УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2013.06.13

Зорилтот бүлгээ оновчтой тодорхойлох нь чухал

Ийгл телевизийн Зочны цагт ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ оролцлоо.

-Ахмад, эмэгтэйчүүд, залуучууд, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гээд чуулгануудыг зохион байгуулж байна. Таны ажил хэр их байна вэ?

-Манай яам хүн амын хөгжлийн цогц бодлогын чиглэлээр хүн төвтэй хөгжлийн бодлогыг боловсруулах, хүн амын хөгжлийн цогц бодлогын баримт бичгийн төслийг яаралтай боловсруулж УИХ-д өргөн барихаар гол ажлууд маань хийгдлээ.

Энэ ажлын хүрээнд сая ахмад, эмэгтэйчүүд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чуулгануудаа хийсэн. Одоо хүүхдийн эрх, хөгжлийн асуудлаар үндэсний чуулган зөвлөгөөнөө хийгээд хүн амын бүлгүүд рүү чиглэсэн хэлэлцүүлэг, чуулган, зөвлөгөөнүүдийн маань ажил дуусч байна.

-Чуулга уулзалтууд хэр зэрэг үр дүнтэй болсон бэ?

-Хүн амын бүлгүүдийн өмнө тулгамдаж буй асуудлуудын талаар төрийн оролцоотой анхаарал тавьсан томоохон чуулган зөвлөгөөн өмнө нь хийгдэж байгаагүй. ТББ-уудын хувьд санаачлагаараа нэгдэж, янз бүрийн хурал, зөвлөгөөнүүдийг хийсэн ч тэр болгон үр дүнгээ өгдөггүй байсан.

Энэ удаад төрийн оролцоотой хийж эндээс гарсан зөвлөмж, дүгнэлтүүдэд тулгуурлан, тухайн бүлгийн тулгамдаж буй асуудлаар тодорхой бодлогын баримт бичиг боловсруулах ажил хийгдэж байна.

Хүүхдийн чуулганы дараа бид салбар дундын маш том ажлын хэсгийг ажилд оруулна. Энэ нь хүн амын бүлгүүдийн чиглэлээр явагдсан хэлэлцүүлгээс гарсан зөвлөгөө дүгнэлтүүд дээр үндэслээд хүн амын хөгжлийн цогц бодлогын баримт бичгийн төслийг боловсруулна.

Есөн сард Засгийн газарт баримт бичгийнхээ төслийг танилцуулаад, 10 сард хүн амын хөгжлийн цогц бодлогын баримт бичгийн төсөл, УИХ-ын тогтоолын төслийн хамт өргөн барих зорилт тавин ажиллаж байна. Ажлын явц сайн байгаа.

-Та хавтгайрсан халамжаас татгалзах ёстой гэж ярьж байсан. Халамж аваад сурсан иргэдэд таны ярьж буй зүйл таалагдахгүй байгаа байх. Гэхдээ эргээд нөгөө талд нь чухам юу байгаа бол?

-Хүн амынхаа нийгмийн халамж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай зорилтот бүлгийг зөв, оновчтой, шударга тогтоох нь өөрөө төрийн бодлогын нэг гол зорилт болсон. Учир нь өнөөдөр улс орны хөгжил бүтээн байгуулалтад оролцох иргэдийн, тэр дундаа залуучуудын оролцоо сул байгаа.

Ажлын байр байхгүй гэсэн тайлбар тавьдаг мөртлөө яг тодорхой ажлын байрны асуудал тавигдахад мэргэжил, ур чадварын шаардлага хангахгүй эсвэл аль болох биеийн амрыг харсан ажил хайх асуудал түгээмэл байна.

Энэ дээр бид халамжийг хавтгайруулж олгодог, халамжид дулдуйдсан амьдралаа хөөж буй хүмүүсийн халамжийг нь болиулж хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай иргэдээ аль болох ажлын байраар хангах, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх бололцоо, зээл тусламжаар нь хангах гээд арай өөр бодлого явуулах нь үр дүнтэй юм уу гэсэн чиглэл рүү ажиллаж байна.

Үнэхээр төрөөс халамж, үйлчилгээ шаардлагатай иргэдийн хувьд төрийн бодлогоор халамж үйлчилгээ үзүүлэх нь зайлшгүй. Тэр хэсгээ зөв оновчтой тодорхойлохоор манай нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар, ХАХНХ-ын яам бодлогоо чиглүүлэн ажиллаж байгаа.

-Одоо зохион байгуулж буй хүүхдийн чуулганд хүүхдүүд хэр идэвхтэй оролцож байна. Сүүлийн үед хүүхдийн эрх зөрчигдсөн хэргүүд гарч байгаа энэ үед хүүхэд рүү чиглэсэн ажлыг хэрхэн яаж идэвхжүүлэх шаардлагатай гэж яам үзэж байна вэ?

-Бид хүүхдийн үндэсний зөвлөгөөн, чуулганыг хоёр үе шаттай хийхээр төлөвлөж байна. Эхний өдөр хүүхдийн өөрийнх нь оролцоотой, хүүхэд хөгжлийн чуулганыг хийнэ. Энэ нь хүүхдийн хөгжил рүү хүүхдүүдийн өөрсдийн бодож, хүсч буй санаа бодлыг сонсох зорилготой.

