Монгол, Чехийн ЗГХХК-ын ээлжит тавдугаар хуралдаан боллоо
Шинжлэх ухаан, техник, эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Чехийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын ээлжит тавдугаар хуралдаан 2013 оны 8 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Прага хотноо амжилттай болж өндөрлөлөө.
Засгийн газар хоорондын хамтарсан комиссын Монголын хэсгийн дарга, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Чехийн хэсгийн дарга, Чехийн Үйлдвэр, худалдааны дэд сайд Милан Ховорка нар хуралдааныг даргаллаа.
Энэ удаагийн хуралдаанаар хоёр талын түүхэн харилцаа, хамтын ажиллагааны ололтуудыг дурьдаад, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, барилга, хот байгуулалт, нийгмийн хамгаалал болон хөгжлийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлуудаар ярилцаж, Монгол, Чехийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөв. Дээрх болон бусад салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хөгжлийн тусламжийн үр нөлөөг олон салбарт дээшлүүлэх тал дээр санал нэгдлээ.
Засгийн газар хоорондын хамтарсан комисс нь цаашид хоёр орны хамтын ажиллагааны нөөц, боломжуудыг үр дүнтэй ашиглах, бизнесийн байгууллагууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд улам илүү дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хуралдааны үеэр Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчин, боломжийг Чехийн хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд таниулан сурталчлах, хөрөнгө оруулалт, дэвшилтэт техник, технологийг татах зорилгоор
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Чехийн Эдийн Засгийн Танхим, Чех-Монголын Худалдааны Танхим, Монгол Улсын Элчин Сайдын Яамтай хамтран зохион байгуулсан “Монгол, Чехийн бизнес форум”-ын үйл ажиллагааг Монголын хэсгийн дарга, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Чехийн хэсгийн дарга, Чехийн Үйлдвэр, худалдааны дэд сайд Милан Ховорка, Чех Улсын Эдийн Засгийн Танхимын дэд ерөнхийлөгч Ё.Цийлек нар нээж үг хэллээ.
Шинжлэх ухаан, техник, эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Чехийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын ээлжит тавдугаар хуралдаан
Нээлтийн үгэндээ бизнесийн байгууллагуудын олон талын харилцаа, хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихээ илэрхийлж, Монголын хэсгийн дарга, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан Монгол Улсад бүтээн байгуулалтын их ажлууд өрнөж, гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн таатай орчин бүрдэж байгаа талаар мэдэгдлээ.
Бизнес форумд “Монголын Эдийн засгийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв”, “Монгол Улсын барилга, хот байгуулалтын салбар дахь хөрөнгө оруулалтын боломжууд” болон “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” зэрэг сэдвээр ЭЗХЯ, БХБЯ болон УУЯ-ны холбогдох албаны төлөөлөгчид тус тус илтгэл, мэдээлэл хийв.
“Монгол-Чехийн бизнес форум”-д Чехийн талаас уул уурхай, геологи, усны хайгуул, эмнэлэг, цахилгаан станц, үйлдвэрийн тоног төхөөрөмж, зам тээвэр, дэд бүтэц, барилга, хөдөө аж ахуй, банк санхүүгийн чиглэлийн 70 гаруй бизнесийн төлөөлөгч, Монголын талаас 20 гаруй пүүс, компанийн 40 гаруй бизнесийн төлөөлөгч оролцсон өргөн хүрээтэй арга хэмжээ боллоо.
“Монгол, Чехийн бизнес форум”-ын хүрээнд хоёр талын бизнесийн байгууллагууд хөрөнгө оруулалт, худалдаа хамтын ажиллагааны 4 санамж бичиг, гэрээнд гарын үсэг зурсан байна.
Түүнчлэн Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан Чехийн Үйлдвэр, худалдааны сайд Ж. Циенциела, Бүс нутгийн хөгжлийн сайд Ф.Лукл-тэй албан ёсны уулзалт хийж, геологийн хайгуул, уул уурхай, төмөр зам, барилга, барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны боломжуудын талаар нээлттэй ярилцлаа.
Засгийн газар хоорондын хамтарсан комиссын хуралдааны үр дүнд талууд цаашдын хамтын ажиллагаагаа тодорхойлсон Протоколыг тохиролцож, Прага хотноо Үйлдвэр, худалдааны яаманд 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Монголын хэсгийн дарга Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Чехийн хэсгийн дарга, Чехийн Үйлдвэр, худалдааны дэд сайд Милан Ховорка нар үзэглэв.
Уг протоколд худалдаа, техник, эдийн засгийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй ажлууд тусгагдсан бөгөөд үүнийг хэрэгжүүлэх чиглэлээр талууд хамтарч ажиллахаа илэрхийллээ.