Л.Энх-Амгалан: МАН-ын бүлэг таван хуулийн төслөөс гурвыг нь дэмжихгүй
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Л.Энх-Амгалантай уулзаж, ээлжит бус чуулганаар хэлэлцэж байгаа хуулийн төслүүд, улс оронд үүсээд буй өнөөгийн нөхцөл байдалд ямар дүн шинжилгээ хийж, асуудлыг хэрхэн харж байгаа талаар нь ярилцлаа.
-Таны хувьд УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хууль хэр үр дүнтэй, одоогийн хямралт байдлыг зохицуулахад ямар ач холбогдолтой гэж харж байна?
-Ерөөсөө УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байгаа нь эдийн засгийн хямралтай, валютын нөөц багассан, ам.долларын ханш өсч тэр хэмжээгээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, ард түмний нуруун дээрх ачаа нэмэгдсэн, гадаадын хөрөнгө оруулалт буурсан зэрэг өнөөдрийн хүндрэлт байдлаас л үүдэлтэй шүү дээ. Эдийн засагт үүсээд байгаа хямралаас гарах, гадаад, дотоод хүчин зүйлээ нягтлан ярилцахаас өөр гарц харагдахгүй байна. Энэ ч үүднээс эрх баригчид УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байгаа нь ойлгомжтой. Одоо хэлэлцэж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг МАН-ын бүлэг авч хэлэлцээд амьдралд арай үр өгөөжтэй, гадны хөрөнгө оруулагчдын өмнө унасан Монгол Улсын нэр хүндийг богино хугацаанд сэргээхэд илүү ач холбогдолтой гэж үзээд дэмжихээр шийдсэн.
-Та бүхэн 2013 оны эхний найман сарын эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтийг хамгийн сайн мэдэж байгаа. Төсвийн орлогын бүрдүүлэлт, гадны хөрөнгө оруулалт, Монгол Улсын гадаад орчин гээд баярлах зүйл бага байгаа. Ер нь төсөв хүндрэхээр л урьд нь гаргасан хуулиндаа гар хүрдэг уламжлал тогтсон гэдэгтэй та санал нийлэх үү?
2013 оны хагас жилийн гүйцэтгэлийг 2012 онтой харьцуулахад гадаадын хөрөнгө оруулалт 40 гаруй хувиар буурсан байна.
-Бас шуудхан тэгж дүгнэх нь өрөөсгөл юм л даа. Ер нь бол эдийн засаг, санхүүд хүндрэл учирсан уу гэвэл учирсан. 2013 оны хагас жилийн гүйцэтгэлийг 2012 онтой харьцуулахад гадаадын хөрөнгө оруулалт 40 гаруй хувиар буурсан байна. Энэ бол их том тоо. Экспорт төлөвлөж байснаас хол зөрүүтэй буурлаа. Валютын ханшны өсөлт нь манай бүх иргэдийн халаасыг тэмтэрч, эдийн засагт хамгийн сөргөөр нөлөөлөх гол хүчин зүйл болж байна.
-Валютын ханшны өсөлт өргөн хэрэглээний барааны үнэд нөлөөлөх нь тодорхой. Та үүнийг их энгийн жишээн дээр талбарлахгүй юу?
-За яах вэ. Энгийн жишээн дээр тайлбарлах гээд үзье. Жишээ нь та банкинд сая төгрөгийн хадгаламжтай байлаа гэж бодъё. Гэтэл банкинд хүүтэй хадгалуулсан таны сая төгрөг өнөөдөр худалдан авах чадвараараа найман зуун мянган төгрөгтэй тэнцэх хэмжээнд л оччихлоо шүү дээ.
Ам.доллараар худалдаж авдаг элсэн чихэр, будаа, ургамлын тос гээд өргөн хэрэглээний бүх барааны үнэ өдрөөс өдөрт өсөж байгаа нь монголын 2.8 сая иргэн бүрт тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлж байгаа.
