоо мэргэжилтэн авах чиглэлээр ажиллаж байна.
-Саяхан та УИХ-ын даргатай Солонгос улсад айлчлал хийсэн. Айлчлалын үеэр тус улсад ажиллаж, амьдарч байгаа монголчуудтайгаа уулзсан гэж байсан. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?
-Надад болон Хөдөлмөрийн яаманд гадаадын өнцөг булан бүрт ажиллаж байгаа иргэд маань тоног төхөөрөмжөө Монголдоо оруулъя, харин татвараас нь чөлөөлөөч гэсэн хүсэлт тавьж байсан. Харин дөнгөж сая УИХ дээр жижиг, дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг 2016 оны 12 дугаар сарын 31-нээс татвараас чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Аливаа асуудалд гишүүд намаараа талцдаг хэдий ч жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих ард иргэдээ ажилтай байлгах, ажиллаж хөдөлмөрлөх хүсэлтэй байгаа иргэдээ дэмжих асуудалд ямар нэгэн байдлаар улстөржсөнгүй.
-Татварын буцаалтаар хуримтлал үүсгэх асуудал юу болж байгаа вэ?
-Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр үе шаттайгаар олон ажил хийж, хэрэгжүүлж байгаа. Үүний хүрээнд татварын 90 хувийн буцаалтыг хийхээр боллоо. Үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа нийт аж ахуйн нэгжүүдийн 93 хувь нь 1.5 тэрбумаас доош орлоготой аж ахуйн нэгжүүд байдаг. Энэ аж ахуйн нэгжүүдийн татварыг оны эцсээр буцааж, дараа онд нь олгож хуримтлал бий болгох асуудлыг Засгийн газарт өргөн барьсан. Удахгүй шийдэгдэх байх.
-Тэгвэл НӨАТ-ын босгыг нэмэгдүүлэх асуудал шийдэгдэж байгаа юу?
-Нэмэгдсэн өртгийн албан татварын босгыг нэмэгдүүлж, 50 сая төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжүүдэд албан татвар ногдуулахгүй байх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэж байна.
-“Чингис” бондын хөрөнгөөс ЖДҮ-ийг хөгжүүлэхэд зориулж мөнгө олгож эхэлсэн. Үүний үр дүн гарч байгаа юу?
-Засгийн газар саяхан “Чингис” бондоос жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр 100 гаруй сая төгрөгийн сангаар дамжуулж олгож эхэлсэн. Энэ мэтчилэн хөрөнгө оруулалт, шийдвэр нь ур чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэхэд урам зориг авч ирсэн, аж ахуйн нэгжүүд өөрийн орон тоог нэмэгдүүлж, шинэчлэлээ хийхэд томоохон гэрэл гэгээтэй асуудлуудыг бид ойрын хугацаанд шийдэж чадсан.