Дэлхийн хаана ч байхгүй гоё нэртэй мэргэжлүүдийг дипломд “хадахгүй”
“Дипломны гол” гэдэг хэллэг сүүлийн үеийн чанаргүй, хөрвөх чадваргүй боловсон хүчин ихэссэнээс үүсэн, аль ч байгууллага, аж ахуйн нэгжийн ахмадууд болон дарга нарын амнаас унах боллоо. Энэ нь их дээд сургуулиудад бакалаврын түвшинд мэргэжил эзэмшүүлэхдээ хэт нарийсган эрхзүйн чиглэлээр л гэхэд олон улсын, худалдааны, оюуны өмчийн, бизнесийн гэх зэргээр төрөлжүүлдэг нь төгсөгч ажлын байранд гараад аль нэг тийш хөрвөх чадваргүй болж мэргэшдэгээс ихээхэн хамааралтай.
Тиймээс их дээд сургууль, коллеж, ТББ-ууд, багш, судлаачдын санал дүгнэлт, хэд хэдэн хэлэлцүүлэгт үндэслэн Боловсрол, шинжлэх ухааны сайд “Мэргэжийн чиглэл, хөтөлбөр шинэчлэн тогтоох тухай” А/78 тоот тушаал гаргасан байна. Шинэчлэгдсэн индексийг ЮНЕСКО-гоос баталсан Боловсролын олон улсын стандартад нийцүүлжээ.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургууль, коллежиуд өдгөө 800 гаруй мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг. Тэгвэл салбар яамны тушаалын дагуу энэ тоог 175 болгож цөөлжээ.
Ингэхдээ хэт давхардаж, нарийссан мэргэжлүүдийг нэгтгэж, нэг хөтөлбөрт багцалсан аж. Тухайлбал, Математик хэрэглээний, Математик, программ хангамж, Математик-статистик, Эдийн засаг-математик загварчлал, Инженер математик, Инженерийн процессын загварчлал, Математик загварчлал-эдийн засгийн кибернетик гэсэн долоон мэргэжил нэг багц болж, Хэрэглээний математик гэсэн хөтөлбөрт багтах юм. Гэхдээ мэргэжлийн тоог хаслаа гээд элсэгчдийн тоо цөөрөхгүй.
Салбарын сайдын тушаалаар тухайн хөтөлбөрт хэдэн мэргэжлийг хамруулснаар нь тооцож тухайн сургуульд элсэгчдийн тоог батлахаар заажээ. Энэ нь хэрэглээний математикийн долоон мэргэжил тус бүрт нь 30 гэсэн хяналтын тоогоор элсэлт авч байсан бол одоо хөтөлбөрөө багцлаад 210 элсэгч авах нь.
Мөн соёл, урлагийн эдийн засаг, Цэргийн ар талын эдийн засаг гэх зэрэг “зохиомол мэргэжил”-ийг үгүй хийж, мэргэших хичээлээ нэмэлтээр судалж болох юм. Ингэснээр эдийн засагч биш “Цэргийн ар талын эдийн засагч”-ийн мэргэжил эзэмшсэн нэгэн өөр ажлын байранд очих, амжилт гаргах зам, сонголт, боломжийг хязгаарласан байдал шинэчлэгдсэн хөтөлбөрөөр бүрэн арилах гэнэ.
Тухайн элсэгч сонирхлынхоо дагуу мэргэжил дундаа мэргэших шаардлагатай байсан ч сургуулиуд нэг л хөтөлбөрийн дагуу элсэлтээ авна. Жишээ нь, радио, телевиз, сонины сэтгүүлчийн ангид тус тусад нь элсэлт авахгүй.
