"Нүүдэл шийдэл" ток шоу-Хурдан морь унаач хүүхдийн асуудлаар
2013.07.01

Унаач хүүхдийн жинг бага байлгахын тулд тариа тарьж байсан тохиолдол бий

Монгол телевизийн “Нүүдэл шийдэл” ток шоугаар Хурдан морь унаач хүүхдийн асуудлаар ярилцлаа. Нэвтрүүлэгт оролцогчдоос УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийн байр суурийг хүргэж байна.

-Морь унах нь хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрт тооцогдох уу?

Унаач хүүхдүүдийн асуудал яригдах ёстойг цаг үе шаардаж байгаа. Морин уралдаан маань уламжлал дээр суурилагдсан. Гэхдээ яагаад унуулж буй уяач эзэд нь өөрсдийнхөө хүүхдүүдээр морь унуулдаггүй юм. Тэдний хүүхдүүд их дээд сургуульд сураад, сайхан явж байна. Гэтэл амьдралын боломж бололцооноосоо хамаараад нийгмийн эмзэг давхаргын хүмүүс илүү үүнд өртөж байгаа.

Хөдөө орон нутагт малчин, мал дээр өссөн хүмүүс зудаас болоод зарим нь малаасаа холдож малгүй болж байна. Хүүхдүүдээ мал дагуулахаас өөр боломжгүй болсон хүмүүс ч байдаг. Амьдралын нөхцөл бололцооноос шалтгаалаад мөнгө олохын эрхээр ийм тухайн хүүхдүүдээ морь унуулах зайлшгүй шаардлага бий болсон байх гэж бодож байна.

Энэ асуудал хүүхдийн эрхийн асуудал, хүүхдийн эрхийн тэвчишгүй хэлбэрт зайлшгүй орох ёстой.

Үүнийг нь харин уяач эзэд хүлээн зөвшөөрсөн нь уяачдад өөрсдөд нь таатай орчин бий болсон. Энэ хүүхдүүд өөрсдөд нь тулгараад буй энэ асуудлуудыг ярих гэхээр магадгүй тэр хүүхдийг дараа нь морь унуулахгүй, авч буй 100, 200 мянган төгрөг нь олгогдохгүй болчих вий гэж эмээж байгаа. Тэдэнд сурч боловсрох эрүүл мэндийн баталгаа байхгүйгээс сургууль завсардалт явагдаж байна.

Тодорхой хэмжээний мөнгө нь их бага байгааг асрамжийн газрын хүүхдүүд ялгаж салгаж мэдэхгүй. Мөнгө олох сонирхол байгаа нь цаашаа сургуулиасаа гарах хөшүүрэг ч болж байж магадгүй. Дээр нь манайхан угшил сайтай гэж морьдоо магтдаг. Тэгвэл тэдэн настай, тийм хүүхэд унаад ирлээ гэж хүүхдээ магтан хүнд таниулж буй уяачид цөөхөн. Мөн унаач хүүхдүүдийг жин багатай байлгах сонирхол байдаг.

Тэрнээс үүдээд хүүхдүүдэд тариа тарих тохиолдол ч гарч байсан. Морио маш өндөр үнээр даатгуулдаг ч  хүүхдүүдээ бага үнээр даатгуулж байх жишээтэй. Мориндоо сайн чанарын дусал, эм тариа тарьдаг ч хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаардаггүй.

Энэ хүүхдүүдэд төр нь ч анхаарахгүй. Хуулиас давсан нэг дүрэм журам үйлчилдэг. Дүрэмд нь долоон настай хүүхдэд хэтэрхий ахадсан дүрэм журам үүрэг оногдуулсан байдаг. Энэ асуудал хүүхдийн эрхийн асуудал, хүүхдийн эрхийн тэвчишгүй хэлбэрт зайлшгүй орох ёстой.

-Унаач хүүхдийн асуудлаар шинэ хууль гаргах ёстой юу?

Шинэ хууль эрх зүйн орчинг бий болгох шаардлагатай. Цаашлаад уяачиддаа хамаг бурууг өгч, уяачдынхаа мууг үзэх гээд яриад байгаа зүйл биш. Бид аль аль талдаа харах ёстой. Эцсийн дүндээ бид хүүхдийнхээ эрх ашгийг л хамгаалах ёстой. Эргээд тэр хүүхдийн амьдралын баталгаа нь ямар байхыг бодох хэрэгтэй. Тэр хүүхэд насаараа морь унахгүй учраас боловсролоо яаж нөхөх вэ гэдэг асуудал бий.