Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба
2013.09.06

Д.Дамба: Хөрөнгө оруулалтын хууль батлагдвал алдаагаа зассан хэрэг болно

"Дисковер Монголиа" чуулга уулзалт 11 дэх жилдээ Хүүхдийн ордонд үүдээ дэлгэлээ. Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, ашигт малтмалын эрэлчид хэмнэлтэд шилжээд байгаа энэ үед зохиогдож буйгаараа 2013 оны уулзалт онцлогтой. Оролцогчдынх нь тоо хоёр дахин буурч, 600-гаад хүн бүртгүүлжээ. 2010 онд хөрөнгө оруулагчдад барьсан Монголын бэлэг нь Оюутолгойн гэрээ байсан бол энэ удаад энэ гэрээний гацаа байлаа. Гацаа, түгжээг тайлахаар Английн нийслэлд томилолт авсан Монголын баг хөрөнгө оруулагчдын чуулга уулзалттай зөрөөд хилийн чанадыг зорих бололтой. Энэ зуур Монголын Хөрөнгө оруулалтын шинэ хууль, Ашигт малтмалын хуульд оруулах өөрчлөлт болоод Татварын багц хуулийн өөрчлөлт нь бусад хөрөнгө оруулагчдын хувьд хүлээлт үүсгэсэн хэвээр байна.

Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба ингэж хэлсэн юм. Түүний ярьж буйгаар хөрөнгө оруулагчид Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг УИХ-аар батлагдан хэрэгжих цагийг хүлээж байна. Энэ хуульд стратегийн болон стратегийн бус гэсэн ялгаа заагийг арилгасан нь тэнцвэртэй нөхцөл болох аж. “Хөрөнгө оруулалтын шинэ хуультай болно гэдэг нь маш том алхам” хэмээн Д.Дамба ярьж байна. Оролцогчдын тайлбарлаж буйгаар Монголын Засгийн газар яаралтай хөрөнгө оруулагчдын итгэлийг олох шийдвэр, хууль тогтоомж хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа аж.