”Төсвийн бодлогогүйгээр баталчихсан гэж юу яриад байгаа юм бэ”
УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ-ын намрын ээлжит чуулганы нээлтийн үеэр касктай ирсэн нь олны анхаарлыг татаж байлаа. Тэрбээр энэ үйлдлээрээ юу илэрхийлэх гэж байсан болон намрын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар ярилцсан юм.
-Та чуулганы нээлтийн үеэр хамгаалалтын касктай ирлээ. Их анхаарал татлаа л даа. Та үүгээрээ юу илэрхийлэх гэсэн юм бэ?
-Хамгаалалтын каск дээр байгаа зургийг та бүхэн анзаарсан байх. Нэг охин шаараа алдаж байгаа зураг байсан юм. Би Монголын төрийн мартсан ой санамжийг дахин сануулах зорилготой байгаа. Учир нь өнгөрсөн жил анхны намрын чуулганд суусныхаа дараа сэтгүүлчидтэй хамт барилгын ажлын хэсгээр явсан.
Өөрөөр хэлбэл нэгдүгээр сургуулийн хажуугийн Ерөнхийлөгчийн өвлийн ордноос Авлигатай тэмцэх газар, Сөүлийн гудамжаар сэтгүүлчдийн хамт явсан л даа. Тэгэхэд алхам тутамдаа барилгын зөрчилтэй таарсан. Бидний нүдэн дээр зөрчил илрээд байхад хотын дарга Э.Бат-Үүл, төр засаг ямар ч арга хэмжээ авахгүй давраагаад байгаа байхгүй юу.
Эцсийн эцэст хохирсных нь хохь болох учиргүй. Монголын төр аливаа асуудлыг шийднэ гэж байгаа л бол шийдэх ёстой шүү дээ. Гэтэл тогтоол гарсан нэрийдлээр мартчихаж болохгүй. Тиймдээ ч үүнийг сануулж байгаа юм. Мөн хамгаалалтын гэдэг санаа нь их чухал. Шатахууны үнэ 50 төгрөгөөр өсчихлөө.
Ургац хураалтын намрын их ажлын үеэр шатахууны үнэ өсөж буй нь харамсалтай байна. Түүнчлэн Арева компани, франц, япончууд хайгуулын лицензээрээ шар нунтаг гаргана гэж ярьж байсан, иргэд үүнийг нь эсэргүүцсэн үйл явдал болсон шүү дээ.
Харин өнөөдөр энэ юу болов, сураггүй болчихлоо. Тэгэхээр уг асуудлыг нэг талд нь гаргах цаг болсон. Хүчтэй нь хүчгүйгээ барьж идэх ёсгүй. Би хүчирхийллийн бус аргаар тэдэнд сануулга өгөх ёстой гэж үзсэн. Тийм учраас сануулах маягаар хамгаалалтын каск өмссөн юм.
-Таны энэ үйлдлийг гишүүд хараад юу гэж байх юм бэ?
-Яах вэ, зарим нь шоолж л байна билээ. Гэхдээ би офшор данстай болчихоод ингэж шоолуулаагүй шүү дээ. Тийм байгаа биз дээ. Засгийн газар төсөв хэлэлцэнэ гэж байгааг нь хараад миний сэтгэл өвдөж байна. Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлгийг төрөх, хүүхдийн эмнэлэг болгож болох байсан. Гэтэл өнөөдөр энэ барилгыг нураана, устгана гэж хэлэхдээ Төсвийн тухай хуулийг зөрчиж байна.
Засгийн газар төсөв хэлэлцэнэ гэж байгааг нь хараад миний сэтгэл өвдөж байна.
Өөрөөр хэлбэл Хууль зүйн яамнаас Батлан хамгаалахын яам руу төсөвтөө шилжүүлнэ үү гэсэн тогтоол гаргасан. Гэвч ингэж шилжүүлдэггүй. Миний дуулснаар 1.2 тэрбум төгрөгийг тэнд ашигласан ч юм уу яасан ч юм байж байгаа гэсэн үг. Миний хувьд ийм утгагүй үйлдлээ болиоч ээ гэж хэлээд байгаа юм шүү дээ.
