Мэндчилгээ
Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн «БИД ОРОЛЦЬЁ, ХӨГЖЬЕ» Хүүхдийн үндэсний чуулганы төлөөлөгч хүүхдүүд болон монголын нийт хүүхэд багачууд та бүхэндээ энэ өдрийн халуун мэндчилгээг дэвшүүлье.
Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ конвенци, ялангуяа НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцид 18 хүртэлх насны хүн бүр өөрийн эрх ашигт нөлөөлөх асуудлаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шийдвэр гаргах үйл явцад оролцох эрхтэйг л заан тунхагласан байдаг. НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос конвенцийн хэрэгжилтийн тайланг хянаж үзсэний үндсэн дээр 2010 онд Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжид нийгмийн бүхий л хүрээнд «Гэр, сургууль, орон нутаг, халамж асрамжийн байгууллага, шүүхийн болон захиргааны байгууллага»-ын шийдвэр гаргах үйл явцад хүүхдэд нөлөөлж буй бүх асуудалд хүүхдийн оролцоог хангаж, цаашид хүүхдийн үзэл бодлыг хүндэтгэх зарчмыг сахин, хэрэгжүүлж, дэмжих тал дээр хүчин чармайлт гаргахыг манай улсад зөвлөсөн юм.
Бид хүүхдийн өмнө учирч буй аливаа эрсдлийг бууруулах, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин нөхцлийг бүрдүүлэх асуудалд нийгмийн анхаарлыг хандуулж, хүүхэд, өсвөр үеийнхний дуу хоолойг сонсох, шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоог хангах, хүүхдүүдтэй хамтран ажиллах зорилгоор «Бид оролцъё, хөгжье» хүүхдийн үндэсний чуулганыг зохион байгуулж байна.
Хүүхэд эрхээ эдэлнэ гэдэг бол эрх ямбанд унбахын нэр биш эрүүл саруул, аюулгүй тайван, бүрэн дүүрэн хөгжиж бойжих суурь бүрдэхийн нэр билээ.
Хүүхэд эрхээ эдэлнэ гэдэг бол эрх ямбанд унбахын нэр биш эрүүл саруул, аюулгүй тайван, бүрэн дүүрэн хөгжиж бойжих суурь бүрдэхийн нэр билээ. Хүний эрхийг дээдэлсэн ардчилсан нийгмийг цогцлоон бататгахад аливаа асуудлыг олноороо хэлэлцэн, зөвшилцөх, эрх мэдлийг нийтийн сайн сайхны төлөө хамтаар хэрэгжүүлэх, мэдээллийг ил тод байлгах, бүрэн дүүрэн мэдээлэлтэйгээр шийдвэр хамтран гаргах зэрэгт багаасаа хэвших нь нэн чухал юм.
Хүүхдүүд та бүхэн Монгол ёс уламжлалаа мэддэг, ахас дээдсээ хүндэлдэг, хүмүүнлэг, өөрийнхээ эрхийг бусдын эрхээр хязгаарлаж чаддаг, зөвд зөөлөн, бурууд хатуу, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалдаг, шудрага журамтай «Зөв Монгол хүн» байхын тулд хүүхэд бүр өөрийн гэсэн хүсэл тэмүүлэлтэй, түүндээ хүрэх чин зорилготой, зорилго бүр нь амжилттай гэрэл гэгээ дүүрэн байх учиртай. Хүүхдийн хөгжлийн анхдагч орчин нь гэр бүл учраас хүүхдийг зөв хүмүүжүүлэх, хөгжүүлэх, тэднийг ирээдүйд сайн хүн болгон төлөвшүүлэхэд гэр бүлийн халуун, дулаан уур амьсгал, аав, ээжийн хайр энэрэл, үнэт сургааль, үүрэг хариуцлага хамгаас чухал.
Монгол орны өнцөг булан бүрт суугаа мянга мянган хүүхэд багачууддаа үргэлж инээд хөөр, баяр баясгалан, аз жаргалаар дүүрэн байхын ерөөл өргөе.
Төр, засгийн зүгээс ч хүүхэд, өсвөр үеийнхний хөгжил, хамгааллын асуудлыг гэр бүлд суурилсан хөгжлийн бодлогод тулгуурлан цогцоор нь авч үзэж байгаа бөгөөд Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтууд ч үүнд чиглэж байгаа юм. «Хүүхдийн өнөөдрийн оролцоо ирээдүйд хариуцлагатай иргэнийг бий болгоно» гэж үзэж, үүний төлөө зоригтой, бодитой алхам хийх шаардлагатай байгааг бид харж байна.
Даяаршиж буй нийгэмд Чингэс хаанаар овоглосон Монгол түмний үр сад дэлхий дахинд өөрийн оюун ухаан, мэдлэг чадвараараа гайхагдсан, хариуцлагатай иргэд болон төлөвшинө гэдэгт би итгэлтэй байна.
Монгол орны өнцөг булан бүрт суугаа мянга мянган хүүхэд багачууддаа үргэлж инээд хөөр, баяр баясгалан, аз жаргалаар дүүрэн байхын ерөөл өргөе.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮН АМЫН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД С.ЭРДЭНЭ