Залуучуудын холбооны тэргүүнээс гурван сайдын суудалд заларсан эрхэм
2012.01.16

Залуучуудын холбооны тэргүүнээс гурван сайдын суудалд заларсан эрхэм

Манай сонин уншигчдадаазориулж "Улстөрчийн амьдрал" хэмээх шинэ буланг нээж байна. Энэхүү булангийнхаа анхны зочноор Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогтыг урьсан юм. Тэрбээр Ардын их хурлын хамгийн залуу депутат байсан бөгөөд улс төрийн арвин намтартай нэгэн билээ.

 

УИХ-ын 2004 оны сонгуулийн сурталчилгаандаа "Ус мөрөн олончиг" хэмээх дууг эгшиглүүлж байсан Сан-гийн сайд С.Баярцогт тухайн үед энэхүү дууны зохиогчийн эрхийг нэлээд өндөр үнээр худалдаж авч байсан түүхтэй. Тэрбээр 20 жилийн хугацаатайгаар  дээрх  дууг өмчилсөн учраа "Улс төрд идэвхтэй байх миний хугацаа 20 жил болохоор энэхүү дууны эрхийг худалдаж авсан юм" хэмээн тайлбарлаж байсан билээ. Үнэхээр ч тэрбээр ирээдүйтэй залуу улстөрчдийн нэг атлаа хөгшчүүдээс дутахааргүй улс төрийн арвин их туршлагатай нэгэн. Түүний аав Б.Сангажав нь багш, агрономич мэргэжилтэй. Тэрбээр Сэлэнгэ аймгийн намын төв хороонд 27 жил ажиллах даа хөдөө. аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд багагүй үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын гавьяат агрономич билээ. Тэрбээр өндөр насны тэтгэвэрт гараад 2000 онд төрсөн нутаг Цагааннуурынхаа "Товхон хан" хэмээх газар тариалангийн компанийг хувьдаа авч амжилттай ажиллаж буй юм. Харин ээж О.Бадам нь эмч мэргэжилтэй. Б.Сангажавынх гурван хүү, гурван охинтой бөгөөд С.Баярцогт айлын дөрөв дэх хүүхэд юм.

 

Б.Сангажавынх   гэдэг   айл   Сэлэнгэ   аймгийн   Сүхбаатар   хотын "60   айл"-ын   энгэр   гэдэг   газарт хоёр өрөөтэй модон байшинд хоёр идэхгүй, хоосон хонохгүй амьдарч байсан гэдэг. Эцэг, эх нь төсвийн ажилтнууд   учир   хүүхдүүдийг   нь О.Бадамыг өргөж авч, хүн болгосон буурай  н.Цэрэн   нь   хүн   болгосон гэдэг. Б.Сангажавын зургаан хүүхэд бүгд гэр бүлийн хүмүүжил, сурлага сайтай гэдгээрээ аймагтаа алдартай байжээ. Тиймээс  ч  сэлэнгэчүүд 23-хан  настай  С.Баярцогтод итгэл хүлээлгэн 1990 онд Ардын их хурлын депутатаар сонгож төр түшилцүүлэхээр   илгээсэн   биз. Үнэхээр   ч С.Баярцогт сэлэнгэчүүдийнхээ итгэлийг алдсангүй. Тэр багын л нэр хүндтэй нэгэн байжээ. Сэлэнгэд атаман ихтэй учир тэрбээр дээрлэхүүлэхгүйн тул мөчөөгөө өгөлгүй атамануудтай ана мана үзэлцдэг байсан гэдэг. Гэхдээ атаманууд урлаг, спорт, сурлагадаа сайн хүүхдүүдэд гар хүрч зүрхэлдэггүй байсан аж. С.Баярцогт яг ийм тодорхойлолттой учир   атаманууд   хэр   барагтаа   л ойртдоггүй байж. Тэрбээр 1984 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Г.Бумцэндийн нэрэмжит 10 жилийн нэгдүгээр сургуулийг алтан медальтай төгсөж, гадаадад сурах эрхтэй болжээ.Тухайн үед онц сурсан хүүхдүүдийг гадаад руу сургахаар явуулахдаа аль нэг яамны нэр дээр хуваарилдаг байж л дээ. Энэ уламжлал ёсоор С.Баярцогтыг намын төв хорооны нэр дээр хуваарилж Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуульд сургахаар болов. Ингээд 1985-1989 оны хооронд тэрбээр Москвад суралцахаар эх орноосоо мордсон байна. Энэ тухайгаа тэрбээр хожим нь дурсахдаа "Би их азтай хүн.

