Хүүхдийн өмнө хүлээх үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлацгаая
УИХ-ын Гишүүн, Хүний Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Сайд С.Эрдэнэ
2013.06.17

Хүүхдийн өмнө хүлээх үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлацгаая

Сайн байцгаана уу.   Эрхэм хүндэт зочид, зөвлөгөөний төлөөлөгчид өө   Хатагтай, ноёдоо,

“Хүүхдийн эрх, хамгааллаар үүрэг хүлээгчдийн хариуцлага” Улсын зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн зорилго нэгт нөхөд та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

   Бид хүүхдийн өмнө тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, хүүхдийг өөрт нь хамаатай асуудлаар шийдвэр гаргах түвшинд дуу хоолой, санал бодлыг нь сонсох, тэдэнтэй хамтран ажиллах зорилгоор “Бид Оролцъё, хөгжье” хүүхдийн үндэсний чуулганыг өнгөрсөн 2 өдрийн хугацаанд амжилттай зохион байгууллаа.

   Эх орныхоо өнцөг булан бүрээс хүүхдийн байгууллага, үе тэнгийнхнээ төлөөлөн ирсэн 500 төлөөлөгч хүүхэд өөрсдийн оролцох, хөгжих эрхийн асуудлаар 4 салбар хуралдааныг зохион байгуулж, санаа бодол, хамтын шийдвэр гаргаснаа сонордуулан, хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын асуудлаар үүрэг хүлээгч талуудад хандан “УРИАЛГА” ирүүлснийг бид хүндэтгэн хүлээн авч, цаашид төрийн бодлогод тусган ажил хэрэг болгохын төлөө хүчин чармайлт гарган ажиллах болно гэдгээ илэрхийлье.

Хүүхдүүд хамтдаа

   Монгол Улсын тогтвортой хөгжлийн үндсэн баталгаа хүүхэд, өсвөр үеийнхний эрх ашгийг хамгаалах асуудлаар дэвшүүлж байгаа зарчим, зорилт, цаашид хийхээр төлөвлөж байгаа ажлын талаар та бүхэнтэй санал, бодлоо хуваалцаж, хэлэлцэхээр танилцуулж байгаадаа таатай байна.

   Манай улс НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцид нэгдэн орсноос хойш 20 гаруй жил, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг батлан, хэрэгжүүлж эхэлснээс хойш 17 жил болж байгаа бөгөөд эдгээр эрх зүйн баримт бичигт хүүхэд эрүүл, аюулгүй хамгаалагдсан орчин нөхцөлд эцэг эхийн хайр халамжид өсөж, хүмүүжих эрхтэйг заан тунхагласан байдаг билээ.

   Гэвч сүүлийн үед та бид өдөр тутам хүүхдийн эрх ноцтой зөрчигдсөн талаар мэдээллийг сонсож, үүрэг хүлээсэн байгууллага, албан тушаалтан илэрсэн тохиолдлыг шалган тодруулж, зохих үйлчилгээ, арга хэмжээ авч байгаа ч нийгмийн бүхий л хүрээнд хүүхэд гэр бүл, сургууль, цэцэрлэг, гудамж, олон нийтийн газар бусдын зүй бус хандлагад өртөх, дарамтлуулах, хүчирхийлэл, мөлжлөгт өртөх, хохирох, үл хайхрагдан шоовдорлогдох нь хэт түгээмэл байна. Өөрөөр хэлбэл хүүхэд хамгаалагдаж чадахгүй байна.

   Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн мэдээнээс үзэхэд 2010-2012 онд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 1238 хэрэг бүртгэгдэж, сүүлийн 5 жилд гэмт хэргийн улмаас 5569 хүүхэд хохирсон байна.

   Бидний санааг зовоож байгаа бас нэг зүйл бол хотжилт, стандарт бус орчин, тооцоолоогүй олон эрсдлээс шалтгаалан цаашид өсөх хандлагатай байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудал юм.

Хүүхдийг аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ хангалтгүй байгаагаас шалтгаалан олон хүүхэд гэнэтийн осол, гэмтэлд өртөж, хохирогч хүүхдүүдийн тоо жилээс жилд өсөх хандлагатай байна.

Энэ өсөлтийг сааруулах алхам, арга хэмжээг нийт жолооч нар, замын хөдөлгөөнд оролцогчид, эцэг эх бүгд хамтран хэрхэн сэргийлэх вэ гэдэг асуулт ч энэ танхимд хөндөгдөнө гэж найдаж байна.

   Мөн олон нийтийн болон хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд байгаа асуудлын нэг бол гадаад үрчлэлийн асуудал бөгөөд монгол улс 1998 онд “Хүүхдийн эрхийг хамгаалах ба улс хооронд хүүхэд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай Гаагын конвенцид” нэгдсэнээс хойш 239 хүүхдийг гадаад оронд үрчилсэн байдаг.

