Гүйцэтгэл дээр үндэслэсэн систем хэрэгтэй
Хувийн томоохон аж ахуй нэгж хөдөлмөрийн үнэлэмжийг хэрхэн тогтоодог талаар сонирхлоо.
JDA компаний гүйцэтгэх захирал Майк Маршал:
- Хөдөлмөрийн үнэлэмжийг тогтоох хамгийн зөв арга нь мэргэжил, албан тушаал бүрт үндсэн цалин тогтоох, тухайн ажилтаны гүйцэтгэл дээр үндэслэсэн систем хэрэгтэй. Улс орон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох нь их чухал.
JDA компаний гүйцэтгэх захирал Майк Маршал, JDA компаний хүний нөөцийн ахлах зөвлөх Г.Хулан
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь иргэний эрх ашгийг хамгаалдаг давуу талтай. Бүтээмж дээр үндэслэсэн цалин үр бүтээлтэй ажилтаныг бий болгоно. Харин монгол улсын хувьд хөдөлмөрийн ялгаатай үнэлэмж нилээн байгаа нь харагддаг.
- Австрали улс хөдөлмөрийн үнэлэмжийг ямар зарчимаар тогтоодог бэ?
Австарли улс хөдөлмөрийн үнэлэмжийн урт удаан хугацаанд боловсруулсан нарийн системтэй. Ажлын түвшингээс шалтгаалсан цагийн болон үндсэн цалин олгодог.
Ихэнх байгууллага гүйцэтгэлээр цалингын нэмэгдэл олгох системийг нэвтрүүлсэн. Зөвхөн мөнгөн хэмжээгээр өөрийн ажилыг хардаг ажилтан байвал та буруу ажилтанаа авсан гэж хэлнэ. Учир нь ажилдаа сэтгэлгүй хандаж байгаагын илрэл болно.
Мэдээж мөнгө хүнийг ажиллуулж чаддаг зүйл. Тиймээс зөв зохицуулалт оновчтой удирдлага их чухал үүрэгтэй.
Шунхлай группын хүний нөөцийн газрын ахлах менежер Г.Заяасайхан:
Шунхлай группын хүний нөөцийн газрын ахлах менежер Г.Заяасайхан
- Тухайн хүний төлөвшил их чухал. Тухайн ажлыг хэр сайн хийх бэ гэдэгээр үнэлнэ. Шунхлай группын хүний нөөцийн үндсэн бодлого ажилтанг зөвхөн мөнгөөр үнэлэх биш, ур чадвараа дээшлүүлэх, боловсролын хөгжилд анхаардаг.
Ажилчдаа байнга хөгжүүлэх чиглэлээр мөнгөн бус урамшуулалыг нэвтрүүлж байгаа. харин хөдөлмөрийн үнэлэмжийн томоохон шалгуур бол бүтээмж, гүйцэтгэлийн үнэлгээ.
Ажлын жил эхлэхэд хийх зорилго зорилтыг тодорхойлж, салбарын онцлогоос шалтгаалан жилд 2-3 удаа үнэлэх зарчимтай. Мөн ур чадварын буюу мэргэжлийн чадвар, манлайлах, багаар ажиллах чадвар нь үнэлэмжинд нөлөөлнө
- Шунхлай группын хамгийн доод цалин хэд бэ?
Салбараас хамааран ялгаатай үнэлэгдэнэ. Ойролцоогоор доод цалин татвараас ангид 450 мянганаас эхэлнэ.
Хөдөлмөрийн төв биржийн дотоод хөдөлмөр зуучийн мэргэжилтэн С.Энхбаатар:
Хөдөлмөрийн төв биржийн дотоод хөдөлмөр зуучийн мэргэжилтэн С.Энхбаатар
- Хөдөлмөрийн биржид 23 мянган байгууллагын 10 мянга орчим нээлттэй ажлын байр бий. Сүүлийн үед уул уурхай салбарын ажлын байр багассан. Одоогоор санхүүгийн чиглэлийн, үйлчилгээний, барилгын ажлын байр зуны цагт байнгын эрэлттэй байгаа.
Барилгын компаниудын туслах ажилтан олдохгүй байна. уг нь өдрийн 30 мянган төгрөгийн үнэлгээтэй. Ерөнхийдөө залуусын ажил хийх идэвхи муу байна гэж дүгнэдэг.
Барилгын салбарыг голдог нэг шалтгаан нь баталгатай ажлын байр бус өдрөөр цалинжиж, нийгмийн даатгал төлдөггүй байдал нь залуусч итгэл төрүүлэхгүй байна.
- Нээлттэй зарлагдаж байгаа ажлын байрны хөдөлмөрийн хөлс дунджаар хэд байна.
Салбараас шалтгаалаад мэдээж их өөр. Уул уурхайн компаниуд сая гаран төгрөгийн дундаж цалин амлаж байхад, цахилгаанчин сая орчим, өндөр зэрэглэлийн сантехникч доод тал нь 600 мянган төгрөг, хамгийн багадаа угаагч 300 мянгаас эхэлж байгаа. Ажил олгогчид хүнийхээ ур чадварыг харж хөдөлмөрийн хөлсөө тогтоох нь их.