GPM 2013 төслийн эргэн тойронд
“Дэлхийн Энхийг бүтээгчид” буюу GPM-2013 /Global Peace Makers/ төсөл 11 дэх жилдээ Улаанбаатар хотноо амжилттай хэрэгжлээ. Энэхүү төсөлд Солонгос улсын Хосео их сургуулийн 24 оюутан, хоёр багш болон Монголын талаас Энхийн төлөө үйлчлэхүй ТББ-ын ажилтан, сайн дурынхан зургаан багийн ахлагчид ажилласан юм.
Мөн төсөлд 25-р сургуулийн 117, 85-р сургуулийн 80 гаруй сурагчид сургуулиа төлөөлөн оролцлоо. 25-р сургуулийн сурагчдын хичээл чармайлт, 85-р сургуулийн сурагчдын нийтэч зан, талархсан сэтгэлээ илэрхийлсэн урлагийн тоглолт нь Солонгос оюутнуудын сэтгэлийн утсыг хөндөж чадсан юм.
Тус оюутнууд Монголд ирж сайн дурын үйл ажиллагааг хийж, бусдад туслахын тулд 2 сарын турш бэлтгэлээ базаасан нь манай залуучуудад үнэхээр үлгэр дуурайл авахуйц, суралцмаар санагдаж байлаа.
25-р сургууль дээр
Төслийн хүрээнд 25, 85-р ЕБС-ийн сурагчдад англи солонгос хэл заах, шинжлэх ухаан болон анагаах ухаан, бие бялдрын хөгжлийн хичээл, дуу хөгжмийн хичээл заасан нь хүүхдүүдэд сонирхолтой шинэлэг болж чадсан. Тэд заах хичээлээ удаан хугацаанд бэлдэж боловсруулсан нь илт харагдаж байлаа.
Сурагчид 3 өдрийн турш боловсролын хөтөлбөрт оролцохдоо ирц бүрэн, цагтаа цугларч байсан нь тэдэнд сонирхолтой, шинэлэг, сайн боловсролыг өгч байсны илрэл биз ээ.
Мөн 25-р сургуулийн гадаах талбайг тохижуулах, хашаан дээр зураг зурах төсөл хэрэгжүүлсэн нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуульд зориулсан сэтгэлийн бэлэг байсан юм.
85-р сургуульд хашаа барих төсөл
85-р сургуулийн гадаах талбайг мөн тохижуулж, явган хүний зам, хашаа зэргийг тоосгоор нямбайлан хийсэн нь сургуулийн хамт олны сэтгэлийг хөдөлгөсөн сайхан үйл явдал боллоо.
Бид энэхүү төслийг 11 дэх жилдээ хэрэгжүүлж байгаа бөгөөд GPM төслийн гол зорилго нь оролцогч сайн дурынхныг боловсруулах, ирээдүйн энхийг бүтээгчдийг бэлтгэн хөгжүүлэх, дадлагажуулах явдал юм байна.
Монгол-Солонгос, орны сайн дурынхан харилцан бие биенээсээ суралцах, найз нөхөд болох, нийгэмд үйлчлэх, тухайн улс орнуудын соёл, ёс заншлаас суралцах зэрэг олон ач холбогдолтой байдаг.
Мөн төсөлд Монгол уламжлалаас суралцах, Гандан, Зайсанд зочилон, Байгалийн түүхийн музей үзэж, морь унах, гэр барьж сурах зэрэг оролцогчдод зориулсан олон сонирхолтой хөтөлбөр багтсан билээ.
“Дэлхийн Энхийг бүтээгчид” төсөл амжилттай зохион байгуулагдаж эх орны маань хөгжил, бүтээн байгуулалтад бодит хувь нэмрээ оруулж байна.
Ийнхүү “Дэлхийн Энхийг бүтээгчид” төсөл амжилттай зохион байгуулагдаж эх орны маань хөгжил, бүтээн байгуулалтад бодит хувь нэмрийг оруулж байна. Жил бүр уламжлал болгон явагдаж буй энэ төслийн үр дүн цөөнгүй бий.
GPM төслийн хүрээнд Япон, Солонгос оюутан сурагчид малчин айлд туслах, хашаа хороо барьж, цэвэрлэх, асрамжийн газарт туслах, тоглоомын талбай байгуулах, цэцэрлэг саад тохижуулан мод тарих зэрэг нийгэмд тустай сайн дурын үйл ажиллагаа хийхийн зэрэгцээ Монголын ахуй нөхцөл, аж амьдралтай танилцан хатуужих, соёл уламжлалаас суралцдагаараа онцлогтой.
Мөн өөр улс орны оюутан залуусын нөхөрлөл, харилцан суралцах, цаашдын хамтын ажиллагаанд сайнаар нөлөөлдөг юм. Энэ удаагийн GPM төсөл 14 өдрийн туршид 4 төрлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн бөгөөд 60 цагийн үйлчлэх төслийг амжилттай хэрэгжүүлсэн юм.