Энэ бол хамгийн энгийн тайлбар. Ам.доллараар худалдаж авдаг элсэн чихэр, будаа, ургамлын тос гээд өргөн хэрэглээний бүх барааны үнэ өдрөөс өдөрт өсөж байгаа нь монголын 2.8 сая иргэн бүрт тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлж байгаа. 2013 оны төсвийн тухай хуулийг УИХ-аар батлахдаа нэг ам.долларыг 1330 төгрөг байхаар төсөвт тусгасан боловч өнөөдөр нэг ам. доллар 1700 төгрөгтэй тэнцэж байгаа нь төсөвт багагүй ачаалал үүсэх нөхцөл бүрдүүллээ.
-УИХ-ын ээлжит бус чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийг яарч сандран хэлэлцэж байгаа нь гадаад, дотоодын олигархжсан хөрөнгөтнүүдийн дарамт, шахалтад монголын төр автсаны тодорхой нотолгоо гэх хүмүүс олон байгаа. Энэ талаар та ямар бодолтой явна?
-Нэр устай үндэсний цөөн хэдэн том компаниа олигархжсан хөрөнгөтнүүд, тэдний гар хөл болсон улстөрчид Хөрөнгө оруулалтын тухай хуулийг гар өргөн батлахаар улайрч байна гэж дайрч давшлах нь хэзээ ч олигтой үр дүн авч ирэхгүй. Тэдэнд зориулсан хөнгөлөлт, чөлөөлөлт байгаа юм шиг манай иргэдэд буруу ойлгогдох зүйл их байна.
Засгийн газраас өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуульд татварын ямар ч хөнгөлөлт, чөлөөлөлт байхгүй. Байж ч болохгүй юм. Гадаад, дотоодынх байна уу, хот, хөдөөгийнх байна уу ямар ч ялгаа, зааг байхгүй. Ямар нэгэн хөрөнгө оруулалт хийсэн л бол татварынх нь орчинг тогтвортой байлгая гэдэг дээр УИХ зарчмын тохиролцоонд хүрээд байна. Ерөнхийдөө одоо хэлэлцэгдэж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэр нь л ийм болохоос гол үзэл баримтлал нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа татварын орчингоо л тогтвортой, найдвартай болгоё гэсэн санаа яваад байгаа юм.
-Ер нь татварын орчинг жирийн иргэд биш, улстөрчид та бүхэн л санаатай, санамсаргүй өөрчилдөг нь нууц биш шүү дээ. Энэ байдал давтагдахгүй гэх баталгаа байна уу?
-Сүүлийн 10 гаруй жилийг одоо эргээд дүгнэхэд сонгууль дөхөхөөр л манай татварын орчин тогтворгүй болоод байсан нь яалт ч үгүй үнэн. Тодорхой улстөрийн намууд, улстөрчид, УИХ-ын гишүүд санаачлагаараа бизнесийн тодорхой бүлэглэлийн эрх ашигт нийцүүлэн янз бүрийн татварын хууль батлуулж, тэр нь эргээд улс орны эдийн засагт тодорхойгүй байдал үүсгэн ихээхэн хохирол учруулсны балаг өнөөдөр ч дуусаагүй үргэлжилж байна.
Монголын төр хөрөнгө оруулагчдыг үргээх биш татварын орчингоо тогтвортой байлгана гэсэн амлалтыг ажил хэргээрээ харуулах учиртай юм.
Түүнчлэн Засгийн газар солигдох эгзэгтэй үеийг тааруулан өөрсдөдөө ашигтай хууль батлуулж байсан гашуун түүх ч байж л байна. Мөн жил бүрийн төсөв орж ирэхэд татварын хуулиуд савладаг гажиг байсаар л байгаа нь хөрөнгө оруулагчид болгоомжлох үндсэн шалтгаан болж байна. Уг нь монголын төр хөрөнгө оруулагчдыг үргээх биш татварын орчингоо тогтвортой байлгана гэсэн амлалтыг ажил хэргээрээ харуулах учиртай юм. Тэгж байж монголыг сонирхох гадаадын том хөрөнгө оруулагчид олширч, дотоодын аж ахуйн нэгжүүд ч зоригтой ажлаа хийх боломж бүрдэх учиртай.