Сэтгүүлчээр суралцагсдад шаардлагатай суурь мэдлэгийг олгосны дараа буюу гуравдугаар курсээсээ оюутан нарийвчилсан мэргэжлээ сонгон мэргэших, хамгийн гол нь диплом олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, “Дэлхийн монгол хүн” болох боломж нээгдэнэ гэдгийг их, дээд сургуулийн багш нар хүлээн зөвшөөрч байна. Энэ мэргэжлийн шинэчлэгдсэн индекст 2014-2015 оны хичээлийн жилээс өмнө элсэн суралцаж буй оюутан элссэн мэргэжлээрээ үргэлжүүлэн суралцаж төгсөнө. Харин цаашид магистр, докторын хөтөлбөрийн чиглэл, индексийг илүү нарийвчлан батлахаар боловсруулалтын шатандаа явж байгааг салбар яамнаас мэдээллээ.
Р.БАТ-ЭРДЭНЭ: ОЮУТНУУД СУРАЛЦАХ ЯВЦДАА МЭРГЭШИХ ЧИГЛЭЛЭЭ ӨӨРЧИЛЖ БОЛНО
/МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ “ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ” ТӨСЛИЙН ЗӨВЛӨХ/
-Саяхан Боловсрол, шинжлэх ухааны яамнаас бакалаврын хөтөлбөрийн жагсаалтыг баталсан. Ийм шинэ жагсаалт баталсан нь ямар учир шалтгаантай юм бол?
Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургууль, коллежиуд өдгөө 800 гаруй мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг. Тэгвэл салбар яамны тушаалын дагуу энэ тоог 175 болгож цөөлжээ.
-Бид их, дээд сургуулиар мэргэжилтэн бэлтгэхдээ яамнаас баталсан мэргэжлийн жагсаалтын дагуу сургалтын төлөвлөгөө зохиож, түүнийхээ дагуу сургалт зохион байгуулж ирсэн.
Өөрөөр хэлбэл их дээд сургуульд элсүүлэх хүний тоогоо төгсөх үед нь ажиллуулах ажлын байртай холбон төлөвлөж, сургуулиа төгсөхөд нь ажилд шууд томилж байсан төвлөрсөн төлөвлөгөөний нөхцөлд тохируулсан зохицуулалт байсан. Ийм ч учраас бид дээд сургуульд сургахыг “мэргэжилтэн бэлтгэх”, “боловсон хүчин” бэлтгэх гэж ярьж хэвшсэн.
Гэтэл 1990-ээд оны эхэн үеэс буюу албан ёсоор 1995 онд баталсан Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хуулиар дээд боловсрол нь бакалавр, магистр, доктор гэсэн шатлалтай байхаар хуульчилж мөрдөж эхэлсэн. Энэ нь урьдчилан төлөвлөсөн ажлын байранд зориулан “мэргэжилтэн бэлтгэж” байсныг өөрчилж, боловсрол олгох шинэ тогтолцоонд шилжүүлсэн явдал юм.
Ажил олгохыг зөвхөн төр дангаараа төлөвлөж шийдвэрлэх боломжгүй болсон гэсэн үг. Ингэснээр иргэн хүн эзэмшсэн боловсролоо хэрхэн ашиглаж хэрэглэхээ өөрөө сонгож шийдэх боломж, хэрэгцээг тусгасан. Ийм шинэчлэлийг хуучин соц орнууд хийсэн шүү дээ. Гэтэл манайх саяхан хүртэл дээд боловсролын “мэргэжлийн” жагсаалтыг яамнаас батлан, түүний дагуу сургуулиудын сургалтын хөтөлбөрийг хянан баталж мөрдүүлж ирсэн. Харин энэ жилээс хуулийн дагуу дээд боловсролын сургууль “мэргэжилтэн бэлтгэх” бус, дээд боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэх чиг үүрэгтэйг үндэслэн бакалаврын хөтөлбөрийн жагсаалт болгож баталсан байна.
-Тэгвэл оюутнууд өмнө нь мэргэжлээ сонгодог байсан бол одоо хөтөлбөр сонгох нь. Давуу талтыг нь та хэрхэн харж байна?
