Сурагчдыг нэгдсэн автобусаар тээвэрлэхийг үүрэг болголоо
Сурагчдын автобус
2013.08.08

Сурагчдыг нэгдсэн автобусаар тээвэрлэхийг үүрэг болголоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2012 оны 12-р сард “Улаанбаатар хотын автозамын ачааллыг зохицуулах нэмэлт арга хэмжээ авах тухай” захирамж  гаргасан.

Захирамжийн 4 дэх хэсгийн заалтын биелэлт хангалтгүй байгаа тул  Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал эрхэлсэн орлогч Н.Гантөмөр нийслэлийн харьяа төр захиргааны байгууллагуудын дарга, Их дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад албан бичиг хүргүүллээ.

Албан бичигт “Төрийн болон үйлчилгээний байгууллагуудын гаднах авто зогсоолын талбайн 80-аас доошгүй хувийг үйлчлүүлэгчдийн автомашины зогсоол болгох бэлтгэлийг хангаж, захирамжид заасны дагуу ашиглаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах”-ыг үүрэг болгожээ.

Мөн 2013 оны 8-р сарын 25-наас эхлэн байгууллагын  ажилчдын болон сургуулийн   сурагчдыг нэгдсэн журмаар автобусаар тээвэрлэх үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгч, бэлтгэл ажлыг хангаж, биелэлтийг биечлэн шалгаж, тогтмол ажиллах нөхцлийг бүрдүүлэн ажиллахыг даалгалаа.

Захирамжийн заалтыг хэрэгжүүлэх ажлыг хангалтгүй зохион байгуулсан албан тушаалтнуудад тухай бүрт нь холбогдох хууль, журмын дагуу хариуцлага тооцох юм.