 

Дандаа л өөрчлөлт шинэчлэлтийн халуун гал тогоонд байж таардаг. Намайг Москвад суралцаж байхад тэнд өөрчлөлт, шинэчлэлтийн салхи сэвэлзсэн. ХБНГУ-д суралцаж байхад Европын холбоо байгуулагдаж байв. Мөн АНУ-ын "хоёр өндөр"-ийг онгоц мөргөснөөс   болж  АНУ-ын  гадаад бодлого, олон улсын харилцаа, эдийн засагт асар их өөрчлөлт орж байх тэр үед дунд нь амьдарч байлаа. Ийм боломж хүн бүрт олдоод байдаггүй" хэмээсэн байдаг. Тэр үнэхээр азтай хүн.   Азтайгаас   гадна   олон   үйл явдлын халуун цэг дээр байсан нэгэн учир мартсаныг сануулж, алдаанаас сэрэмжлүүлж   байх   ёстой  Монгол төрийн ой санамж. С.Баярцогт Москвагийн   их   сургуулийг   төгсөхдөө "ЗХУ-ын нэрт улстөрч Н.Бухарины улс төрийн үзэл баримтлалын чиг хандлага" гэсэн сэдвээр дипломын ажлаа  хамгаалж, сургуулийнхаа эрдэмтдийн  гайхшралыг  барж, аспирантурт  сурах  урилга  гардаж байжээ. Сурлагадаа амжилт гаргаад зогсохгүй   ирээдүйн   хань    болох Нарантуяатай  танилцаж,  анхны үрийнхээ зулайг Москвад үнэрлэж байв. Тиймээс Москва бол түүнийг нандин  дурсамжийг хадгалсан хайртай хот нь. Сургуулиа төгсөөд 1989 онд эх орондоо ирэхэд түүнийг    Сэлэнгэ аймгийн намын төв хороонд хуваарилжээ. Аав Б.Сангажав нь Г тэр үед аймгийн намын төв хороонд ажилладаг байсан учир "Аавтайгаа   хамт ажиллах эвгүй юм" гэж хүний нөөцийн орлогчид нь хэлэхэд түүнийг "намын   гишүүнчлэлгүй" хэмээн II эмнэлгийн эвлэлийн хорооны даргаар томилжээ.

 

Тэрбээр эвлэлийн  байгууллагыг удирдахын хажуугаар  намын улс  төрийн сургуульд багшилж байв. Тэр үед Москвагийн их сургуульд байхдаа танилцсан С.Зориг   агсантай   үзэл бодол нийлж, нам, эвлэлийн харилцааны  асуудлыг  хөндөн  ярилцаж, ардчиллын  үйл  хэргийг  дэмжих болсон байна. 1990 оны    өлсгөлөнгийн үеэр Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн онц их хурлыг зарлаж,  байгууллагынхаа    нэрийг Монголын залуучуудын холбоо болгон өөрчилж 23 настай С.Баярцогтыг тэргүүнээр нь сонгов. Тэрбээр залуучуудын байгууллагын тэргүүнээр сонгогдсоныхоо дараа МАХН-ын дэргэдэх холбоо маягаар үйл ажиллагаа явуулдаг байсан залуучуудын байгууллагын чиг үүргийг өөрчилж, цоо шинэ байгууллага байгуулахаар зоригложээ. Тэр үед Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн мэдэлд Залуучуудын соёлын ордон, "Залуучууд" зочид буудал, "Идэр" ресторан, Пионерийн ордон, усан бассейн, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Найрамдал зуслан, аймгуудын хүүхдийн зуслан, барилгын анги, Монголын залуучуудын холбооны байр зэрэг харьяалагддаг байжээ.

 

Үүгээр үл барам 120 гаруй байнгын ажилтантай, хууль санаачлах эрхтэй, дарга нар нь хар машин унаж бараг л сайд нартай зиндаархдаг нүсэр том бүтэц бүхий хоцрогдсон байгууллага байсан юм. Тиймээс МАХН-ынхан энэ том бүтцийг зүгээр нэг "шалдан" залууд  шуудхан өгчихийг хүсээгүй нь мэдээж. Тухайн үед МАХН-ынхан жил шахам шүүхдэлцэж, Монголын хувьсгалт залуучуудын холбооноос өвлөж авсан хөрөнгийг нь Дээд шүүхийн шийдвэрээр хураалгаж, ганц байр л өгөн С.Баярцогтыг өрх тусгаарлуулсан гэдэг. Гэсэн ч түүний тэргүүлсэн залуучуудын байгууллага 1993   онд   Дэлхийн   залуучуудын  ассамблейд элсэн орж, 1995 онд дэлхийн шилдэг залуучуудын байгууллагын нэгээр шалгарсан байна. Тэрбээр 1990 онд болсон Ардын их хурлын сонгуульд төрсөн нутагтаа нэр дэвшин ялалт байгуулж, улмаар байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага хуралд залуучуудын байгууллагыг төлөөлөн УИХ-ын гишүүн Д.Балдан-Очиртой хамт сонгогдож байснаараа бахархдаг нэгэн. С.Баярцогт ардчилсан Үндсэн хуулийг батлахад гар бие оролцсон хамгийн залуу депутат юм. Түүнийг Ардын их хурлын депутат байхад хоёр ч удаа цэргийн зарлан ирсэн бөгөөд яах учраа мэдэхгүй байхад нь ангийнхан нь "Чи бунханы харуулын цэрэг болчихгүй юу.

