Монгол Улс эдийн засгийн асуудлаа Давост танилцуулна
"Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт" байгууллага манай улсын 2040 он хүртэлх хөгжлийн стратегийн хувилбарын төслийг боловсруулахад ерөнхийдөө эерэг дүр зураг харагджээ.
Тус байгууллагын Стратегийн бодлогын багийнхан уг төслөө энэ сарын 15-нд танилцуулж төр, хувийн хэвшил, иргэний нийгмийнхний санаа бодлыг сонсох гэж байна. "Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт" байгууллагаас улс орнуудад энэ хэлбэрийн төсөл хэрэгжүүлэх тохиолдол ховор байдаг аж.
Монголчуудын хувьд эдийн засгийнхаа салбарт хамгийн тэргүүнд анхаарах асуудлаа хэлэлцэж, дэлхий дахинд улс орноо таниулах боломж нээгдэж байгаа юм байна. Дугуй ширээний уулзалтын үр дүнг ирэх оны нэгдүгээр сард Швейцарийн Давост болох Дэлхийн эдийн засгийн 44 дэх удаагийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд танилцуулах юм.
Давосын чуулга уулзалтын үеэр
Дугуй ширээний уулзалтад дотоод гадаадын 150 гаруй төлөөлөгч оролцохоор болжээ. Үүнээс 30 гаруй улс, олон улсын байгууллагын 90 гаруй төлөөлөгч бүртгүүлсэн байна. Дугуй ширээний уулзалт энэ сарын 15-ны 09.00 цагт эхэлнэ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Эдийн засгийн чуулга уулзалтыг санаачилсан Клаус Шваб нар уулзалтыг нээж үг хэлэхээр болжээ. Үндсэн хуралдаанаар хөгжлийн хувилбаруудын төслийг танилцуулах юм байна. Оролцогчид гурван хэсэгт хуваагдаж, хувилбар бүрийг нарийвчлан хэлэлцэж санал солилцох гэнэ. Уулзалтын нээлт, хаалт л хэвлэлийнхэнд нээлттэй аж.
Дугуй ширээний уулзалт дууссаны дараа энэ сарын 16-нд уул уурхай, усны асуудлаарх салбар хуралдааныг Төрийн ордонд зохион байгуулахаар товложээ. Дэлхийн шилдэг компаниудын төлөөлөл цугларч байгаа энэ боломжийг ашиглаж Монголын бизнесмэнүүдэд хандсан арга хэмжээг ч Монголын эдийн засгийн форумаас төлөвлөжээ. Энэ сарын 15-ны орой бизнесийнхэнд зориулсан арга хэмжээ зохион байгуулах юм байна.