Хайртай хүмүүс ээ аврах шинэ гарц
Архангай аймгийн Цэцэрлэг сум тамхигүй аймаг болж чадсан бөгөөд тэд арван жил тэмцжээ
2013.07.05

Хайртай хүмүүс ээ аврах шинэ гарц

Архи, тамхи, мансууруулах бодис. Энэ гурав бол хүн төрөлхтөний түүхэнд хэзээ ч сайн үр дагавар авчирч байгаагүй.

Гэтэл хор уршгийг нь мэдсээр хэрнээ сонирхон, донтох өвчинд нэрвэгдэж эдийн засаг, эрүүл мэнд, сэтгэл зүйгээрээ хохирч байна.

Чухам ийм л учраас хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон нийтэд хандсан мэдээллийг гэнэн цайлган өсвөр үеийнхэнд ойлгуулан, танин мэдүүлж, сэтгэл гутрал, стресстэй дунд үе, архинд донтсон идэр үеийн хүмүүсийг гурван хороос аврахад бүх хүчээ дайчлах ёстой юм.

 Энэ санаа зорилгын дор өчигдөр “Монголд архи, тамхи, мансууруулах бодисоос сэргийлэх талаар мэдээлэл сургалт, сурталчилгаа, зан үйл өөрчлөх харилцаа хандлагын чиглэл” сэдэвт уулзалтыг сэтгүүлчид, салбарын мэргэжилтнүүдийн дунд зохиов.

Энэхүү уулзалтыг Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Монголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэг хамтран зохион байгуулсанаараа онцлог байлаа.

Түүнээс гадна нэгэн зүйлийг онцгойлон дурдмаар байна. Уулзалтад оролцогчид бүгд эмэгтэй сэтгүүлч, эмэгтэй мэргэжилтнүүд байсан нь тэдний мэдрэмж хичнээн торгон бөгөөд асуудлын нарийн учгийг олж, нийгэм, иргэдийн сайн сайхан амьдралын төлөө үнэн сэтгэлээсээ тэмцдгийг харуулж байх шиг санагдсан.

Уулзалтын эхэнд архи тамхины хууль эрх зүйн орчны талаар ЭМЯ-ны бодлого хууль зүйн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн ахлах

ЭМЯ, мэргэжилтэн Д.Байгалмаа

мэргэжилтэн Д.Байгалмаа сонирхолтой илтгэл тавив. Тамхины хяналтын хууль хэрэгжиж эхэлснээс хойш үр дүнгээ сайн өгч байгаа хэдий ч тамхи татах цэгийг бий болгох асуудал гарснаас хойш зөрчил үүсчээ. Аймаг, сум, нийслэлийн засаг дарга нар цэгийн нэршлээ тодорхой зааж өгөхгүй байгаа нь хариуцлага байгааг харуулж байгаа гэдгийг Д.Байгалмаа хэлсэн.

Ямартай ч олон жил яригдсан хууль хэрэгжиж эхлээд удаагүй байгаа. Аливаад дүгнэлт хийх эрт байгаа учир хэрэгжүүлэх механизм, дүрэм журам, хүмүүсийн хандлага бага багаар өөрчлөх тэр цагийг хүлээх л үлдсэн. Харин архи хэмээг оюун санаа умартуулагчийг хянах талаар УИХ дахь эмэгтэй гишүүдийн санаачлага нэгэнт гарад байгаа билээ. Хэдийгээр жирийн найман нэрийн барааны дэлгүүрийн орлогын тавин хувийг архи, согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн эзэлж байгаа ч улс орноо мөхлөөс аврах хэрэгтэй.

Үүнд дан ганц эрүүл мэнд, хүчний байгууллагын хүчин чадал, хүний нөөц хүрэлцэхгүй байгаа юм. Архи импортлох зөвшөөрлийг Эдийн засаг хөгжлийн яам, үйлдвэрлэлийн зөвшөөрлийг Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, татварыг Сангийн яам, худалдаалах эрхийг Нийслэл, дүүргийн засаг дарга нар өгдөг. Тэдгээр газрууд зөвшөөрөл, татварын бодлогоор архины хэмжээг багасгаж, жирийн оюутан, арван жилийн сурагчид авч чадахааргүй болгох байдлаар ирээдүйгээ аврах хэрэгтэй юм.