-Суралцах хүн боловсролоо яаж ашиглах, үүний тулд цаг хугацаа, хөрөнгө хүчээ хэрхэн зориулах вэ гэдгээ өөрөө сонгож шийднэ. Тухайлбал, манайд эмчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх бол Эрүүл мэндийн яам, багшлах эрхийг Боловсрол, шинжлэх ухааны яам, хуульчийн мэргэжлийн эрхийг Хуульчдын холбоо тусгайлан тогтоосон журмынхаа дагуу олгож байна. Жишээ нь, эрхзүйн дээд боловсрол эзэмшсэн хүн бүхэн заавал хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх албагүй. Иймд эрхзүйн хөтөлбөрт суралцах хүний тоог хуульчаар ажиллуулах орон тоотой тулган хязгаарлах шаардлагагүй гэсэн үг.
-Бакалаврын мэргэжил хөтөлбөрт шилжчихлээ. Жишээлбэл, эрхзүйчийн хөтөлбөрт хамрагдаж бакалавраар төгссөн хүн цаашид мэргэшихээр бол яах ёстой вэ?
-Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх ажлын байрны шаардлага, шинж чанар байнга шинэчлэгдэж байна. Өнөөгийн ийм нөхцөлд хөрвөж ажиллах чадварыг сайжруулах үүднээс мэргэжлийн хувьд өргөн суурьтай болгохыг эрмэлзэж, хэт нарийвчилсан зарим хөтөлбөрийг нэг хөтөлбөрт хамруулан баталсан. Ингэснээрээ өмнөх жагсаалт ихээхэн цомхон болжээ. Харин магистр, докторын шатанд илүү нарийвчлан мэргэших шаардлага, боломжийг тусгана. Эдгээр шатны хөтөлбөрийн жагсаалтыг одоо боловсруулж байгаа.
-Энэ өөрчлөлт оюутанд ямар ач тустай байх вэ. Аливаа ажил хийж эхэлмэгцээ л үр дүнгээ өгөх нь ховор. Тиймээс гарч болзошгүй хүндрэлийг ч тооцсон байх?
-Дээд сургуульд элсэхдээ хүн бүр 4-5 жилийн дараа, түүнээс цааш ямар чиглэлээр ажил хөдөлмөр эрхлэхээ ягштал тогтож, баримжаа суух нь ховор. Хөгжлийн түвшингээр түрүүлж яваа улс орнуудад ч энэ байдал түгээмэл байдаг.
Энэ нь ямар чиглэлээр мэргэшихээ сонгоход бэлтгэгдсэн байдлаас гадна хөдөлмөрийн зах зээл, ажлын байрны хүрээнд маш эрчимтэй өөрчлөлт хөдөлгөөн явагдах болсонтой холбоотой. Сүүлийн хэдхэн жилийн дотор манай хүүхдүүдийн сонголт бизнес, олон улсын харилцаанаас барилга, дараа нь уул уурхай руу ихээр хэлбэлзэж байгааг бид харж байна. Дээд сургуульд сурч байх үедээ мэргэших чиглэлээ тодотгох, өөрчлөх боломжийг энэ өөрчлөлт нээж байна. Өөрөөр хэлбэл оюутан хүний сонгох боломжийг өргөтгөж албажуулж байна гэсэн үг. Энэ нь нэгэнт элссэн явцуухан хөтөлбөртөө уягдахгүй байх, өөрчлөхөөр бол цаг хугацаа, хөрөнгө мөнгөө алдахаас сэргийлэх юм.
О.МӨНХБАТ: ДЭЛХИЙН ХААНА Ч БАЙХГҮЙ МЭРГЭЖИЛ ЭЗЭМШҮҮЛЖ БАЙНА
/МУИС-ИЙН СУРГАЛТ ЭРХЭЛСЭН ДЭД ЗАХИРАЛ/
-Мэргэжлийн индексийг шинэчилсэн нь танай сургуульд хийж байгаа бүцийн өөрчлөлттэй холбоотой юу?
МУИС-ийг төлөөлөн ярьж байгаа хүний хувьд индексийн шинэчлэлийн ач холбогдлыг хэдэн зүйлээр харж байгаа.
