Ерөнхий сайд Н.Алтанхуяг
2013.09.23

Монгол, Япон улсын стратегийн дунд хугацааны хөтөлбөрийг баталлаа

МҮОНТВ-ийн “Шинэчлэлийн Засгийн газар-1 жилд” нэвтрүүлгийн зочноор Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцлоо.

-Бид стратегийн түншлэл тогтоосон хоёр хөрштэй. Үүнийг гурав болголоо гэсэн мэдээ хэвлэлээр цацагдаж байсан. Энэ талаар?

-Японд хоёр өдөр нилээн шахуу ажилласан. Монгол улс, Япон улсын стратегийн дунд хугацааны хөтөлбөрийг баталлаа. Зургаан сарын хугацаанд хоёр талаасаа эрчимтэй ажилласны хүчинд ойрын таван жилдээ Монгол улс, Япон улс хоёр ямар салбарт юу хийх вэ гэдгээ цэгцэлж чадлаа.

Дунд хугацааны стратегийн түншлэлийн хөтөлбөрт гурван үндсэн асуудал бий. Улс төр, эдийн засгийн салбарт хамтарч ажиллах, харилцан итгэлцлээ бэхжүүлэх, бүс нутаг болоод олон улсын тавцан дээр зохицолдуулсан үйл ажиллагаа явуулах, бие биенийгээ дэмжих асуудал орж байгаа.

Гурван сард Японы Ерөнхий сайд айлчилснаас хойш ажил нилээн урагшилсан. Хөшигийн хөндийн онгоцны буудлын асуудал зургаа, долоон жил яригдаад шийдэгдээгүй. Энэ асуудлыг бид яриад УИХ дэмжээд одоо ажил нь эхлээд явж байгаа. Японы олон компаниуд монголын банк санхүүгийн салбар, бусад салбаруудад хөрөнгө оруулалт хийж эхэлсэн.

Мөн инженер, техник, технологийн чиглэлээр хүмүүсээ монголдоо хоёр жил, Японд хоёр жил хямд зардлаар бэлдэх чиглэлээр ярилцсан. Японд зорчих визийг хөнгөвчлөх талаар бас ярилцсан. Гурван чиглэлд ойрын таван жилд хийх ажлынхаа үндсэн дүн нурууг тодорхойлсон баримт бичигт гарын үсэг зурлаа.

-Эдийн засгийн уналтын мөчлөгт нөлөөлж буй хамгийн гол хүчин зүйл бол гадны хөрөнгө оруулалт багассан асуудал. Гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ. Энэ  асуудлаас гарах гарц гаргалгаа нь юу вэ. Засгийн газар юу хийх гэж байна вэ?

-Энэ нэг жилийн хугацаанд шинэчлэлийн Засгийн газрын явуулсан гол бодлого бол эдийн засгийн өсөлтийг хангах, ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх. Манайхан бүх зүйлийн үнийг барина гэсэн буруу ойлголттой байгаа. Тийм бодлого явуулах боломжгүй.

Бидний хувьд хүмүүсийн амьжиргаанд нөлөөлж буй тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн дээр үнийн өсөлтийг нь саармагжуулах бодлого явуулсан. Японы эдийн засаг өмнө нь дандаа хасах, өсөлтгүй байсан.

Абэгийн Засгийн газар гарснаар эдийн засгийн өсөлт гарсан. Японы эдийн засгийн өсөлт оны эхний хагас жилийн байдлаар 3,8 хувьтай байна. Манай эдийн засгийн хувьд оны эхний зургаан сарын байдлаар 11,3 хувийн өсөлттэй.

-Эрдэнэт дээр урьдчилж ашгийг нь тооцон 250 саяын барьцаанд тавиад сонгуулийн амлалтад тарааж өгсөн. Эрдэнэтийг 25-30 жилээр тогтвортой ажиллуулах бололцоог хангаж чадсан гэж сонсогдсон.

-Ер нь бидний ерөнхий дүр зураг бол мөнгөний хэрэгцээ үүссэн.  Хүмүүст өгөх байсан учраас тодорхой хэмжээгээр бүтээгдэхүүнээ өгнө гээд мөнгийг нь авсан байдалтай. Өнөөдөр үйлдвэр ажиллаж, бүтээгдэхүүн нь гарч байгаа ч мөнгө нь орж ирэхгүй байгаа. Гэхдээ Тавантолгой дээр нөгөө талаас нь орж ирж байна. Эрдэнэтийн хувьд одоо үндсэндээ түрүүчийн мөнгө нь орж ирнэ.