Харин нийгэмд хандсан үйлдэл хийх хэрэгтэй юм. Өнөөдрийн хувьд эрүүл мэндийн салбар уналтад орсныг үнэхээр гайхаж байна. Гэмтлийн эмнэлгийн 100 эмч ажлаасаа гарна, тэр битгий хэл нэг хүн ажлаасаа гарах гэж байна, та бидний зовлонг сонсооч гэвэл би сонсох үүрэгтэй. Тэдний үгийг сонссоны төлөө сонин сонин юм яриад байх юм.
Машин дээрээс төмөр унаж хүүхдийн амийг аваад явсныг бид өнөөдөр мартах ёсгүй. Бид эмэгтэйчүүд, хүүхдүүдээ хамгаалж, хайрлах ёстой юм. Тиймдээ ч намайг каск өмссөний төлөө шоолох биш, шоолох шалтгаан байгаа нь асуудал болоод байна. Германд янз бүрийн үйлдлээр өөрийн үгээ ойлгуулж болдог. Үүнтэй л адил.
-Намрын чуулганаар та юу хүлээж байна. Хэр үр дүнтэй байна гэж харж байгаа вэ?
-Чуулганы нээлт дээр УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн нэг үг их таалагдаагүй. Юу гэхээр “Төсвийг бид бодлогогүйгээр баталчихсан байна. Одоо үүнийг харж хандах цаг болж” гэсэн нь. Үүнийг сонсоод “Юу яриад байгаа юм бэ” гэж бодсон. Өнөөдөр төсвийн алдагдал л үүсчихсэн. Төсвийн алдагдлыг зохиомлоор тааж хэлээгүй шүү дээ.
Ард түмэнд ойлгомжгүй олон хуулийн төсөл байна. Тэгэхээр намрын чуулган иргэдэд нээлттэй байгаасай гэж хүсэж байгаа. Иймд УИХ-ын дарга хэвлэл мэдээлэлд нээлттэй ажиллаасай гэж бодож байна. Энэ утгаараа намрын чуулганаар хэлэлцэх асуудлууд олон нийтэд нээлттэйгээр хүрээсэй гэж л харж байгаа даа.
-Засгийн газраас өргөн мэдүүлсэн таван хуулийн төслийн нэг болох “Урт нэртэй” хуулийн төслийг нухацтай хэлэлцэх шаардлага байгааг танай бүлгийн гишүүд дэмжсэн. Үүнд чухам ямар өөрчлөлт оруулах ёстой юм бэ?
-Засгийн газар сүнс шиг ажлын хэсэгтэй болчихлоо гэж би бүлгийнхээ гишүүдэд хэлсэн л дээ. Учир нь бүлгийн гишүүн Д.Батцогт “Урт нэртэй” хуулийн төслийн ажлын хэсэгт ороогүй байхад нэр нь байгаад байгаа юм билээ. Үүнийгээ ч өөрөө гайхаад бүлгийн даргаа асууж байсан. Д.Арвин гэдэг хүн яагаад энэ ажлын хэсгийг ахалчихсан юм.
Намайг каск өмссөний төлөө шоолох биш, шоолох шалтгаан байгаа нь асуудал болоод байна.
Ажлын хэсэг хуралдаад байгаа юм уу, үгүй юм уу. Хуралдсан бол яагаад мэдээлэл өгөхгүй байна вэ. Энэ мэтчилэн ойлгомжгүй зүйл их байна. “Урт нэртэй” хуульд А-ашигла, Х-боль гэсэн зарчим хэрэггүй. Хууль нэг бол хэрэгжинэ, үгүй бол хэрэгжихгүй. А нь их өрөвдмөөр юм гээд өөрчилж болохгүй.
