Чуулганы хуралдаанд Ерөнхий сайд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв
УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр /2013-10-04/ үдээс хойш 14.45 цагт эхэлж хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Ерөнхий сайд мэдээлэлдээ, энэ оны эхний найман сарын байдлаар гаргасан Макро эдийн засгийн үзүүлэлтүүд, Ургац хураалтын явц болон өвөлжилтийн бэлтгэл, Бүтээн байгуулалтын ажлын явц, “Чингис бонд”-ын хөрөнгөөр хийгдэж байгаа ажлууд болон Ерөнхий сайдын гадаад айлчлалын талаар товч танилцууллаа.
Мэдээлэлд дурдагдсанаар, “Монгол Улсын эдийн засаг 2013 оны нэгдүгээр улиралд 7.1 хувийн өсөлттэй байсан бөгөөд Оюутолгойн баяжуулах үйлдвэр 2013 оны зургадугаар сард ашиглалтанд орж, зэсийн баяжмалаа долдугаар сараас экспортолж эхэлсэн.
Мөн “Чингис бонд”, Хөгжлийн банкны хөрөнгөөр авто зам болон дэд бүтцийн барилга, байгууламжуудыг барьж, Засгийн газар болон Монголбанкны хамтарсан “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд барилгын салбарт санхүүжилт олгож, бодит салбарын хөгжлийг дэмжсэнээр эдийн засгийн өсөлтийн хурд хоёрдугаар улиралд эрчимжиж, эхний хагас жилд эдийн засаг 11.3 хувиар өсөөд байна.
Дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны эхний хагас жилд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нэрлэсэн үнээр 1.4 их наяд төгрөгөөр өссөн байна. Сүүлийн жилүүдийн инфляцийн түвшинг авч үзэхэд нийлүүлэлтийн болон бараа бүтээгдэхүүний зардлын өсөлттэй холбогдсон инфляци давамгайлж байгаа нь харагдаж байгаа.
Иймд Засгийн газраас инфляцийн түвшинг бууруулж, тогтворжуулах бодлого баримтлан хэрэгжүүлж байгаа бөгөөд 2012 оны дөрөвдүгээр улиралд Монголбанк, Засгийн газар хамтран “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлээд байна.
Үнэ тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах”, “Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах”,” Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах”, “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” гэсэн 4 дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэн нийлүүлэлтийн шинж чанартай инфляцийг бууруулах зорилгоор түлш, шатахуун, мах, гурил зэрэг бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийг дэмжин ажиллаж байна.
Гадаад худалдааны бараа эргэлт 2013 оны эхний 8 сарын байдлаар 7.6 хувиар буурч, гадаад худалдааны тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 235.0 сая ам.доллараар буурч 1.6 тэрбум ам.доллар болсон байна. Экспортын хэмжээ энэ оны эхний 8 сарын байдлаар өмнөх оныхоос 6 хувиар буурч, 2.7 тэрбум ам.доллар байлаа.
Гадаад валютын ханш 2012 оны сүүлийн хагаст өсөх хандлагатай байсан боловч “Чингис бонд”-ын хөрөнгө орж ирснээр гадаад валютын нөөц нэмэгдэж валютын ханшийг тогтворжуулсан.
Экспортын бууралтад нүүрсний экспорт биет хэмжээгээр 21 хувиар буурч, 9.6 сая тоннд хүрсэн, нөгөө талаар нүүрсний үнэ 30 орчим хувиар буурсан нь голлон нөлөөлөв.
Харин боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспорт өмнөх оны мөн үеэс 3.5 тонн алтаар нэмэгдсэн, газрын тосны экспорт 2.6 сая баррельд хүрч, өмнөх оныхоос 90.0 сая ам.доллараар, төмрийн хүдрийн экспорт 86.0 сая ам.доллараар тус тус нэмэгдсэн нь уул уурхайн салбарын экспортын бууралтыг багасгав.