-УИХ-ын ээлжит бус чуулганаар Уул уурхайн яам, Эдийн засгийн хөгжлийн яам хамтран таван хуулийн төсөл өргөн барьж байна. Эндээс хүлээгдэж буй хүлээлт юу байна вэ?

-Өнгөрсөн нэг, хоёр сарын хугацаанд Засгийн газар дүн шинжилгээ хийж, тодорхой арга хэмжээ авсан. Яагаад валютын ханш чангараад, төгрөгийн ханш сулраад байна гэхээр бидэнд валютын эрэлт хэрэгцээ нилээн бий болсон.

Тэр нь сая долоон сарын сүүлээр хүссэн хэмжээнд хүртэл байгаагүй. Одоо бий болоод эхэлж байна. Тэр үед хүссэн хэмжээгээр байгаагүй учраас түүнийг бий болгох чиглэлийн арга хэмжээг Засгийн газар авсан. Мөн өнгөрсөн хоёр жилээ авч үзвэл манайд гадаадын хөрөнгө оруулалт нилээн багассан.

Засгийн газар өнгөрсөн хугацаанд валютын нөөцтэй холбоотой асуудал дээр онцгой анхаарч, цаашид экспортынхоо орлогыг нэмэгдүүлэхэд шаардлагатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх тал дээр ажиллалаа.

-Хүсээд байгаа зүйл бол тогтвортой байдал. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед энэ хууль батлагдсан. Энэ нь тогтвортой болчихлоо гэдэг итгэл л хүмүүст хэрэгтэй юм шиг байна.

-Ер нь харьцангуй мөнгөө оруулсан байхад миний оруулсан хөрөнгө оруулалт ямар хугацаанд үргэлжлэх, гэнэт маргааш хууль гаргаад зогсоочих уу гэдэг дээр л хүмүүс илүү эмзэглээд байгаа. Тэгэхээр үүнийг нэг мөр болгож байгаа.

-Засгийн газраас үнэ тогтворжуулах бодлогыг авч байх үед нилээн шүүмжлэл дагуулж байсан. Гэтэл сая валютын ханш хэлбэлзэж байхад энэ нь зөв байсан нь харагдаж эхэлж байна.

-Өнгөрсөн жилийн 10 сараас эхлэн бид Монголбанктай хамтран зарим бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр бид гаднаас шатахуун оруулж ирдэг компаниудтай хоёр зүйлийг тохирсон.

Японы олон компаниуд монголын банк санхүүгийн салбар, бусад салбаруудад хөрөнгө оруулалт хийж эхэлсэн.

Нэгдүгээр та нарт харьцангуй бага хүүтэй зээл өгье. Хоёрдугаарт хэрэв ханшны өөрчлөлт, төгрөг долларын харьцаа өөрчлөгдвөл тэрний тодорхой хэмжээний эрсдэлийг хариуцъя гэсэн. Тиймээс өнөөдөр төгрөгийн ханш суларсан байхад бензиний үнийг өөрчлөхгүй байгаа.

-Төсвийн алдагдал бараг нэг их наяд давсан юм шиг сонсогдож байна. Энэ тал дээр?

-Энэ оны хувьд ДНБ-д төсвийн алдагдлын эзлэх хувь хэмжээ хоёр хувь байна гэсэн хууль баталсан. Энэ жилийн байдлыг харвал төсвийн орлого тодорхой хэмжээгээр санасан хэмжээнд хүрч орохгүй нөхцөл байдал бий.

Тэгэхээр эндээс хүмүүс юм уу олон улсын байгууллагууд орлого нь бага зарлага нь их гарахын байна гэж харж болгоомжилж байгаа. Чингис бондын мөнгөнөөс бүтээн байгуулалт руу маш их мөнгө хийсэн.

Тиймээс 100,200,300 тэрбум төгрөгийн ажил энэ жил хийгдэхгүй байлаа гэхэд бас тийм том зүйл болохгүй. Ийм байдлаар орлого орж ирэхгүй байхад тодорхой хэмжээний зарлага гарахгүйгээр үүнийгээ хоёр хувь орчим барина гэсэн тооцоо хийгээд явж байна.