Хоёр дахь өдөр нь хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр үүрэг хүлээсэн байгууллага иргэдийн оролцоотой чуулганыг хийнэ. Энэ нь хүүхдийн эрхийн зөрчил, хамгааллын чиглэлээр төрийн бодлого яаж тодорхойлох, ямар эрх зүйн зохицуулалт хийх  талаар гол асуудлуудаа ярина.

1996 онд батлагдсан хүүхдийн эрхийн тухай хууль нь мөн л тунхагийн шинжтэй.

Хүүхдийн эрхийн зөрчилтөй холбоотойгоор одоо үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн байгууллагууд түүний ажилчдыг буруутгах өнгө аяс давамгайлж байна. Гэтэл өнөөдөр энэ байгууллагуудын хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин байгаа билүү гээд аваад үзэхээр ямар ч тийм боломж байхгүй.

Хүүхдийн хөгжил рүү чиглэсэн эрх зүйн зохицуулалттай байдаг. 1996 онд батлагдсан хүүхдийн эрхийн тухай хууль нь мөн л тунхагийн шинжтэй. Улс оронд буй бодит амьдрал дээр хэрэгжиж үр дүнгээ өгч байгаа жишээ боломжуудыг судалж энэ хуульдаа тусгах нь зүйтэй гэж харж байна.

-Хүүхдийг өөрөө өөрөөр нь хүмүүжүүлэх гэдэг зүйл сүүлийн үед ихээхэн яригддаг болсон. Сургагч багш тамхины хор хөнөөлийг хүүхдээр дамжуулан эцэг эхэд нь таниулаад явж байх жишээтэй. Энэ үйл ажиллагаан дээр та хэр анхаарч байна вэ?

- Сайн муу орчин байх нь хамаагүй хүүхэд өөрөө хүмүүжлээ орчноосоо авдаг. Эргээд өөрөө хүүхэд орчиндоо нөлөөлж байдаг. Энэ харилцан нөлөөллийг бид маш сайн судлах хэрэгтэй. Энэ дээр болгоомжтой хандахгүй бол хүүхдийг хамаагүй зүйлд ашиглаад байх нь зөв зохистой зүйл мөн үү биш үү.

Хүүхдээр нь дамжуулж аав ээжийг нь архи тамхинаас гаргана гэдэг ч юм уу нэг талдаа тодорхой үр дүнтэй байж магадгүй ч нөгөө талдаа дахиад эрсдэл сөрөг зүйл үүсэхийг үгүйсгэхгүй. Тэнд маш болгоомжтой хандах ёстой. Насанд хүрэгчид ч хүүхэдтэй харьцахдаа болгоомжтой хандах хэрэгтэй.

-Өмнөх Засгийн газрын үед насжилтийн стратегийг боловсруулаад ахмад настны чанартай насжилтад анхаарч, тэтгэврийн насныхныг залуугаас нь бэлтгэх ёстой гэдэг ч юмуу ийм бодлого ярьдаг байсан. Тэр бодлого одоо хэр уламжлагдаж байна вэ?

-Хүн амын насжилтын нэн таатай үе буюу нийт хүн амын хувьд эзлэх хөдөлмөрийн насны хүмүүсийн тоо хамгийн дээд цэгтээ хүрсэн цаг үе л дээ. Гэхдээ энэ удаан үргэлжлэхгүй, 2025-2030 он гээд эргээд хөдөлмөрийн насны хүмүүсийн эзлэх хувь хэмжээ буурч эхэлнэ. Тэр хэмжээгээр халамж шаардах хүн амын эзлэх хувь хэмжээ өснө.

Тэгэхээр төрийн ачаа нэмэгдэнэ гэсэн үг. Ийм боломжтой цаг үеийг ашиглаад бид өнөөдөр нийгмийн хамгааллын бодлого, хуримтлал энэ зүйлүүдээ цаг алдалгүй яаралтай бэлдэж үүнд чиглэсэн зөв бодлого явуулах нь ирээдүйд бидэнд үр ашгаа өгнө.

-Тэтгэврийг 22 хувиар нэмэх асуудлаар?

-Ноднин 1995 оноос өмнө хойно тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийн зөрүүг арилгах хуулийг би санаачилж хэсэг нөхдийн хамт өргөн барьж батлуулсан. Үүний үр дүнд нийт 178 мянга орчим ахмадын тэтгэврийн зөрүү арилсан. Мөн цэргийнхэн болоод бусад хүмүүсийн тэтгэврийн зарим нэг асуудлыг шийдсэн.

Засгийн газар хуулиар жил бүр ахмад настны тэтгэврийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоох шийдвэр гаргах үүрэг хүлээж байгаа.

Өмнө нь Монгол Улсын Засгийн газар ахмадын тэтгэвэр тэтгэмжийг нэмэх, тэнцвэрийг өөрчлөх асуудлаар тодорхой хугацаанд үүрэг хүлээгээгүй. Улс төрийн зорилгоор ч юм уу ямар нэгэн тохиолдлоор тэтгэврийн нэмэгдлийн асуудлыг ярьдаг байсан.

Гэтэл ноднингийн хуулийн хоёрдугаар заалтаар “Жил бүр ахмад настны тэтгэврийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоох асуудлыг үндэсний статистикийн хороо, нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэж байна” гэж оруулсан.

Ингэснээр Засгийн газар хуулиар жил бүр албан ёсоор ахмад настны тэтгэврийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоох асуудлыг авч хэлэлцэх, шийдвэр гаргах үүрэг хүлээж байгаа. Хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу энэ жил асуудлыг судалж боловсруулаад нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд хүргүүлээд байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.