Архинд донтох, архинд хамааралтай болсон хүмүүсийг бид шороотой орчинд хэвтэж буй ноорхой хувцастай, өмхий үнэртүүлсэн, хар царайтай хүмүүс мэтээр төсөөлдөг. Хааяа нэг найзуудтайгаа уулзаж, төрсөн өдөр, тэмдэглэлт баяр бүрийг алгасалгүй архиар л тэмдэглэдэг өөрийгөө тэднээс өөр хүмүүс мэтээр хардаг. Гэтэл үнэн хэрэгтээ архичин болсноо мэдэлгүй явсаар амьдралаа уудаг гэдгийг олон түүхээс харж болно. Тэгэхээр архины хэрэглээг хязгаарлах үүднээс ЭМЯ, эмнэлэг, хувь хүн ганцаар тэмцэж чадахгүй. Нэгэнтээ нийгмийн хамааралтай өвчин болоод байгаа учраас нийтээрээ тэмцэж, нэгэн дуугаар зүтгэх хэрэгтэй гэдгийг Д.Байгалмаа мэргэжилтэн хэлсэн.

Сэтгүүлчид ч үүнийг хүлээн зөвшөөрч, их зүйлийг ойлгож байлаа. Харин ган үзгийн хүчээр олны санаа бодлыг эргүүлэх нөлөөтэй сэтгүүлчид бид юу хийж чадах вэ гэж бодох зуур ЭМЯ-ны БХЗГ-ын ОЭТХ-ийн мэргэжилтэн Ц.Хандармаа бидэнд шинэ санаа өгөв.

Битгий гэсэн зүйл рүү хүний сониуч зан үргэлж хөтлөгддөг. Битгий архи уу, тамхи тат, мансууруулах бодис хэрэглээрэй гэсэн мессежийг олон нийтэд өгөх тусам хүмүүс тийшээ зүтгэдэг ажээ.

Битгий гэсэн зүйл рүү хүний сониуч зан үргэлж хөтлөгддөг. Битгий архи уу, тамхи тат, мансууруулах бодис хэрэглээрэй гэсэн мессежийг олон нийтэд өгөх тусам хүмүүс тийшээ зүтгэдэг ажээ. Тиймээс үүний оронд гурван хорыг хэрэглээд буй цаад үндэс шалтгааныг олж, түүнтэй нь тэмцэж, сайжруулах арга замыг эрэлхийлэх нь хамгийн нэгдүгээр санаа байв.

Жишээлбэл: Дэлхийн зөн Монголд, 2009 оны судалгаагаар согтууруулах ундаа хэрэглэж буй өсвөр насны хүүхдүүдийн 43,2 хувь нь бусдыг дууриаж архи уусан гэдгээ хэлжээ. Бухимдлаа тайлах гэж 25,7 хувь, баяр ёслол тэмдэглэхээр 42,19 хувь нь гэж хариулжээ.

Тэгэхээр ирээдүй үр хойчоо архины хор хөнөөлөөс аврахын тулд бусдыг дууриах биш, бие даасан, хувь хүний хөгжил, нөлөөллөөс дээгүүр амьдрах аргын талаар мэдээллийг түлхүү өгвөл “битгий” хэмээх залхсан үгнээс илүү  хүчтэй нөлөө үзүүлэх гэнэ.

Архи уух далим баяр ёслол юм бол зарим баяруудыг архигүйгээр хэрхэн сонирхолтой тэмдэглэх арга замыг бодож олох ёстой юм.

Ийнхүү нэгэн өдөр бид нийгмээ, үр хүүхдээ, ээж аав, ах эгч, найз, жирийн монгол хүнийг аврах шинэ гарцтай болж, аяны богцоо дүүргэсэндээ баяртай байна.