Импортын хэмжээ 2013 оны эхний 8 сарын байдлаар 8.6 хувиар буурч, 4.2 тэрбум ам.долларт хүрээд байна. Импортын бууралтад машин, тоног төхөөрөмж, түлш, шатахуун, төмөрлөгийн бүтээгдэхүүний импорт буурсан нь голлон нөлөөлжээ. Нийт экспорт 2013 онд өмнөх оноос 7 орчим хувиар өсөх төлөвтэй байна.
Гадаад валютын ханш 2012 оны сүүлийн хагаст өсөх хандлагатай байсан боловч “Чингис бонд”-ын хөрөнгө орж ирснээр гадаад валютын нөөц нэмэгдэж валютын ханшийг тогтворжуулсан. Харин 2013 оны дунд үеэс эхлэн төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдсэнээс гадна зах зээлд валютын ханшинд нөлөөлөх хэд хэдэн сөрөг мэдээлэл гарч, иргэдийн валютын хадгаламж нэмэгдэж, валютын ханш өсөөд байна.
Валютын ханш өссөн нь гадаад валютын орж ирэх урсгал буурсан, нөгөө талаар дэлхийн зах зээлд ам.долларын ханш чангарсантай холбоотой. Иймд Засгийн газраас хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлж, экспортыг дэмжих чиглэлээр ажилласнаар манай улсад орж ирэх гадаад валютын урсгал нэмэгдэж, төлбөрийн тэнцэл ашигтай гарч, валютын ханш тогтворжих нөхцөл бүрдэх юм.
2013 онд зургаан аймгийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох зорилтыг дэвшүүлээд байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд нийт 1, 226.4 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг гүйцэтгэж байна.
Орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн уялдааг хангах, улмаар орон сууцны үнэ тогтвортой байх суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд дуусаагүй орон сууцны барилгад зориулж 77 компанид 12.0 тэрбум төгрөгийн зээлийг /Улаанбаатар хотод 7 хувийн хүүтэй, орон нутагт 5.5 хувийн хүүтэй/-ийг 18 сарын хугацаатай олгоод байна.
Үүнтэй холбогдуулан Засгийн газраас Монголбанктай хамтран гаргасан журмын дагуу 2013 оны есдүгээр сарын байдлаар банкууд 451.2 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, 16,122 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн зээлийн хүүг найман хувьд шилжүүлсэн байна.
Мөн иргэд 487.4 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд найм, 129 иргэнд 463.1 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл олгохоор шийдвэрлэсэн байна.
Авто замын салбарт 2013 онд улсын төсөв, Хөгжлийн банк, гадаад зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар нийт 1,065.5 тэрбум төгрөг төлөвлөгдсөн бөгөөд нийт 72 төслийн 2,407,9 у/м төмөр бетон гүүрийн барилгын ажил гүйцэтгэж байна.
Монгол Улсын Засгийн газраас 2013 онд зургаан аймгийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох зорилтыг дэвшүүлээд байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд нийт 1, 226.4 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг гүйцэтгэж байна.
“Дулааны цахилгаан станц-4”-ийн төслийн ажил 35 хувьтай байгаа бөгөөд 2014 онд бүрэн дуусч ашиглалтад орно.
Монголбанк болон Засгийн газар хамтран хэрэгжүүлж буй дэд хөтөлбөрийн хүрээнд “Барилгын гол нэр төрлийн материалын үнийг тогтворжуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 379.0 тэрбум төгрөг хүртэлх санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсэн байна.
“Дулааны цахилгаан станц-4”-ийн төслийн ажил 35 хувьтай байгаа бөгөөд 2014 онд бүрэн дуусч ашиглалтад орно. Мөн “Дулааны цахилгаан станц-3” -ын ажлын гүйцэтгэл 55 хувьтай, угсралтын ажлыг 2014 оны нэгдүгээр улиралд багтаан дуусгаж ашиглалтад оруулна. Харин Амгалан дулааны станцыг барих төслийн явц 15 хувьтай байгаа бөгөөд гэрээний дагуу ирэх оны 8 дугаар сард хүлээлгэн өгөх болно.
