Беларусийн Ерөнхий сайдын айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайд М.В.Мясникович 2013 оны 9 дүгээр сарын 3-5-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.
Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайд М.Мясникович Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Монгол Улсын Их хурлын дарга Зандаахүүгийн Энхболд нарт бараалхлаа.
Хоёр орны Засгийн газрын тэргүүн нарын ганцаарчилсан уулзалт болон өргөтгөсөн хэлэлцээ хийгдсэн юм. Албан ёсны хэлэлцээний үеэр Монгол, Беларусийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцлоо. Манай хоёр орон худалдаа, эдийн засаг, боловсролын салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх таатай хөрс суурь бүрэлдэж буйг талууд онцлон тэмдэглэв.
БНБУ-ын Ерөнхий сайд М.В.Мясниковичийн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Хөдөө аж ахуй, хүнсний сайд Л.К.Заяц хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд эхний ээлжинд сүүний үйлдвэр байгуулахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа Гадаад Харилцааны сайд Л.Болдтой уулзах үеэрээ илэрхийлсэн.
Мөн айлчлалын үеэр хоёр орны харилцааны эрх зүйн хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурлаа. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн орлогч сайд В.Рыбаков нарын гарын үсэг зурсан “Визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээр”-ийн дагуу энгийн паспорттай иргэд харилцан зорчиход албан ёсны урилга авах шаардлагагүй болж, бүх төрлийн паспорт эзэмшигчид нэг жилийн хугацаанд 90 хүртэлх хоног харилцан визгүй зорчих юм. Монгол Улс нийт 16 оронтой иргэд визгүй зорчих тухай хэлэлцээр байгуулаад байна.
БНБУ-ын Ерөнхий сайд М.В.Мясниковичийн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Хөдөө аж ахуй, хүнсний сайд Л.К.Заяц хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд эхний ээлжинд сүүний үйлдвэр байгуулахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа Гадаад Харилцааны сайд Л.Болдтой уулзах үеэрээ илэрхийлсэн. Мөн шувууны аж ахуйг бүх талаар дэмжих, биотехнологи, малын эмийн үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах тухай ярилцаж, санал солилцлоо.
БНБУ-ын Ерөнхий сайд М.В.Мясникович МҮХАҮТ-д Беларусийн бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэнг нээж, хоёр орны бизнес форумд оролцсноор айлчлал өндөрлөлөө