УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа.
2013.09.20

Импорт экспортоосоо өснө гэв

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр нээлттэй хуралдлаа. Энэ удаагийн хуралдаан 11.00 цагийн үед эхэлж гурван цаг үргэлжлээд завсарласан юм. Үдээс хойш 14.00 цагт УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан болох байсан. Гэвч МАН-ын бүлгийн хуралдаанаас шалтгаалан 15 цаг хүртэл хойшлоод байсны эцэст цуцлагдав. Учир нь МАН-ын бүлэг үдээс хойш үргэлжлүүлэн хуралдсан юм. Харин УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагт эхлэхээр зарлагдлаа.

МАН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаараа өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан нарын мэдээллийг сонслоо. Валютын ханш чангарснаар төгрөг үнэгүйдэж, импортын бараа бүтээгдэхүүний үнэ өсч, эдийн засаг хүндэрч, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэн ард иргэдийн нуруун дээр хүнд ачаа болж байна хэмээн МАН-ын зүгээс мэдэгдлээ.

МАН-ын бүлгийн хуралдаанд Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны дарга С.Мэндсайхан эдийн засгийн гол гол үзүүлэлтийн статистик мэдээллийг танилцуулав. Түүний ярьснаар Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн ч хямралын байдалд ороогүй гэв. Энэ оны байдлаар эдийн засаг өнгөрсөн оныхоос 6.7 хувийн өсөлттэй байгаа аж. Харин өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 9.4 хувийн өсөлттэй гэсэн дүн гарчээ.

Энэ оны байдлаар эдийн засаг өнгөрсөн оныхоос 6.7 хувийн өсөлттэй байгаа аж. Харин өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 9.4 хувийн өсөлттэй гэсэн дүн гарчээ.

Үүний дараа УИХ-ын гишүүн Я.Содбаатарын “Эрх баригчид эдийн засаг хямраагүй, сайхан байна гэж яриад байгаа. ҮСХ эдийн засгийн нөхцөл байдлыг юу гэж харж байна вэ. Хямрал үүсээд байна уу, үүссэн бол юунаас нөлөөлж байна вэ" гэсэн асуултад С.Мэндсайхан хариулахдаа “Эдийн засаг хүндрэлтэй байгаа. Гэвч хямрал нүүрлээгүй" гэлээ.

Түүнээс МАН-ын бүлгийн гишүүн Ё.Отгонбаяр “Засгийн газарт ямар мэдээлэл байгаа учраас хүндрэл үүсэхгүй, асуудалгүй сайхан байна гэж мэдэгдээд байна вэ. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан судалгаа миний өмнө байна. Энд манай улсын эдийн засаг ухарсан, инфляцийн түвшин 15 хувьд хүрсэн гэх мэдээлэл байх юм. Тэгэхээр энэ тоо, мэдээлэл, яагаад зөрүүтэй байна” гэв. Хариуд нь С.Мэндсайхан “Бид Засгийн газарт өгсөн мэдээллээ энд өгч байна. Инфляцийн хувьд тодорхой тоог олон улсын байгууллага өгсөн бол манай тоотой зөрөх ёсгүй. ҮСХ өнөөдрөөс хойшхи прогноз гаргадаггүй. Тиймээс цаашид юу болох вэ, яах вэ гэсэн төсөөлөл хийх ёсгүй” гэж онцолно лээ.

Засгийн газрын үйл ажиллагааг дэмжсэн гурван их наяд төгрөгийн урсгалууд үндсэндээ эдийн засаг руу орж ирсэн. Ийм их хэмжээний мөнгөний урсгал, орлого аль ч Засгийн газрын түүхэнд байгаагүй.