2013 оны ургацын урьдчилсан балансаар 423.4 мянган тонн үр тариа, үүнээс 404.6 мянган тонн буудай, 211.8 мянган тонн төмс, 103.4 мянган тонн хүнсний ногоо, 65.2 мянган тонн тосны ургамал, 21.0 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоосон.
Цаг агаарын нөхцөл байдал мал аж ахуйн үйлдвэрлэлд таатай байж хадлан бэлтгэл ид жигдэрч байна. Засгийн газрын 210 дугаар тогтоолоор өгсөн аймаг, сумын аюулгүйн нөөц бүрдүүлэлт 35.0 орчим хувьтай байна. Энэ онд 14.9 сая төл хүлээн авч, одоогийн байдлаар 54.0 орчим сая толгой мал байна. Үүнээс дотоодын хэрэгцээ, экспортод 10.0 орчим сая мал хэрэглэж, 44.0 орчим сая мал өвөлжих төлөвтэй байна... “ гэлээ.
Мөн тэрээр Монгол Улсын Ерөнхий сайдын Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын үр дүн болон энэ оны 10 дугаар сарын 21-26-ны өдрүүдэд БНХАУ-д хийх албан ёсны айлчлалын талаар танилцуулав.
Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
Тухайлахад, УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайдад хэд хэдэн удаа захидал явуулсан ч хариу өгөөгүй байгааг хэлээд, захидлын хариуг ойрын үед хэзээ өгч УИХ-д тайлангаа тавих вэ гэсэн асуултыг асуув.
С.Ганбаатар: Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайдад хэд хэдэн удаа захидал явуулсан ч хариу өгөөгүй.
Ерөнхий сайд түүний асуултад хариулахдаа, “С.Ганбаатар гишүүнээс есдүгээр сарын 24-нд “Шаардлага хүргүүлэх тухай” албан бичиг ирүүлсэн. Энэ бичигт миний мэдэхгүй зүйл олон байгаагийн зэрэгцээ мөн албан ёсоор эцэслэж яригдаагүй зүйлүүд их байна.
Иймд хариулт өгч чадахгүй болчихож байгаа юм. Ер нь Монгол Улсад хохиролтой байдлаар ямар ч асуудлыг шийдэхгүй гэдгийг баталгаатай хэлье. Өнгөрсөн хавар Улсын Их Хурал дээр Оюутолгойн асуудлаарх ойлголтыг цэгцэлсэн. Засгийн газар энэ байр суурин дээр байгаа.
Цаашид хөрөнгө оруулалтын асуудал яригдахад өмнөх хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар Монгол Улс хүртэх ашгийн 53 хувь, нөгөө тал 47 хувь байна гэснийг шаардлагатай бол баталгаажуулъя. Иймд Засгийн газар цаагуураа шийдээд байгаа зүйл байхгүй. Сая Лондонд 30 асуудал шийдэхээс 15 асуудлыг шийдэж ирсэн.
Эдгээр 15 асуудлын зарим нь жижиг, зарим нь том тэнцвэргүй асуудлууд бий. Тэдэн дотроос шийдэж чадсан болон өмнө нь ч нэлээд явуулаад байсан асуудал бол “Интер гоулд” компанийн эзэмшиж байгаа ордын асуудал байгаа юм. Энэ орд хуучин манай Оюутолгойн ордод тооцогддоггүй байсан бол одоо тооцогдоод явж байна.
Энэ мэт тодорхой хэмжээгээр ахиц дэвшил хийгдэж байна. Нэмэлт санхүүжилтийн талаар сая Лондонд тохиролцсон зүйл байхгүй харин энэ талаар саналаа тодорхой тавиарай гэсэн. Одоо ирэх Даваа гарагт энэ асуудлыг ярилцана.