 

Үг хэлэх болохоороо гүйж орж ирж үгээ хэлчихээд л. Үлдсэн хугацаанд нь цэргийн албаа хаагаад л бай" гэж шоолж байсан удаатай" хэмээн ярьсан юм. Нялх гишүүнээ өхөөрдөж ханасан ангийнхан нь Үндсэн хуульд "Байнгын ажиллагаатай парламентын гишүүнийг цэргийн албанаас чөлөөлнө" гэсэн заалт оруулснаар түүнийг аварч үлдсэн гэсэн. Мөн Үндсэн   хуульд УИХ-ын гишүүнд өрсөлдөх хүний насны хязгаарыг 25 гэж тогтоосон нь ч түүнтэй холбоотой юм билээ. Шинэ хууль ёсоор УИХ-ын 1992 оны сонгууль болоход С.Баярцогт өрсөлдөөгүй бөгөөд Улс төрийн боловсролын академийг байгуулж, 1996 онд ХБНГУ-ын "Баден-Вюртенберг"-ийн гадаад худалдааны Академид бизнесийн удирдлагын чиглэлээр суралцжээ. Түүний сургалтын төлбөрийг "Карл Дүйсбург"-ийн нийгэмлэгээс гаргасан аж. Германы гадаад худалдааны Академийг төгсөгчид "Дойче Аусглайх" банкинд төсөл бичдэг уламжлал ёсоор С.Баярцогт төсөл бичиж 20 мянган еврогийн санхүүжилт аван эх орондоо ирж байжээ. Тэрбээр ирээд УИХ-ын 1996 оны сонгуульд төрсөн нутагтаа өрсөлдөж ялалт байгуулан С.Зоригийн фракцид багтах болов. Тухайн үед ялалт байгуулсан Ардчилсан хүчнийхэн Засгийн газраа бүрдүүлэхдээ түүнийг Байгаль орчны сайдаар томилсноор тэрбээр анх удаа сайдын суудалд суусан ч хожим нь дахин хоёр сайдын суудал дамжина гэж тааварлаа ч үгүй биз.

 

Дөрвөн жил УИХ-ын гишүүн, сайдын суудалд суусан түүнд сурч, мэдэх зүйл багагүй байгааг мэдэрч өөрийгөө чамласандаа тэрбээр УИХ-ын 2000 оны сонгуульд нэр дэвшсэнгүй. Харин аавынхаа хувьчилсан газар тариалангийн компанид зөвлөхөөр ажиллаж хөл дээр нь босгож өгөөд АНУ-ын Колумбын их сургуульд Олон улсын эдийн засгийн мастерын зэрэг хамгаалахаар шийдэж 2002 онд АНУ-г зорьсон юм. Түүнийг Колумбын их сургуульд сурахад шаардлагатай байсан 75 мянган ам.долларыг Дэлхийн банк болон Японы Засгийн газраас тэтгэлэг болгон өгснөөр   энэ удаад ч гэсэн өөрийн халааснаасаа нэг ч төгрөг гаргалгүй суралцжээ. Сургуулиа төгсөөд Олон улсын валютын санд шинжээчээр ажиллахын зэрэгцээ МУИС-ийн Хууль зүйн сур-гуулийг хуульч, эрх зүйч мэргэжлээр дүүргэсний эцэст сая нэг юм "хангалттай" гэсэн үнэлгээг өөртөө тавьж УИХ-ын 2004 оны сонгуульд Сэлэнгэ аймагт нэр дэвшин ялалт байгуулсан юм. Тухайн үед эвслийн Засгийн газрыг байгуулахад тэрбээр хоёр дахь удаагаа сайдын суудалд суусан нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын алба байлаа. Үүрэгт ажлаа авсныхаа дараахан Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Ж.Самбуу нарын шарилыг Алтан-Өлгийд өршөөж, "Чингис хааны дурсгалын болон төрийн ёслол хүндэтгэлийн цогцолбор", "Монгол төрийн тамга"-ны бэлгэдлийн хөшөөг байгуулж, Алтан-Өлгийг сэргээн зассан гавьяатай. Тухайн үед барилгын ажлыг "С.Баярцогтын балгас" хэмээж байсан ч өнөөдөр гавьяа болгон үнэлж байна. Харин УИХ-ын 2008 оны сонгуулиар ялалт байгуулсан тэрбээр Сангийн сайдын суудалд сууж ямар ажил амжуулсныг нь хүн бүр хэлүүлэлтгүй мэдэх биз ээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.