Л.Гантөмөр сайд “зангиагүй” уулзалт хийлээ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнгийн урилгаар сэтгүүлчидтэй “Зангиагүй уулзалт” зохион байгууллаа.
Уулзалтаар “Дээд боловсрол-Чанарын шинэчлэл” сэдвийг онцолж, бодлого, зорилтын талаар ярилцсан юм. Энэ үеэр их, дээд боловсролын чанарыг дээшлүүлэх талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр “Сүүлийн хорин жил шинэчлэлийн араас явсан бол одоо Монголын боловсрол чанарын шинэ шатанд гарч ирж байна. Боловсрол бол амьд организм учраас цаг үеийн шаардлагаар хурдацтай хөгжиж байна. Дээд боловсролын тогтолцооны шинэчлэл нь их, дээд сургуулиудыг зөвхөн сургалтын байгууллага бус шинжлэх ухаанч мэдлэг олгох тал руу нь анхаарна” гэж хэлсэн юм.
Улсын хэмжээнд одоогоор 101 их, дээд сургуульд 800 орчим төрлийн мэргэжлээр 175 мянга гаруй оюутан суралцаж байна. Ийнхүү их, дээд сургуулиудын боловсролын тогтолцоог сайжруулахын тулд олон улсын төвшинд нийцэх лабораториудыг сургуулиудын дэргэд байгуулж өгөх байдлаар анхаарах ажээ.
Ингэснээр оюутан байх хугацаандаа мэдлэгээ бүрэн баталгаажуулж, ажлын байранд гарахад туршлагагүй боловсон хүчин биш, олон улсын стандартад нийцсэн лабораторид ажиллаж чаддаг, шинжлэх ухааны салбарт шинэ ололт авчрах хүний нөөц гарах юм байна.