Бид цагаан цаасан дээр хараар буусан юм ярихгүй бол энэ асуудлыг тойрч маш олон хүн маш олон зүйлийг ярьж байна. Энэ бол тэгж олон хүн ярьж шийддэг асуудал биш. Одоо миний санааг зовоож байгаа зүйл бол Оюутолгойн үйл ажиллагааг зогсоосон гэсэн яриа. Оюутолгойн үйл ажиллагааг өнөөдөр зогсоосон зүйл огт байхгүй. Энэ худал ярианаас гармаар байна” гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат тавьсан асуултдаа, “Энэ жил зам их сайн байсан гэж тайлагнаж байгаа. Сайн байсан нь үнэн. Сүүлийн гурван жилд бариагүй замыг та бүхэн барьсан. Гэхдээ чанарын хувьд гологдолтой газрууд их байна гэсэн шүүмжлэлийг хүлээж авах ёстой. Өнөөдөр Цонжинболдогийн замыг тавьж дууслаа гэж байна.
Д.Эрдэнэбат: Сүүлийн гурван жилд бариагүй замыг та бүхэн барьсан ч чанарын хувьд гологдолтой газрууд их байна гэсэн шүүмжлэлийг хүлээж авах ёстой.
Гэхдээ тэр замын чанарт эргэлзэж байна. Энэ ямар өртгөөр босдог зам бэ. Налайхын замыг тавихдаа тэр компани байгаа зам дээр зүгээр бэхжүүлэлт хийгээд л буцаагаад хуччихсан. Тэгэхээр ямар ямар компаниуд энэ жилийн зам тавихад гологдол гаргасныг нэрлээч ээ.
Үүний баталгааг хаана, хэн гаргах юм бэ гэдгийг тодруулсан юм. Мөн хотын дулааны асуудлаар иргэд эмзэглэж байгаа. Энэ жил хотын дулаан найдвартай байж чадах уу үгүй юу гэдэг хариулт авмаар байна” гэлээ.
Замын чанарын хувьд гурван жилийн баталгаат засварын хугацаа гэж байгаа. Тавьсан зам энэ хугацаанд эвдэрч гэмтсэн тохиолдолд гүйцэтгэгч компани эргэж засаж янзлах ёстой. Налайх, Чойрын чиглэлийн 24.1 км замыг шинэчлэхээр байгаа. Энэ замыг засахдаа цементээр бэхжүүлэх шинэ технологийг ашиглаж байна.
Замыг хүлээж авахдаа улсын комисс авсан хойно хүлээж авлаа гэж үзэж байгаа. Харин чанарын доголдолтой замыг хүлээж авахгүй байгаа гэсэн хариултыг Зам тээврийн яамнаас өглөө. Харин хотын дулааны талаар асуусан асуултад
Эрчим хүчний сайд М.Сономпил хариулахдаа, “ Өвөлжилтийн бэлтгэл ажлыг Эрчим хүчний яам гурван сард гарсан сайдын тушаалын дагуу Засгийн газрын хуралдаанд таван сард оруулсан. Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 90 гаруй хувьтай, график төлөвлөгөөний дагуу хийгдэж, их болон урсгал засварын ажлууд үндсэндээ дуусаад байна.
М.Сономпил: Шинээр баригдсан 80 гаруй орон сууц энэ жил дулаанд холбогдох боломжгүй байна.
Улаанбаатарт ажиллаж байгаа дулааны станцууд нийт 1550 кл/клар дулааныг авах хүчин чадалтай. Өнөөдөр дулаан өгөлт энэ хэмжээнд тулчихсан байгаа. Нэмж дулааны эх үүсвэр өгөхгүй байгаа болохоос биш яг энэ хэмжээнд холбогдсон дулааны ачааллыг станцууд өгөх бүрэн боломжтой.
Шинээр баригдсан 80 гаруй орон сууц энэ жил дулаанд холбогдох боломжгүй байна. Харин дулаанд холбогдсон орон сууцнууд дулаанаар доголдох ямар ч асуудал гарахгүй гэдгийг хариуцлагатай хэлэх байна.
Ирэх жил дулааны эх үүсвэрүүд нэмж баригдахтай холбогдуулаад бусад шинээр баригдах орон сууцнууд ирэх жил дулаанд холбох бололцоотой. Ер нь эрчим хүчний салбарынхан өвөлжилтийн бэлтгэлийг сайн хангасан” гэсэн хариултыг өгөв.