-Засгийн газраас өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл нь үнэхээр алдаа мадаггүй сайн болсон хэрэг үү. МАН-ын бүлэг хоёр гараа өргөн дэмжинэ гэсэн болохоор л ингэж асууж байна л даа?
-Ажил хийж байгаа хүн ямар нэгэн алдаа гаргадаг. Энэ хуулийн төсөлд ч зайлшгүй засах ёстой алдаа харагдаж байна. Дутуу зүйл ч их байна. Ер нь аль ч улс орны Хөрөнгө оруулалтын тухай хуулийн амин сүнс нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг хөхиүлэн дэмжихэд л оршдог.
Гэтэл Засгийн газраас өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд энэ талаар юу ч алга. Хоёрдугаарт одоо нэгэнт Монгол Улсад хөрөнгөө оруулчихсан байгаа гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдэд яаж хандах нь тун бүрхэг байна. Гуравдугаарт хөрөнгө оруулалт хийсэн хэмжээнээсээ шалтгаалан тав, 10,15 жилээр тогтвортой байдлын гэрчилгээ авах зааг ялгааг маш тодорхой болгож өгөх шаардлагатай. Энэ бүхнийг одоо хэлэлцэж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуульд тусгаж чадвал өнөөдөр Монгол Улсад үүсээд байгаа эдийн засаг, санхүүгийн хүндрэлээс богино хугацаанд гарах боломжтой гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзэж байгаа юм.
-Энэ хуульд аж ахуйн нэгжээ бүртгүүлэхдээ 100 мянган ам.доллар төлөх ёстой гэсэн нь амьдралд хэрэгжих боломжгүй гэж шүүмжилж байгаа. Та үүнийг аль талаас нь харж байна?
-Энэ 100 мянган ам.доллар бол гадаадын иргэн Монгол Улсад аж ахуйн нэгж байгуулахад тавьж байгаа шалгуур үзүүлэлт юм л даа. Үндсэндээ одоогийн ханшаар 170 сая төгрөгтэй бол монголд аж ахуйн нэгж байгуулж болно гэсэн үг юм. Энэ бол зөвхөн гадны хөрөнгө оруулагчдад хамаатай болохоос монгол хүнд хамаарахгүй. Энэ шалгуурыг миний хувьд зөв гэж үзэж байна. Монголчууд өөрсдөө хийж чадах хоол хүнс, үйлчилгээ, соёл, ахуйн салбарт сүүлийн үед гадныхан хошуурах болсон нь аж ахуйн нэгж байгуулах шалгуур үзүүлэлт бага байгаатай холбоотой. Харин өнөөдөр бидний хийж чадахгүй, хөрөнгө санхүү яалт ч үгүй дутагдаад байгаа уул уурхай, хүнд аж үйлдвэрийн салбарт гадны хөрөнгө оруулалтыг бүх талаар дэмжих нь одоо хэлэлцэгдэж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийн гол зорилго юм.
-Энэ удаагийн ээлжит бус чуулганаар 2009 онд батлагдсан уул уурхайтай холбоотой “Урт нэртэй хууль”-д гар хүрэх нь тодорхой болсон. Энэ асуудалд уул уурхайн жаргал, зовлонг сайн ойлгодог хүний хувьд та ямар байр суурьтай байгаа вэ?
-УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаад “Урт нэртэй хууль”-ийн журманд өөрчлөлт оруулахыг дэмжихгүй гэсэн дүгнэлт гаргасан. 2009 оны долоодугаар сард батлагдсан энэ хууль өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байгаа ч хууль эрх зүйн хүрээнд их чамбай, сайн хууль болсон. Бидний тавьж байгаа гол үндэслэл нь УИХ-д өргөн баригдсан Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгээ эхлээд гаргая, түүний дараа энэ тухай ярих ёстой гэсэн байр суурин дээрээ хатуу зогсож байгаа.
Ер нь одоо өргөн баригдсан таван хуулиас МАН-ын бүлэг Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийг л дэмжинэ. Нөгөө гурвыг нь дэмжихгүй, завсарлага авна.ё