-Мэргэжлийн индексийг шинэчлэх асуудал бол дээд боловсролын шинэчлэлийн тулгуур багана гэж ойлгож байгаа. ЮНЕСКО-гийн боловсролын стандарт ангилал гэж байдаг. Энэ стандарт 2013 онд шинэчлэгдсний дагуу Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэргэжлийн индексийг цэгцлэхээр болсон.
МУИС-ийг төлөөлөн ярьж байгаа хүний хувьд индексийн шинэчлэлийн ач холбогдлыг хэдэн зүйлээр харж байгаа. 1990 оноос хойш их, дээд сургуулиудад хийсэн бодлогын шинэчлэлийн хүрээнд олон бэрхшээл гарч байсан. Түүний дотор эзэмшүүлж байгаа мэргэжлийн нэр томьёо нэлээн хүнд асуудал болж хувирсан. Яагаад гэвэл, зах зээлийн харилцаанд орсноор их, дээд сургуулиуд оюутнуудынхаа төлбөрөөр амь зогоодог болсон.
Тэгээд оюутнуудаа зах зээлээс татаж авахын тулд янз бүрийн шинэ мэргэжлийг зохиож эхэлсэн. Элсэгчдийг татахын тулд хүний чихэнд сонсголонтой, зах зээлд эрэлттэй байж болох олон мэргэжлийг шинээр зохиож гаргаж ирсэн. Тэр дунд дэлхийн хаана ч байхгүй мэргэжлүүд ч явж байгаа.
Эсвэл нэг хөтөлбөрийн хүрээнд 2-3 мэргэжлийг давхар эзэмшүүлэх асуудал гарсан. Үүнийгээ дагаад бид дэлхийн хаана ч байхгүй мэргэжлээр бэлтгэгдсэн хүмүүсээ хөдөлмөрийн ямар зах зээл дээр хэрхэн борлуулах вэ гэдэг асуудал сүүлийн жилүүдэд тулгарч байна.
Өөрөөр хэлбэл, гоё нэртэй мэргэжлээр төгссөн хүмүүст ажлын байр алга. Нөгөө талаасаа маш олон мэргэжил бий болоод ирэхээр багш нарын хувьд ч гэсэн янз бүрийн хичээлийг тухайн мэргэжилдээ тааруулаад зохиож эхэлсэн нь салбар дундын өрсөлдөөнийг хумисан. Шинэчилсэн индекс үүнийг л өөрчилж байгаа. Манай МУИС-д 180 гаруй мэргэжлээр бакалаврын зэрэг олгож байсан бол шинэчилсэн индексээр 80 орчим болж буурсан.
-Шинэчилсэн индексээс харахад олон мэргэжил хасагдаж байгаагийн цаана олон багш ажилгүй болох нь гэсэн ойлголт яваад байгаа?
-Энэ бол маш буруу ойлголт. Багш оюутнуудын тоо цөөрөх асуудал огт биш. Харин олон задарсан мэргэжлийг нэгтгэж нэг журманд оруулж, системтэй болгож буй юм. Ингэснээр шинжлэх ухаан хөгжих боломж илүү болж мэргэжлийн сургалтын чанар ч дагаад сайжирна. Багш нарын хувьд өөр өөрсдийн хичээлийг санал болгох боломж нь хэвээрээ. Дээр нь оюутнуудын сонголт нэмэгднэ.
Оюутнуудын хөрвөх чадварыг сайжруулах үүднээс хавсран мэргэжих хөтөлбөрийг олноор бий болгох боломж нээгдэж байна. Тодруулбал, оюутан өөрийнхөө үндсэн мэргэжлийг эзэмшихээс гадна өөртөө шаардлагатай гэж үзэж буй хавсран мэргэших чиглэлүүдээр тодорхой кредит судлаад, хөрвөх чадвар нь нэмэгдэж ирнэ гэсэн үг.
Өнөөдөр шинжлэх ухааны хөгжил өөрөө салбар хоорондын хамтын ажиллагаан дээр тулгуурлаж эхэлж байна. Тиймээс салбар дундын хөтөлбөрөөр мэргэжлийн зэрэг эзэмшиж байгаа хүмүүст энэ шинэчлэл чухал ач холбогдолтой. Манай сургууль дээр л гэхэд эдийн засгийн тэнхим байна. Хэрэглээний математикийн тэнхим байна. Энэ хоёр хамтын хөтөлбөрөөр эдийн засгийн статистикч бэлдэж болж байна.
