“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д “Сөүлийн ой төгөл”-ийг нээлээ.
2013.09.10

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Сөүлийн ой төгөл” нээгдлээ

Нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэрийг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх болон экологийн бохирдлыг бууруулах зорилготой “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-ийн  55 га талбайд эхний  бүтээн байгуулалтын ажил хийгдээд байгаа билээ.

Тус хүрээлэн нь  гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхижүүлж,  нийслэлтэй ах дүү хотууд болон олон улсын байгууллага, нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж, байгууллага,  иргэдтэй хамтран ажиллаж байна. Үүний нэг жишээ болж, өнөөдөр “Сөүлийн ой төгөл”-ийг тус хүрээлэнд нээлээ.

Улаанбаатар, Сөүл хотууд 1995 оноос ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоож, хамтын ажиллагааны хүрээнд хоёр хотын хөгжил дэвшил, хот байгуулалт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх болон мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтран ажилласаар ирсэн.

2009 онд Сөүл хотын дарга асан У Сэ Хүн  айлчлалынхаа хүрээнд Улаанбаатар хотын зүгээс санал болгосны дагуу  Сөүл хотын нэрэмжит ой төгөлийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулахаар болжээ.

Солонгосын уламжлалт гүн ухааны шийдлийг харуулсан дүрслэлтэй хийгдсэн энэ төглийг 3 тэрбум төгрөгөөр тохижуулсан бөгөөд хөрөнгө оруулалтыг Сөүл хот 100 хувь хариуцсан байна.

Ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн дагуу 1,6 га талбайд Солонгосын уламжлалт гүн ухааны шийдлийг харуулсан дүрслэлтэй хийгдсэн энэ төглийг 3 тэрбум төгрөгөөр тохижуулсан бөгөөд хөрөнгө оруулалтыг Сөүл хот 100 хувь хариуцсан байна.

Төглийн нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Экологи ногоон хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Т.Бат-Эрдэнэ болон Сөүл хотын Ногоон байгууламж, хот тохижилтийн газрын дарга О Хэ Юонг бусад төлөөлөгчдийн хамт оролцлоо.

Хотын дарга “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 1,6 га талбайд бүтээн байгуулалтын ажлыг хийж өгсөн Сөүл хотын төлөөлөгчдөд талархал илэрхийлээд цаашид Үндэсний цэцэрлэгт хүрээлэн  хүүхэд залуучуудын ирэх дуртай газар төдийгүй эко хөгжлийг олгоход хэрэгтэй газар байх болно” гэдгийг хэлсэн юм.

Энэхүү ой төгөл нээлтээ хийснээр нийслэлчүүдийн очих дуртай газар нэгээр нэмэгдэж байна.