Монгол Улсын Ерөнхийлөгчид Беларусь улсын Ерөнхий сайд бараалхав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүгд Найрамдах Беларусь улсын Ерөнхий сайд Михаил Владимирович Мясникович өнөөдөр бараалхав.
Уламжлалт найрсаг харилцаатай Беларусь улсын Ерөнхий сайд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаад талархаж буйгаа уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илэрхийллээ.
Тэрээр Беларусийн Ерөнхий сайдын айлчлал хоёр орны харилцааны түүхэнд шинэ хуудас нээж, айлчлалын бүрэлдэхүүнд Засгийн газрын албаны чухал хүмүүс, бизнесийн төлөөлөл оролцож буй нь хоёр орны харилцааг идэвхжүүлэхэд сайн нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байгаагаа хэлэв.
Дэлхийн болон Европын эдийн засаг хямралтай байгаа энэ цаг үед Монгол Улсын эдийн засгийн өсөлт, хөгжлийн хурдац сайн байгааг Беларусь улсын Ерөнхий сайд М.В.Мясникович онцлон хэлж байлаа.
Айлчлалын үер Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь улсын эдийн засаг, бизнесийн харилцааг өргөтгөх хэд хэдэн гэрээ, хэлэлцээр хийх гэж байгаагаа тэрээр онцоллоо.
Монгол Улс уул уурхайн баялаг ихтэй бол Беларусьт энэ салбар маш сайн хөгжсөн орон. Иймд Монголд Белаз зэрэг уул уурхайн машин механизм угсрах, засвар үйлчилгээний үйлдвэрийн салбар байгуулах, боловсон хүчин бэлтгэх,
Айлчлалын үеэр Монгол Улс, Беларусь улсын эдийн засаг, бизнесийн харилцааг өргөтгөх хэд хэдэн гэрээ, хэлэлцээр хийнэ.
банк, санхүүгийн салбарт хамтран ажиллах зэрэг чиглэлээр Монгол Улсын Засгийн газартай яриа, хэлэлцээ, төслүүд ярьж байгаа юм байна. Инновац, эрдэм шинжилгээний чиглэлд хамтран ажиллах, Монголд автобус, троллейбус үйлдвэрлэх талаар хоёр тал хамтрах боломжтой гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголд машины үйлдвэрлэл орж ирж байгаа нь эдийн засгийн өрсөлдөх чадварыг бий болгож байгаад баяртай байгаагаа илэрхийллээ. Өмнө нь Беларусьт Монголын олон зуун оюутан сурч боловсорч, мэргэжил эзэмшиж байсан. Энэ уламжлалын дагуу дахин боловсон хүчин бэлтгэх нь маш чухал болохыг мөн тэмдэглэлээ.
Боловсролын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр хоёр улсын Ерөнхий сайд тохирч байгаа нь маш таатай хэрэг гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч онцлоод Монгол, Беларусь хоёулаа далайд гарцгүй орнууд тул транзит тээврийн асуудлаа Беларусь хэрхэн зохицуулдгийг сонирхсон юм.
Беларусь улсын Ерөнхий сайд М.В.Мясниковичийн хэлснээр тус улс хөрш зэргэлдээ Литва, Латви улсуудаар дамжуулан Балтийн тэнгист гардаг. Мөн ОХУ, Казахстантай гаалийн нэгдсэн холбоо байгуулсан тул хөрш зэргэлдээ орнуудаараа дамжуулан транзит тээврийн асуудлаа зохицуулдаг. Монголтой худалдаа хийхэд ОХУ, Казахстантай гаалийн нэгдсэн холбоотой тул ямар нэг хүндрэл үүсэхгүй гэж байлаа.
Ерөнхий сайд М.В.Мясникович Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенкогийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчид дамжууллаа.
Монгол Улсын эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтын орчин улам сайжирна гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч дурдаад уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт хувийн хэвшлийнхэн хоорондоо хамтран ажиллах бүрэн боломжтой гэлээ. Засгийн газрын түвшинд Ерөнхий сайдтай тохиролцсон яриа хэлэлцээрүүдийг дэмжиж ажиллахаа мөн илэрхийлэв.
Беларусийн Ерөнхий сайд М.В.Мясникович Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенкогийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчид дамжуулж, Беларусьт айлчлан очвол нэн таатай байх болно гэв.
Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенко мэндчилгээндээ Монгол Улсын Ерөнхийлөгчид Төрийн тэргүүнээр дахин сонгогдсонд нь талархал илэрхийлж улс төрийн цаашдын ажилд нь амжилт хүсчээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Беларусь улсын Ерөнхийлөгч А.Лукашенкод хариу мэндчилгээ дэвшүүлснийг дамжуулж өгөхийг Ерөнхий сайд М.В.Мясниковичид хүссэнээр уулзалт өндөрлөв.