“Discover Mongolia- 2013” чуулган эхэллээ
Уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулагчдын Discover Mongolia-2013” олон улсын чуулга уулзалт өнөөдөр Хүүхдийн ордонд эхэллээ. Энэ жилийн чуулга уулзалтад манай улсын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд нэлээд ач холбогдол өгч байгаа билээ.
“Discover Mongolia- 2013” чуулган
Тус чуулга уулзалтад дэлхийн 10 гаруй орноос 500-600 гадна, дотны төлөөлөгч оролцохоор бүртгүүлсэн байгаа ажээ. Өмнөх жилүүдэд тус чуулганд дэлхийн 50 орчим орноос 1000 гаруй хөрөнгө оруулагч оролцдог байжээ. Энэ жилийн хувьд хөрөнгө оруулагч орны тоо эрс буурсан байгаа нь уул уурхайн салбарын хууль эрх зүйн тодорхойгүй байдлаас шалтгаалж байгааг зохион байгуулагчийн зүгээс хэлж байв. Тиймээс тус чуулганаар тодорхойгүй байгаа хүчин зүйлээ төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид ярилцаж, нэг ойлголтод хүрэхэд таатай боломж гэж үзэж буй.
Тус чуулганыг Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, “Прайм инфо’’ компани хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 10 гаруй байгууллага түншлэл, ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа юм. Энэ жил тус чуулган зохион байгуулалтын хувьд өөрчлөлт орж нийт таван сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг хуралдаан өрнүүлэх юм байна.