Гэр бүлийн хүчирхийллээс хүүхдийн хамгаалах урианд нэгдэнэ.

Монгол улс хүн амаа өсгөх, олуулаа болох бодлого баримталж байгаа энэ үед дээрх асуудалд анхаарал хандуулан эрх зүйн зохицуулалтыг нарийвчлах, тодорхой болгох, үрчлэлийн дараах хяналтыг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллах зайлшгүй шаардлага байгааг энд тэмдэглэн хэлье.

   Хүүхэд ямар нэгэн алдаа гаргах, сахилгагүйтэх, томчуудын үгэнд ороогүйнхээ төлөө бие мах бодийн болон сэтгэл санааны шийтгэл амсаж байгаа нь тэдний зөв хүмүүжил, төлөвшил хөгжил, өөрийгөө үзэх үзэлд сөрөг үр дагавар үзүүлж байна. Хүүхдийн хүчирхийллийг ихэвчлэн тэдний танил ойр дотны хүмүүс үйлддэгийг судалгаа харуулдаг бөгөөд дийлэнх нь гэр бүлээс үүдэн гарч, далд үйлдэгдэж, мэдэгдэлгүй өнгөрч, даамжирч байна.

   Бидний өвөг дээдсийн хүүхдээ хүмүүжүүлэх арга ухаан хүчирхийллийн гэж хэлэх хэлбэртэй болж уламжлагдаж байгаа нь харамсалтай. Хүүхдийн хөл, толгойг цохих, өшиглөх, алгадах, няслах гээд энэ талаар гаргадаг үйлдэл, авирын олон жишээ хэлж болно. Эдгээр хэлбэрийг эцэг эх, багш, хүүхэд ер нь бүгд хаа сайгүй хүлээн зөвшөөрсөн хандлагатай байна.

Ийм учир монголчуудын хүүхдээ хүмүүжүүлэх хүмүүжлийн эерэг аргуудыг сэргээнуламжлуулах, буруу хандлагатай хүмүүжлийн аргыг халах санаачилгыг иргэд, эцэг эхчүүд, нийт өргөн олонд хандан дэвшүүлж байна.

   Хүүхдийн хамгаалуулах эрх хангагдсан тохиолдолд бусад эрх нь бүрэн хангагдах нөхцөл бүрддэг. Эрх нь хангагдаагүй тохиолдолд хүүхэд бие махбодь сэтгэл санааны дарамт, гэмтэл бэртэл авах өвчлөх, биеийн болон сэтгэцийн хөгжил төлөвшил нь хоцрогдох сургууль завсардах, гэр бүлийн халамж асрамжаас гадуур гудамжинд амьдрах эрсдэл эмзэг байдалд ордог бөгөөд улмаар хөдөлмөр эрхлэлт мөлжлөгт өртөх худалдаалагдах хууль зөрчих, гэмт хэрэг үйлдэх, архи, тамхи, мансууруулах бодисд донтох, амиа хорлох зэрэг нийгмийн сөрөг үзэгдлийг дагуулдаг.

   Манай улсад хүүхдийг аливаа дарамт, хүчирхийлэл, үл хайхрах явдал болон мөлжлөгөөс хамгаалах хууль хангалттай бус, хэрэгжилт, хяналтын механизм сул, үйлчилгээ, хүний нөөц дутмаг, өөрөөр хэлбэл хүүхэд хамгааллын оновчтой, үрдүнтэй тогтолцоо бүрдээгүйн улмаас өнөөдөр“Хүүхдийн хамгаалуулах үндсэн эрх” ноцтой зөрчигдсөөр байна.

   Иймд уг зөвлөлгөөнд танилцуулах “Хүүхэд хамгааллын бодлого” баримт бичигт та бүхнийг анхааралтай хандана гэж найдаж байна. Хүүхэд хамгаалал гэдэг нь: Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, үл хайхрах, мөлжлөг болон дарамтаас “УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БУЮУ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ”явдал гэж ойлгож болно.

   Хүүхдүүдийн эцэг эх, багш, асран хамгаалагч насанд хүрэгчдийн хараа хяналт, халамж, дэмжлэгт байдаг онцгой нөхцөл байдалд нь тулгуурлан иргэд, олон нийтийн оролцоонд түшиглэн хүүхэд бүрийг хамгаалах боломжид анхаарлаа хандуулж байна. Энэ үйл ажиллагааг бүхэлд ньхүүхэд хамгааллын тогтолцоо гэж үзэн,нэгэн зорилгод хүрэхийн төлөө хоорондоо харилцан хамаарал бүхий бүрэлдэхүүн хэсгүүдтэйгээр ажиллах бөгөөд урьдчилан төлөвлөж зохион байгуулах боломжтой үйл ажиллагаа гэж үзэж байна.

