Компаниуд гэрээгээ зөрчвөл хөнгөлөлт, дэмжлэгээс хасагдана
Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг сэтгүүлчдийн асуултад хариулдаг “Ерөнхий сайдын 30 минут” нээлттэй ярилцлага боллоо.
2013.10.03

Компаниуд гэрээгээ зөрчвөл хөнгөлөлт, дэмжлэгээс хасагдана

Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг сэтгүүлчдийн асуултад хариулдаг “Ерөнхий сайдын 30 минут” нээлттэй ярилцлага боллоо.

Иргэдэд хямд нүүрс хүргэх зорилтот хөтөлбөрөө өчигдрөөс дахин эхлүүллээ. Өнгөрсөн жил “Нүүрс” хөтөлбөрийг 11 дүгээр сард эхлүүлж байсан бол энэ жил бүтэн сарын өмнөөс хэрэгжүүлж байна. Энэ сарын 22-26-нд өмнөд хөршид хийх Ерөнхий сайдын айлчлалын бэлтгэл хангахаар Батлан хамгаалах, Зам тээвэр, Эдийн засгийн хөгжлийн сайд нар тус тусын шугамаар өмнөд хөршид айлчлал хийж байгаа гэсэн мэдээллүүдийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг уулзалтын эхэнд өглөө.

Гэрээ зөрчсөн “Магнай трейд” шатахууны үнээ буулгахгүй бол хөтөлбөрөөс хасагдаж, энэ мэт дэмжлэг, хөнгөлөлтөд хамрагдаж чадахгүй гэсэн үг гэж Ерөнхий сайд хэллээ.

Борлуулж буй шатахууны үнээ нэмчихээд байгаа “Магнай трейд” болон түүний эзэмшлийн “Жаст” компанид ямар арга хэмжээ авах талаар сэтгүүлчид сонирхлоо. Шатахууны үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдсан компани үнээ нэмж, гэрээ зөрчвөл хөтөлбөрөөс хасна. Хөтөлбөрт хамрагдсан компаниудад Засгийн газраас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгож, нөөцөө нэмэгдүүлэх боломж бүрдүүлж байгаа. Бас валютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалсан алдагдал хүлээвэл төр эрсдлийг хамтран хариуцаж байгаа юм. Гэрээ зөрчсөн “Магнай трейд” шатахууны үнээ буулгахгүй бол хөтөлбөрөөс хасагдаж, энэ мэт дэмжлэг, хөнгөлөлтөд хамрагдаж чадахгүй гэсэн үг гэж Ерөнхий сайд хэллээ.

Үүн шиг жишээ өмнөх долоо хоногт цемент борлуулагч компаниудад, түүний өмнө орон сууцны 8 хувийн хүүтэй зээл олгогч арилжааны банкны салбарт гарсан.

Цементийн үнэ тогтворжуулах Засгийн газрын хөтөлбөрт хамрагдахаар өнгөрөгч хавар гэрээ байгуулсан компаниуд намар үнээ нэмж, үүндээ олон шалтгаан, тайлбар хэлсэн. Өнгөрсөн жил тонн нь 200 мянга давчихаад байсан цементийн үнийг бүтэн таван сарын турш 135-165 мянгад барьж чадсан ч барилгын улирал дуусах үед хариуцлага алдан гэрээ зөрчсөн тул хөтөлбөрөөс хасах болоход яамтайгаа хамтран шуурхай зохицуулалт хийж, богино хугацаанд цементийн үнээ буурууллаа. Орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийн хэмжээг нэмсэн “Хас” банк ч мөн гэрээгээ биелүүлж, одоо зээлээ хэвийн олгож байгаа. Засгийн газрын хөнгөлөлт дэмжлэгт хамрагдах сонирхолтой компани олон байхад төрийн ажлыг уяж гацаадаг заримтай нь зууралдаад байх шаардлага байхгүй гэж Ерөнхий сайд хатуу мэдэгдлээ.

Засгийн газрын хөнгөлөлт дэмжлэгт хамрагдах сонирхолтой компани олон байхад төрийн ажлыг уяж гацаадаг заримтай нь зууралдаад байх шаардлага байхгүй гэж Ерөнхий сайд хатуу мэдэгдлээ.

Иргэн бүрт олгосон “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцааг үнэд хүргэхийн тулд Шинэчлэлийн Засгийн газар олон чиглэлээр ажиллаж байгаа, хувьцааны үнэ өсөх боломж бүрдэхээр хөрөнгийн зах зээл дээр гаргана. “Чингис” бондын хөрөнгийн дийлэнхийг эргэж ашгаа өгөх том төслүүдэд, тэр дундаа экспортын чиглэлийн үйлдвэрүүд босгоход зарцуулж байгаа учраас эргэн төлөлтөд санаа зоволтгүй. Оюутолгойн далд уурхайг ашиглалтад оруулах талаар Лондонд хийсэн хэлэлцээр амжилттай болж, ужгирсан олон асуудлыг талууд ярилцаж ойлголцсон. УИХ-ын намрын чуулганаар хөрөнгө оруулалт, татварын орчинтой холбоотой Засгийн газраас боловсруулж өргөн барьсан хэд хэдэн хууль хэлэлцэгдэнэ.

Хууль батлагдвал манай улсын эдийн засагт эерэг үр дүн, өгөөж өгөх олон таатай боломж бүрдэнэ. Ахмад настны тэтгэврийг жигд нэмж, тэтгэврийн хэмжээнд улам өндөр ялгаа гаргах биш доод хэмжээг нь өсгөх ялгавартай бодлогыг ирэх онд хэрэгжүүлнэ. Хөвсгөл, Дорнод аймгийнхан одоо болтол Засаг даргад нэр дэвшигчээ шинээр сонгож ирүүлэхгүй байгаа учир хуучин удирдлага нь ажлаа үргэлжлүүлээд явж байгаа. Өмнөх нэр дэвшигчдийн асуудал бүх шатны шүүхээр хэлэлцэгдээд томилогдох боломжгүй гэж тогтоогдсон. Иймд тухайн аймгуудын ИТХ-аас шийдвэрээ гаргаж ирүүлбэл Засаг даргыг томилоход Ерөнхий сайдын зүгээс ямар нэг байдлаар саатаасан зүйл байхгүй. БНСУ-ын эрх баригч Сэнүри намын дарга Хван Ү Ёо-гийн Монгол Улсад хийхээр төлөвлөгдсөн айлчлал хоёр удаа хойшлогдсоннь манай талаас шалтгаалаагүй, дотоодынхоо улс төрийн нөхцөл байдлаас үүдэн Солонгосын тал айлчлалыг хойшлуулсан зэрэг мэдээллийг сэтгүүлчдийн асуултын мөрөөр Засгийн газрын тэргүүн хэллээ.