Энэ утгаараа ажлын хэсэг хөдөө, орон нутагт ажиллаж ард иргэдийн үгийг сонсох ёстой юм. Хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулснаар чухам ямар ашигтай юм гэдэг дүгнэлтийг ажлын хэсэг хийнэ. Гэтэл 10 минутын өмнө Д.Арвинаар ахлуулсан ажлын хэсэг 30 минутын дараа ажлын хэсэг дүгнэлтээ гаргаж, 60 хувиар “Урт нэртэй” хуулийн төслийг дэмжчихлээ гэж болохгүй шүү дээ.
Энэ бол манай бүлэг болон Монголын ард түмэнд хардалт өгч байна. Яагаад яараад байгаа юм бэ. Манай бүлгийн зүгээс ажлын хэсэгт О.Баасанхүү гишүүнийг оруулмаар байна гэж хэлээд байхад Д.Батцогт байгаа гэж яриад байх юм. Иймэрхүү ойлгомжгүй асуудал их бий. Тохироогоор хуулийг батлахгүй.
-Эдгээр хуулийн төслийг батлах нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах, уул уурхайн салбарын эрх зүйн орчныг сайжруулахад чухал хувь нэмэр болох учир ингэж яараад байгаа юм биш үү?
-Оюутолгой, гадны хөрөнгө оруулалтын харьцаа макро эдийн засагт гарчихсан. Өнөөдөр Мөнгөний бодлогыг Монголбанкнаас уян хатан бодлого нэрийн дор оруулж ирж байна. Төсвийн нөхцөл байдлаас хамаарч мөнгөний бодлогоо уян хатан байлгая гэх юм. Ингэж болохгүй.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн таван хуулийн төслийг баталъя. Харин хэдий хэр хугацаанд үр дүнгээ өгөх юм гэдгээ ард түмэнд тайлагнах ёстой. Хэрэв чадахгүй бол огцор л доо.
-“Урт нэртэй” хуулийн төслөөс бусад дөрвөн хуулийн төслийг хэрхэн дэмжиж байгаа вэ?
-Миний хувьд эдгээр таван хуулийн төслийг бүгдийг нь мэднэ гэж хэлэхгүй. Хүн бүгдийг мэддэггүй. Хуульчийнхаа үүднээс асуудлыг харахад алтны татварыг тав байсныг 2.5 болгохоор байгаа. Ингээд багасгачихаар л ил тод болчихно гэж байх уу. Монгол ямарваа нэг хууль баталсан бол удаан хугацаагаар үйлчилдэг байх хэрэгтэй юм.
Би Монголын төрийн мартсан ой санамжийг дахин сануулах зорилготой байгаа.
Сэтгэл хөдлөлөөр баталсан Эрх зүйн шинэтгэлийн хууль гээд хөгийн инээдтэй хууль байна шүү дээ. Яллагдагчийг төрөөс өмгөөлөгчөөр хангана ч гэж байх шиг. Шүүгчийн цалин нэмнэ гээд төсөвт оруулж ирсэн байх жишээтэй. Тэдний цалин багадаагүй шүү дээ. Гэтэл ард түмний амьдралыг хар л даа. Түлээ, нүүрсээ ч авч чадахгүй байдалтай байна.
-УИХ-ын ээлжит бус чуулган үр дүн өгч чадсан гэж бодож байна уу?
-Ээлжит бус чуулган ямар ч үр дүн өгөөгүй шүү дээ. Батална гэсэн хуулийн төслүүдээ нэгийг ч батлаагүй.
-УИХ дахь намын бүлгүүд ойлголцолд хүрсэн үү?
-Ойлголцолд хүрсэн эсэхийг хэлж мэдэхгүй юм. Хувь гишүүний хувьд тодорхой ойлголцолд хүрсэн гэхэд эргэлзэж байна.