УИХ-ын гишүүн Сү.Батболд Н.Батбаяраас дараахь асуултыг асуусан юм. Тэрээр “2013 онд улсын төсөвт 7.4 их наяд төгрөг төлөвлөгдсөн. Хэдийгээр “Чингэс” бонд бол энэ Засгийн газрын үед орж ирсэн ч гэсэн өмнөх Засгийн газрын суурин дээр босгосон мөнгө. Зарим хүмүүс өмнөх Засгийн газар юу ч үлдээгээгүй гэх мэтээр улс төржиж байна. Үнэн хэрэгтээ манай Засгийн газар 2012 оны тавдугаар сард босгосон 580 сая ам.долларын бондыг Хөгжлийн банкинд үлдээсэн. Мөн Засгийн газрын үйл ажиллагааг дэмжсэн гурван их наяд төгрөгийн урсгалууд үндсэндээ эдийн засаг руу орж ирсэн. Ийм их хэмжээний мөнгөний урсгал, орлого аль ч Засгийн газрын түүхэнд байгаагүй. Хамгийн том боломжийг энэ Засгийн газарт олгосон шүү дээ. Энэ нь дотоод талаас өмнөх Засгийн газарт бурууг нялах ямар ч шалтаг шалтгаан алга байна. Нөгөө талаас гадаад зах зээл рүү бурууг чихэх үндэс ч алга. Тэгэхээр одоо нүүрлээд байгаа эдийн засгийн хямрал гэхээс илүү Засгийн газрын бодлогын алдаанаас үүдэлтэй юм биш үү" гэхэд Эдийн засгийн хөгж-лийн сайд Н.Батбаяр “Засгийн газрын алдаанаас болоогүй” хэмээн тайлбарлалаа.

“Бондын мөнгөөр “Гудамж” төсөл хэрэгжүүлж, нүд хуурсан цэцэг ногоогоор тохижилт хийлгэж байна. Нийтдээ хичнээн төгрөг зарцуулав” гэсэн МАН-ын бүлгийн гишүүдийн асуултад Н.Батбаяр сайд “Нийслэлд цэцэг тарих ажлыг хот тохижилт хариуцаж байгаа. “Гудамж” төслийг Чингэс бондын хөрөнгөөр хийгээгүй гэв.

МАН-ын бүлгийн хуралдааны үеэр МАН-ын бүлгийн гишүүд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн Засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Монголбанк болон СҮХ-ны удирдлагуудыг асуултаар булж, нэлээд бухимдангуй дайрч байлаа үеэр Н.Батбаяр сайд Ж.Энхбаяртай бага зэрэг ам мурийв. Учир нь “Бондын мөнгөөр “Гудамж” төсөл хэрэгжүүлж, нүд хуурсан цэцэг ногоогоор тохижилт хийлгэж байна. Нийтдээ хичнээн төгрөг зарцуулав” гэсэн МАН-ын бүлгийн гишүүдийн асуултад Н.Батбаяр сайд “Нийслэлд цэцэг тарих ажлыг хот тохижилт хариуцаж байгаа. “Гудамж” төслийг Чингэс бондын хөрөнгөөр хийгээгүй. Тоогоо хэлэхдээ бодож хэл. Тоо гэдэг бол тоглоом биш. Хүний хэлсэн үгийг зөв ойлгож бай, битгий мушгин гуйвуул. Асуудлаа ярья гэж урихаар чинь ирлээ. Юм ярихаар ярилаа гэх юм. Тэгвэл яах гэж дуудсан юм" гэсний хариуд Ж.Энхбаяр гишүүн “Хэдий болтол намайг доромжлох юм бэ. Чуулган дээр доромжилно, бүлэг дээр доромжилно” гэж сөргөв. Харин Н.Батбаяр сайд би үнэнийг л хэлж байна. Ирэх жил гэхэд импорт экспортоосоо өснө. Зэс, алтны олборлолт эрс нэмэгдэж, газрын тос нэг сая тонн гарчихна. Одоо бол түр зуурын шок. Валютын ханш дээр хүндрэл үүссэн. Гэхдээ ханш буурчихсан байгаа” гэж цөөнхийн бүлгийн гишүүдийн тэвчээрийг шалгаж, залхаав.

Ийнхүү МАН-ын бүлэг нээлттэй хуралдаж, эдийн засгийн нөхцөл байдлын талаар холбогдох албаныхнаас мэдээлэл сонссоны дараа завсарласан юм. Үдээс хойш МАН-ын бүлэг хаалттай хуралдаж, дугаар шилжих мөчид дуусаагүй байлаа. Уг хуралдаанаар УИХ-ын ээлжит бус нэгдсэн чуулганаар хэлэлцэх Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөл, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигг малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд гаргах саналаа хэлэлцэж, намаас хэрэгжүүлэх дараагийн улс төрийн алхмуудаа төлөвлөж буйг албаны эх сурвалж дуулгалаа.