Б.ОЧИРБАТ: ЭРДЭМТДИЙН САНАЛЫГ ОЛОН УЛСЫН ЖИШИГТЭЙ УЯЛДУУЛСАН
/ШУТИС-ИЙН РЕКТОР/
-БШУ-ны сайдын тушаалаар мэргэжлийн чиглэл, индекс өөрчлөгдсөн. Танай сургуулийн хувьд инженер, технологийн чиглэлийн мэргэжлийн хөтөлбөрийн ангилал, индекс хэрхэн өөрчлөгдсөн бэ?
-ШУТИС өнөөдөр БШУ-ны Сайдын 2010 оны 235 тоот тушаалаар батлагдсан 137 бакалаврын мэргэжлийн чиглэл, индекстэй сургалтын хөтөлбөрийг мөрдөж байна. Үүнээс Инженер, технологийн чиглэлийн хөтөлбөр 106 /77,4%/, нийгмийн ухаан, менежмент, гадаад хэл, дизайны чиглэлийн хөтөлбөр 31 /22.6%/ байна. Харин шинэ индексийн дагуу инженер, технологийн чиглэлийн мэргэжлийн хөтөлбөрийн индексийн тоо 69 болж буурсан.
-Нарийссан мэргэжлийн хөтөлбөрүүдийг нэг багц болгох талаар заасан байна билээ. Танай сургууль ямар үндэслэлээр мэргэжлийн хөтөлбөрүүдийн индекс шинэчилсэн бэ?
ШУТИС өнөөдөр БШУ-ны Сайдын 2010 оны 235 тоот тушаалаар батлагдсан 137 бакалаврын мэргэжлийн чиглэл, индекстэй сургалтын хөтөлбөрийг мөрдөж байна.
-Бакалаврын түвшний мэргэжлүүдийн тоо хэт олширч, сургалтын чанарт сөргөөр нөлөөлөх болсон, мөн зарим мэргэжлийн оюутны тоо цөөрч, мэргэжлийн давхардал ихэсч, мэргэжлийн нэр, ангилал, сургалтын агуулга олон улсын стандартаас зарим талаар хоцорсон байсан. Мөн мэргэжил хэт нарийссанаас зарим мэргэжлээр төгсөгчдийн ажил эрхлэх нь багасах хандлагатай боллоо.
Манай сургуулийн хувьд сургалтын орчин, материаллаг баазын хүрэлцээ хангамж сул, зарим газартаа сургалт, судалгааны лабораторын давхцал үүсч, хангалттай ашиглаж чадахгүй байна. Нэг багшид ногдох оюутны тоо 19,5 байгаа нь сургалтын чанарт ч сөргөөр нөлөөлдөг /Олон улсын их сургуулиуд дунджаар 12-15 байдаг/. Тиймээс бүрэлдэхүүн сургуулиудын удирдлага, мэргэжлийн хөтөлбөр хариуцаж буй профессоруудтай ажлын хэсэг уулзаж ярилцан, тэдний саналыг үндэслэн индексээ боловсруулсан.
Д.МӨНХЖАРГАЛ: ХЭТ ЯВЦУУРСАН МЭРГЭЖЛЭЭР ДАВХАРДАЛ ИХТЭЙ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХЭЭ БОЛИНО
/МУБИС-ИЙН ЗАХИРЛЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ/
-Их сургуулиудын шинэчлэлийн гол цөм нь хөтөлбөрийн шинэчлэл гэж яриад байгаа. Яагаад заавал хөтөлбөр шинэчлэх шаардлагатай гэж. Хуучин индекс юугаар дутагдалтай болчихоод байна вэ?
Өргөн суурьтай боловсролын хөтөлбөрүүдийг бий болгох, хүн хүчээ төвлөрүүлэх, хөрөнгө, санхүү, материаллаг нөөцөө оновчтой ашиглах замаар дээд боловсролд чанарын дэвшил гаргахад төр засгийн бодлого, зохицуулалт зайлшгүй шаардлагатай байгаа юм.
