Хамгийн сайхан аавтайгаа, хамгийн мундаг нисдэг тэргээр явдаг байлаа, би
О.Содбилэг: Улсын их хурлын гишүүн
2012.01.14

Хамгийн сайхан аавтайгаа, хамгийн мундаг нисдэг тэргээр явдаг байлаа, би

Одоогоос яг 10 жилийн өмнөх энэ өдөр Увс аймгийн Малчин сумын нутагт МИ-8 нисдэг тэрэг осолдож, УИХ-ын гишүүн, Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ш.Отгонбилэг болон олон улсын байгууллага, Монголын олон сайхан хүмүүс амь насаа алдсан билээ. Бид Ш.Отгонбилэг агсны хүү О.Содбилэгтэй уулзлаа.

-Арван жилийн өмнөх яг энэ өдрийг дурсахад танд одоо ч амар биш байдаг байх. Үүнээс хойш нэлээдгүй цаг өнгөрсөн байна шүү дээ.

-Саяхан болсон мэт санагдаж байгаа ч нэг л мэдэхэд арван жил өнгөрчээ. Энэ хугацаанд бид аавынхаа дурсгалыг хүндэтгэх, үйл хэргийг нь үргэлжлүүлэх талаар олон ажил хийлээ. Эрдэнэтийн Техникийн их сургуулийг аавынхаа нэрэмжит болгож, нэрэмжит гудамжтай болж, чөлөөт бөхийн улсын аваргын тэмцээн зохион байгуулах болсон.

Мөн “Эрдэнэтийн Отгонбилэг” нэртэй хоёр боть ном өнг өрсөн жил гарлаа.Нэгэнт байхгүй болсон аавыгаа одоо бид дурсах, үйл хэргийг нь үргэлжлүүлэх л үлдэж. Аавын минь алсын хараа, холч ухаанаараа төлөвлөж байсан зүйлс нь өнөөдөр яг л биеллээ олж байна. Энэ бүхэнд ааваараа бахархах сэтгэл төрдөг.

УИХ-ын гишүүн, Монгол улсын Хөдөлмөрийн баатар Ш.Отгонбилэг агсан

-Ослын дүгнэлт хэдийнэ гарсан. Гэхдээ бодож байснаас тэс өөр, учир битүүлэг дүгнэлт болсон гэж үзэх хүмүүс цөөнгүй бий. Төрсөн хүүгийнх нь хувьд та ослын дүгнэлттэй санал нийлсэн үү?

-Ерөөсөө санал нийлдэггүй. Яалт ч үгүй тусгай нислэг байсныг аж ахуйн нислэг мэтээр, зүгээр зугаалж явсан юм шиг ярьж, шийдсэн нь өрөөсгөл. Тэр онгоцонд НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн Гамшгийн хэлтсийн газрын дарга хүртэл цуг явсан. Дээр нь гадаад дотоодын сэтгүүлчид, УИХ-ын гишүүн хүн явж байгаа нислэг аяллынх байна гэдэг ямар ч боломжгүй шүү дээ. Нөхцөл байдлын хувьд зудтай хэцүү үед тэр хүмүүс бүгдээрээ өөрсдийнхөө төлөө бус, бусдын төлөө явж байсан.

-Үнэн зөв дүгнэлт гаргуулахаар шүүхэд дахин хандах уу?

-Хүмүүсийн хариуцлагагүй байдлаас болж олон хүний алтан амь эрсэдсэн гэдэг нь тодорхой. Амиа алдсан хүмүүсийг буцааж босгож болохгүйгээс хойш яая гэхэв. Техникийн зүйлст тэр үед шинжилгээ хийгээд шүүхэд өгсөн баримт материал хангалттай байгаагүй.

Тийм болохоор арван жилийн өмнөх ул мөрийг тогтоох зүйл одоо байхгүй. Манайхан тэр ослоос анхаарал, сэрэмж аваагүйгээс Сэлэнгэд ахиад “МИ-8” нисдэг тэрэг осолдож, олон сайхан аавын хөвгүүд амиа алдсан. Бидэнд ослын талаарх тодорхой мэдээлэл, ойлголтууд бол бий.

-Аавынхаа ажил хэргийг хүү нь хэрхэн үргэлжлүүлж байна вэ?

-Аав маань хүнд тусархаг, олон найзтай хүн байсан. Бусдын төлөө гэсэн сэтгэлийг нь өвлөж, нийгэмд тустай үйл хэргүүдийг нь үргэлжлүүлэхээр зорьж байна. Аавын минь байгуулсан “Монгол 21” гэсэн сан бий. Ирээдүйг чиглэсэн боловсрол, Монголын залууст хандаж үйл ажиллагаа явуулахаар зорьж байсныг нь одоо ч үргэлжлүүлж, нэрэмжит сургуулиас нь жил бүр тэтгэлэгт оюутан шалгаруулдаг. Энэ мэтчилэн олон ажил хийж байгаа.

-Аавтайгаа хамт нисдэг тэргээр явж байв уу? Энэ талаар дурсахгүй юу?

-Нисдэг тэргээр олон явж байсан. Аав маань хийморьтой сайхан хүн байсан болохоор тэр үедээ хамгийн сайхан аавтайгаа, хамгийн мундаг нисдэг тэргээр явдаг байлаа, би. Аавтайгаа хамт байсан сайхан дурсамж олон бий дээ.

-Ослоос хойш нисдэг тэргэнд суусан уу?

-Осол болсноос хойш би нисдэг тэргээр яваагүй л дээ. Тийм завшаан таарсангүй. Гэхдээ одоо нисдэг тэргээр явлаа гээд эвгүйцэх зүйл байхгүй болов уу. Хүмүүсийн буруутай ажиллагаанаас л болж аав минь өөд болсон.

-Ээж тань одоо юу хийж байгаа вэ. Германд байгаа гэж дуулсан юм байна?

-Ээж маань одоогоор ХБНГУ дахь Монгол Улсын Элчин сайдын зөвлөхөөр ажиллаж байгаа. Дүү Монголдоо ирсэн. Би нефтийн салбартаа ажлаа үргэлжлүүлж байна даа.

-Онгоцны багийн бусад гишүүдийн ар гэрийнхэнтэй холбоотой байдаг уу?

-Холбоотой байдаг шүү. Тэмдэглээд байх баярт үйл явдал биш ч ар гэрээрээ цуглаж, уулздаг.

-Аавын тань үйл хэргийг дэмждэг, дотроо таны л адил хүндэлдэг тэр хүмүүст хандаж юу хэлэх вэ?

-Баярлаж явдаг гэдгээ хэлье. Энд тэнд тааралдсан хүмүүс миний мэдэхгүй сайхан дурсамжуудыг хэлдэг шүү.