   Хүүхэд хамгааллын тогтолцоо гэдэг нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл, дарамт, үл хайхрах явдал болон мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх эдгээр эрсдэлд хүүхэд өртсөн үед хамгаалах, хариу арга хэмжээ авахад чиглэгдсэн хоорондоо харилцан хамааралтай буюу уялдаа холбоо бүхий цогц үйл ажиллагаа бөгөөд хүүхдийн эрхийн талаарх конвенцийн хэм хэмжээг тусгасан хууль, бодлогын хүрээгээр зохицуулагдах зорилго, ажиллах журамтай байна.

   Хүүхэд хамгааллын тогтолцоог дараах байдлаар тодорхойлж болно.

   Хүүхдийн эсрэг дарамт, хүчирхийлэл, мөлжлөг, үл хайхрах явдлыг:

  • Нийгмийн орчинд хориглосон хууль эрх зүйн тогтолцоотой байх;
  • Эсэргүүцэх, үл тэвчихнийгмийн хандлагыг бий болгох;
  • Урьдчлан сэргийлэх, хамгаалах нөхөн сэргээх цогц үйлчилгээтэй байх;
  • Хамгааллын бүхийл явцыг үр дүнтэй хүртээмжтэй тогтвортой байлгахад шаардлагатай хүн ба санхүүгийн нөөцийг хуваарилах;
  • Хүүхэд хамгааллын эрх зүйн орчны хэрэгжилт, үйлчилгээнийчанар хүртээмж нийгмийн хандалгад гарч буй өөрчлөлтийг судлан шинжилж дүгнэх зөвлөн дэмжих үүрэг бүхий хяналт шинжилгээ үнэлгээг тогтмолжуулснаар хүүхэд хамгааллын тогтолцоог бүрэн бүрдсэн гэж үзнэ;

   Хүүхэд хамгааллын тогтолцооны ерөнхий зохицуулалт болон хэрэгжилтийг ХАХНХЯ, түүний харъяа агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газар хариуцаж байна.

Энэ тогтолцоонд гэр бүл, мэргэжлийн байгууллага, бүлгүүд, иргэд, үйлчилгээ үзүүлж буй олон нийтийн төдийгүй салбарын бүх байгууллагууд хүүхдийг хэрхэн хамгаалах, харьцах болон асран халамжлах зэрэг асуудлуудыг тодорхойлон, хамтран ажиллахаар зорьж байна.

   Тогтолцооны хүрээнд цаашид хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хянах байгууллага, ажилтны эрх үүргийг нарийн хуульчлах хэрэгцээтэй байна. Өнөөгийн хүүхдийн төлөө нэртэй байгууллага, агентлагийн үйл ажиллагаа нь хүүхдийн эрхийн зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрх зөрчигч эцэг эх, иргэн, байгууллагад хариуцлага хүлээлгэх, хяналт тавих эрх зүйн болон, хүний нөөц, санхүүгийн чадамжгүйн улмаас энэ асуудал хэт орхигдож, гал унтраах төдийд хийгдэж байгааг та бид мэднэ.

Өөрөөр хэлбэл хүүхдийн төлөө гэсэн тодотголтой төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдад хүүхдийн эрхийг хамгаалах давуу эрх олгох,

   Хүүхдийн асуудал хариуцсан нэг мэргэжилтэнд оногдох, хүрч ажиллах хүүхдийн тоог олон улсын жишигт нийцүүлэх, хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хянах байгууллагуудын бүтэц, статус, орон тоо, зохион байгуулалтыг хамгийн оновчтой болгоход чиглэсэн бодлого, зохицуулалтыг шийдвэрлэхийг бид зорин ажиллана.

   Хамгийн чухал гэж үзэх дээрх асуудлыг шийдвэрлэсний үндсэн дээр хүүхдийн эрхийн зөрчлийг бууруулан, урьдчилан сэргийлж, улмаар хүүхдийн хөгжлийн төлөө бодит алхам хийж, хүүхэд бүрийг хамгаалж чадна.

   Иймд үр дүнтэй, түгээмэл, өргөн хамааралтай нийгмийн арга хэмжээ гэж үзэн “Хүүхэд хамгааллын бодлого” гаргаж хамтын үүрэг хариуцлага хүлээж ажиллах саналтай байна.

   Хүүхэд хамгаалалд бүх байгууллага, насанд хүрсэн иргэн бүхэн үүрэгтэй, хариуцлагатай оролцох шаардлагатай ба хамтдаа хүүхдэд хандах нийгмийн ёс зүйн хандлагыг өөрчлөх, нэг ойлголт, нэгдмэл журмаар ажиллан, хүүхдийн эрх, хамгаалалд хамтын хариуцлага хүлээхийг уриалж байна.

Хүүхдийн өмнө хүлээх үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлацгаая. Хамтран ажиллацгаая,Анхаарал тавьсанд баярлалаа.