-Төрийн өмчийн их сургуулиуд оюутны сургалтын төлбөрт дулдуйдаж орлогынхоо цөмийг бүрдүүлдэг нь оюутны тоогоор хөөцөлдөх, хэт явцуурсан мэргэжлээр давхардал ихтэйгээр мэргэжилтэн бэлтгэх зам руу түлхсэн. МУИС-д электроник инженер, ШУТИС-д үйлдвэрийн цахилгааны инженер, ХААИС-д хөдөө аж ахуйн цахилгааны инженер гэхчлэн хэт явцуурсан мэргэжлээр давхардуулан бэлтгэж өөр хоорондоо өрсөлдөж иржээ.
Ингэснээр эдгээр мэргэжилд тааруулсан сонголт хязгаарлагдмал, хэт нарийвчилсан хөтөлбөр бий болох, эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэх жижиг тэнхим, сургууль үүсэх нөхцлийг бүрдүүлсэн. Үүнийг өөрчилж өргөн суурьтай боловсролын хөтөлбөрүүдийг бий болгох, хүн хүчээ төвлөрүүлэх, хөрөнгө, санхүү, материаллаг нөөцөө оновчтой ашиглах замаар дээд боловсролд чанарын дэвшил гаргахад төр засгийн бодлого, зохицуулалт зайлшгүй шаардлагатай байгаа юм.
-МУБИС-ийн нөхцөл, байдал өнөөдөр ямар байна вэ?
-Манай сургуульд ч гэсэн нөхцөл байдал ижил байна. Тухайлбал, Математик, статистикийн сургуульд математик-физикийн багш бэлтгэж байхад хажуудах Физик, технологийн сургуульд физик-математикийн багш, Компьютер-мэдээлэл технологийн сургуульд мэдээлэл зүй-математикийн багш бэлтгэж байх жишээтэй.
Монгол судлалын сургуульд монгол-орос хэлний багш бэлтгэж байхад Гадаад хэлний сургуульд орос-монгол хэлний багш зэрэгцэн бэлтгэж байгаа юм. Бүрэлдэхүүний сургууль бүр оршин амьдрахын тулд чадах чинээгээрээ зүтгэж элсүүлж болох боломжтой бүхий л нарийвчилсан болон хосолсон мэргэжлийн хөтөлбөрийг өөр хоорондын уялдаа холбоогүйгээр боловсруулан мөрдөж ирсэн байдаг.
Математикийн багш, физикийн багш, химийн багшийн мэргэжлийн хөтөлбөрүүд гэхэд л салангид, өөр хоорондоо уялдаагүй боловсруулсан, багш боловсролын нэгдсэн үзэл баримтлалд зангидаагүй байх жишээтэй.
-Танайх тэгвэл хөтөлбөрийн шинэчлэлээ яаж хийв?
-Сургуулиуд өөрсдөө хөтөлбөрөө оюутныхаа эрэлт хэрэгцээ, сонголтонд нийцүүлэн уян хатан боловсруулах боломж нээгдэж байгаа юм. Тухайлбал, хими, физик, биологи, газарзүйн багш гэсэн нарийвчилсан мэргэжлээр элсэх бус байгалийн ухааны боловсролын хөтөлбөрт элсээд явц дундаа үндсэн/major/ болон /minor/ хөрвөх мэргэжлийн чиглэлээ оюутан өөрөө сонгох боломжийг бүрдүүлнэ.
-Ингэснээр хэчнээн хөтөлбөрийн чиглэл гарах бол?
-Одоогийн байдлаар манай сургууль БШУЯ-аас 34 нарийвчилсан мэргэжлээр тусгай зөвшөөрөл авч, 34 сургалтын төлөвлөгөө батлуулдаг. Харин энэ шинэ индексээр 10 орчим өргөн суурьтай боловсролын хөтөлбөрөөр сургалт явуулахаар болж байна.