Гишүүд ээлжит бус чуулганд дүн тавилаа
Ганц ч хуулийн төсөл баталж чадалгүй хаалтаа хийсэн УИХ-ын ээлжит бус чуулганы талаар УИХ-ын зарим гишүүнээс байр суурийг сонирхлоо.
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт:
УИХ-ын ээлжит бус чуулганаар төсөвт тодотгол хийх мөн Монголбанк, Эдийн засгийн хөгжлийн яам-ны асуудлыг хэлэлцье гэж байхад тэс өөр Хөрөнгө оруулалтын, Хөрөнгө оруулалтын сангийн, “Урт нэртэй” хууль гээд маш олон асуудлыг оруулж ирсэн.
Тэдгээр нь дутуу дулимаг, боловсруулаагүй байснаас ээлжит бус чуулган юу ч шийдсэнгүй завсарлалаа. Өөрөөр хэлбэл, үр дүн багатай чуулган болж өнгөрлөө гэж дүгнэж байна.
УИХ-ын гишүүн Г.Батхүү:
Ерөнхийдөө Засгийн газар болон хөрөнгө оруулагчдын хоорондын харилцан итгэлцлийг төрүүлсэн ийм хууль бий болох ёстой. Энэ ч утгаараа УИХ-ын ээлжит бус чуулганаар хуулийн төслүүдийг яаран батлахгүйгээр төслүүдийн хэлэлцүүлгийг ээлжит чуулган руу шилжүүлж, нэлээд ул суурьтай хэлэлцэх нь зүйтэй гэж бодож байна.
УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг:
Алдах эрхгүй хуулиуд учраас сайн зангидаад авсан. Үг үсэггүй, нэг бүрчлэн харж байгаад намрын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй.