Ерөнхий сайд Н.Алтанхуяг, аймгийн иргэдтэй хийдэг уулзалтыг теле хэлбэрээр зохион байгууллаа.
2013.09.02

Иргэдийн уулзалтыг теле хэлбэрээр зохион байгуулах нь үр дүнтэй

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Баянхонгор, Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ аймгийн иргэдтэй хийдэг уулзалтыг теле хэлбэрээр зохион байгууллаа.

Ингэснээр хурлын танхимд 200-300 орчим иргэдийг урьж, индэрт цөөн хэдэн дарга нар сууж ярьдаг тогтсон байдлыг өөрчиллөө. Орон нутгийн телевизүүд теле уулзалтыг шууд дамжуулсан нь аймгийн нийт иргэдэд хүрэх боломжийг олгож байна.

Ингэхдээ иргэдийн санал хүсэлтийг утсаар авч, Ерөнхий сайд, аймгийн удирдлага, асуудлыг хариуцсан албан хаагч тэр даруйд нь хариулт өгсөнд иргэд талархалтай байлаа. Орон нутгийн иргэдтэй хийдэг уулзалтыг энэчлэн улам шинэчлэн сайжруулж байх юм.

Хурлын танхимд 200-300 орчим иргэдийг урьж, индэрт цөөн хэдэн дарга нар сууж ярьдаг тогтсон байдлыг өөрчиллөө

Өвөрхангай, Баянхонгор аймгийн иргэд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй байгаа талаар хэлж байлаа. Сумын иргэд аймгийн төвийн сургуульд хүүхдээ сургах сонирхол ихтэй байдгаас төвийн сургуулийн ачаалал хэт нэмэгдсэн байна.

Иймд аймгийн удирдлага оршин суугаа хаягийнхаа бүртгэлийн дагуу хүүхдээ сургуульд явуулах шийдвэр гаргахааар болжээ. Үүнд иргэд таатай хандахгүй байгаа бөгөөд Ерөнхий сайдад энэ талаар саналаа хэллээ.

Сумын сургуулийн сургалтын орчин, чанар, хүүхдүүдийн амьдрах боломжийг нэмэгдүүлэхгүйгээр ийм шийдвэр гаргах нь зохистой биш. Тиймээс энэ асуудлаар иргэдийн саналыг авч, нээлттэй ярилцаж шийдвэр гаргах нь зөв гэдгийг Ерөнхий сайд Баянхонгорт хийсэн теле уулзалтын үеэр зөвлөж байлаа.