Тим Дэ Мэйэр: Нийгмийн эмзэг бүлэг хөдөлмөр эрхлэх баталгааг хуулинд суулгах хэрэгтэй
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын БНХАУ, Монголыг хариуцсан товчоон захирал Тим Дэ Мэйэртэй ярилцлаа.
- Монголын Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас ямар саналыг хүргэсэн бэ?
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас үндсэн хэд хэдэн зарчмыг санал болгосон. Нэгдүгээрт хөдөлмөрийн харилцааны суурь зарчим буюу ажлын байран дээрх хүний эрхийн асуудал. Юуны түрүүнд хөдөлмөрийн харилцаанд орж буй ажил олгогч, ажилтан хоёр тус тусдаа бие даасан байгууллагаар төлөөлүүлэн өөрсдийн эрх ашиг, сонирхлоо илэрхийлэх боломжтой байх ёстой. Хоёрдугаарт аливаа албадан хөдөлмөрийн хэлбэрийг устгах. Гуравдугаарт сургуулийн насны хүүхдийг хөдөлмөр эрхлүүлэх, өөрөөр хэлбэл хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг арилгах хэрэгтэй. Эцэст нь ажлын байран дээр ямар нэг байдлаар ялгаварлан гадуурхах үзэгдэл гарах ёсгүй гэсэн зарчмуудыг хүргэсэн.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлд зах зээлийн чиг баримжааг тусгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээ, хамтын хэлэлцээрийг гол объект болгож аливаа маргааныг шийдэхэд ашиглах нь оновчтой. Монгол улс зах зээлийн харилцаа хөгжиж буй орон учраас зах зээлд гарч буй аливаа чиг хандлагыг хөдөлмөрийн харилцаандаа тусгах нь зүйтэй. Хүүхэд, өрх толгойлсон эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд баталгаат орлоготой байх боломжийг хуулиндаа тусгах хэрэгтэй.
- Зарим байгууллага хөдөлмөрийн тухай хуулинд зааснаас давсан журамтай байдаг. Энэ талаар та юу гэж бодож байна?
Компаний дотоод журам Хөдөлмөрийн тухай хуулинд зааснаас чанга байх нь асуудал биш. Харин ажлын байрны нөхцлийг хуулинд зааснаас доогуур тогтоож өгвөл асуудал үүснэ. Тухайлбал найман цаг ажиллуулах байтал 10 цаг ажиллуулдаг тохиолдол бий. Тиймээс компаний журам хөдөлмөрийн хэлцэл дээр тулгуурлаж, түүнийхээ дагуу маргааныг асуудлыг шийдэх хэрэгтэй. Харин хөдөлмөрийн гэрээ ямархуу нөхцөлтэй байхыг хуулинд тодорхой, ойлгомжтой тусгавал зохино.