Сэтгүүлчдийн сургалт амжилттай хэрэгжиж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын зохион байгуулж буй сэтгүүлчдийг АНУ-д сургалтад хамруулах хөтөлбөрийн гурав дахь ээлжийнхэн..
2013.08.22

Сэтгүүлчдийн сургалт амжилттай хэрэгжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын зохион байгуулж буй сэтгүүлчдийг АНУ-д сургалтад хамруулах хөтөлбөрийн гурав дахь ээлж амжилттай үргэлжилж байна. Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын телевиз, сонин, сэтгүүл, интернэт мэдээллийн сайтын сэтгүүлчдийн төлөөлөл АНУ-ын нийслэл Вашингтон хотноо англи хэлний мэдлэгээ нэмэгдүүлэхийн зэрэгцээ хэд хэдэн чухал уулзалт, сонирхолтой лекцэд хамрагдаад байна.  

Тухайлбал, Монгол судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч Алишиа Кампигийн "АНУ ба Монгол Улс", Олон улсын харилцаа, Сэтгүүлзүйн судалгааны Озгуд интернэйшнл байгууллагын ерөнхийлөгч Шелтон Вильямсын "АНУ-ын хэвлэл мэдээллийн салбарын өнөөгийн өнгө төрх" зэрэг сонирхолтой сэдэв бүхий илтгэл, асуулт хариулттай уулзалтуудад оролцоод байгаа юм.

Түүнчлэн АНУ-ын төр засаг захиргааны төв болсон Вашингтон хотноо байдаг Төлөөлөгчдийн танхимын хурал чуулган, Сенатын гишүүдийн хийж буй мэдэгдлийг шууд болон бичлэгээр дамжуулан хүргэдэг тусгай студийн үйл ажиллагаатай сэтгүүлчдийн төлөөлөл биечлэн танилцлаа. АНУ-ын Сенат, Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн хэлж буй үг, сонгогдсон муж болон дэмжигчиддээ хандан хийсэн мэдэгдлийг уг студид бичиж, олон нийтэд түгээдэг юм байна.

Монголын сэтгүүлчид хөтөлбөрийн хүрээнд цаашид “АНУ-ын Гадаад бодлого”  сэтгүүлийн нэртэй сэтгүүлч Шейн Харрис, Олон Нийтийн цэвэр шударга байдал төвийн эрэн сурвалжлах сэтгүүлч Дейв Левентал нарын сургалт лекцүүдэд хамрагдах юм. Энэхүү сургалтыг “American Councils” Олон Улсын сургалтын төвтэй хамтран хэрэгжүүлж байна.