Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан
2013.09.30

Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэх төслүүдээсээ нэгийг ч батлуулсангүй

УИХ-ын Эдийн зас гийн байнгын хорооны хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр болсон.

Гэсэн ч Баялгийн санд хамаарах заалттай холбоотойгоор асуудлыг шийдвэрлэж чадалгүй хуралдаан өндөрлөлөө. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж төслийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг өөрчлөн найруулсан нь агуулгын хувьд ойлгомжгүй байгааг ажлын хэсгээс тодрууллаа.

Төсөлд хуулийн үйлчлэх хүрээг энэ хуулиар зохицуулах, энэ хуульд хамаарахгүй асуудал гэсэн байдлаар тусад нь салгаж зааж өгөх нь зүйтэй байна гэсэн санал гаргалаа. Иймээс байнгын хорооны гишүүд төслийн энэ зүйлийн “нийгмийн даатгалын сан, төрийн өмчийн мөнгөн хөрөнгөөр болон төрийн өмчит компанийн хувьцаагаар үүсгэн байгуулж, тусгай хуулиар зохицуулсан сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон харилцаанд энэ хууль хамаарахгүй” гэсэн заалтыг тойрч нэлээд ярилцсаны эцэст байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар энэ заалтыг дахин авч үзэж өөрчлөн найруулж оруулж ирэх чиглэл өгснөөр энэ асуудлыг хэлэлцэхийг түр хойшлуулсан юм.

Ингээд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, уг хуулийн хамт өргөн баригдсан зарим хуулийг хүчингүй болсонд тооцох, зарим хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр болов.

Эдийн засгийн байнгын хорооны үеэр

Энэ үе гишүүн Ц.Нямдорж хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг заавал ээлжит бус чуулганаар батлахыг яарахгүйгээр гишүүд ихээхэн няхуур хандах хэрэгтэй байна. Иймээс хуулийн төслийг намрын чуулганы эхэнд хэлэлцэн батлах нь зүйтэй юм гэсэн санал гаргалаа.

Гишүүн Г.Батхүү ч Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг сайн нягталж байж гаргах ёстой, иймээс төслийн хэлэлцүүлгийг ээлжит бус чуулганд шилжүүлэх Ц.Нямдорж гишүүний саналыг дэмжиж байна гэдгээ хэлэв. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ээлжит бус чуулганаар улс орны эрх ашигт нийцсэн чухал шийдвэр гаргаасай гэж олон нийт хүлээж байгаа. өргөн баригдсан хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэтгэхэд гишүүд идэвх чармайлттай сайн ажилласан.

Эдгээр төслүүдэд нухацтай хандаж, зөв бодлого зорилготой сайн хууль гаргах учиртай гээд хуулийн төслүүдийг намрын чуулганаар эцэслэн шийдвэрлэх байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Гишүүн Л.Энх-Амгалан, А.Тлейхан нар ч ийм саналтай байгаагаа хэллээ. Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэж байсан төслүүдээсээ нэгийг ч УИХ-ын ээлжит бус чуулганаар батлуулах боломж олгосонгүй.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслөөс гадна Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үүргийг УИХ-аас өчигдөр аваад байсан ч үр дүн гарсангүй.